15 сая хүртэл төгрөг хандивлаж болно

2015 оны 12 сарын 29

-Нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая байсан бол шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулсан байна-

Бүтэн хоёр жилийн турш ажиллаж, гурван жил хэрүүл хийсэн Сонгуулийн тухай хуулийг УИХ гуравхан хоногт хэлэлцээд баталсан юм.

Сонгуулийн хуулиар орсон өөрчлөлтийн талаар хуулийн төсөл дээр ажилласан ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар хэвлэлийн бага өчигдөр хийсэн юм.

Тэдний тайлбарласнаас

-48:28 гэсэн тогтолцоо буюу 48 нь тойргоос, 28 нь намын жагсаалтаар сонгогддог тогтолцоог хэвээр үлдээжээ. Гэхдээ энэ удаад гарсан дэвшил нь сонгогч намын нэр дугуйлахдаа хүнээ харж сонголтоо хийх боломжтой болгосон явдал гэнэ. Өөрөөр хэлбэл, аль намаас ямар хүмүүс жагсаалтаар нэр дэвшсэн талаарх нэрсийн жагсаалт бүхий хуудсыг хэвлэж сонгогчдод тарааж өгөх аж:

-Мөнгөний зарцуулалтыг аль болох багасгах, улсын төсвөөс мөнгө хөрөнгө гаргахгүйн тулд нэр дэвшигчдийн сурталчилгааны плакат, зурагт хуудсыг гудамж, талбай дахь сурталчилгааны самбарт үнэ төлбөргүй тавих зохицуулалт хийжээ. Мөн нэр дэвшигчдэд өгөх хандивын хэмжээ өмнө нь иргэн 1 сая, хуулийн этгээд 3 сая байсан бол шинэ хуулиар иргэн 5 сая, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөгийн хандив өгч болохоор зохицуулсан байна. Нөгөө талаар намууд нь ихээхэн хэмжээний хандив өгсөн иргэн, хуулийн этгээдийн нэрийг ил тод байлгах үүргийг хуулиар хүлээхээр болж байгаа. Түүнчлэн сонгуульд нэр дэвшигч хувь хүн өөрөө хууль ёсоор олсон орлогоосоо сонгуульд зарцуулж, түүнийгээ тайлагнахаар болжээ.

Г.ГЭРЭЛ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна