ХҮН парламентад суудалтай боллоо

2015 оны 12 сарын 29

Жилийн өмнө байгуулагдсан Хөдөлмөрийн үндэсний намын нэр хүнд улс төрийн хүрээнд өссөөр байна. Учир нь тус намд шилдэг сео нар мөн нийгэм эдийн засгийн эрдэмтэд судлаачид элсч байгаа нь энэ намын нэр хүндийн нэг үнэлэмж билээ. Хүн дээд төвтэй үзэл бодлоо тунхаглаж, нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд идэвхтэй оролцож, парламентын гаднаас үгээ хэлж, өөрсдийнхөө байр суурийг бататгасаар байгаа Хөдөлмөрийн үндэсний намд УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон Богд хаант Монгол Улсыг байгуулсан баярын энэ өдөр бэлэгт морин цагт элсч, намын батлахаа гардаж авлаа.

С.Ганбаатарын өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн бие даасан ганцаарчилсан улс төр, үүгээр төгсч, тэрбээр Хөдөлмөрийн үндэсний намын залуустай нэгдэн парламентад суудалтай намын дуу хоолой болж үйл хэргээ үргэлжлүүлэх шийдсэн бололтой.

С.Ганбаатар нь удаа дараагийн судалгаагаар тэргүүлэх улс төрчдийн тоонд тогтмол багтаж байгаа бөгөөд, түүний араас нэр бүхий улс төрийн гишүүд ХҮН-д элсэнэ гэдэг яриа төрийн ордноор эрчимтэй яригдаж байгаа юм.

ХҮН-ын дарга С.Боргилын зүгээс нэр бүхий гишүүдэд урилга хүргүүлсэн гэдгээ үгүйсгэхгүй байгаа юм.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна