“Хүүхэд бүр бэлэгтэй байг” аян үргэлжлэв

2015 оны 12 сарын 29

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийг төгссөн оюутнууд “Хүүхэд бүр бэлэгтэй байг” аяныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус сургуулийг 2013-2015 онуудад англи хэлний орчуулагч мэргэлжээр суралцаж төгссөн “2-56” ангийн хамт олон энэхүү аяныг суралцаж байх хугацаандаа эхлүүлсэн байна. Тэдний хувьд энэ жил Баянзүрх, Сонгинохайрхан дүүргээс сонгосон зорилтот бүлгийн 15 айлын 40 хүүхдүүдэд эдгээр өдрүүдэд (X.28-29) бэлэг гардуулан өгчээ

Бид ХИС-ийн Эрдмийн сургуулийн төгсөгч “2-56” ангийн дарга Ч.Болорчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Юуны өмнө “Хүүхэд бүр бэлэгтэй байг” аяныг хийж буй та бүхэнд талархал илэрхийлье. Энэхүү аяныг яагаад хийх болсон бэ?

-Бидний хувьд энэ оны хавар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эрдмийн сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Оройн ангийн сургалтын хөтөлбөрийг сонгосон ч гэсэн бидний хувьд их зүйлийг сурч авсан. Мөн Хүмүүнлэгийн сургуульд сурч байгаагийн хувьд ямар нэгэн хүмүүнлэгийн ажил хийхийг хүсэж байлаа. Тэгээд суралцаж байх үеийн эхний жил буюу 2013 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүрэгт байрлах “МАННА” сайн дурын байгууллагын хүүхдүүдэд эрүүл мэндийн үзлэг хийж, бэлэг гардуулж байсан. Тухайн үед шуурхай төвийн 103-тай хамтран энэхүү хүмүүлэнгийн ажлыг эхлүүлсэн. Ингээд ангиараа ярилцаж байгаад энэхүү арга хэмжээг жил бүрийн 12 сард хийхээр болсон юм. Өнгөрсөн жил 10-аад айлын 30 хүүхэд, энэ жил 15 айлын 40 орчим хүүхдэд бэлэг өгч баярлууллаа.

Бид 10 жилийн дараа эргээд хүүхдүүдтэйгээ холбогдож, тэднээс улам их эрч, хүч энергийг авах байх. Зарим айлд очиход амьдралын боломжоос шалтгаалаад сургуульд сурч чадаагүй хүүхэд хүртэл байсан. Тиймээс бидний хувьд аянаа илүү үр дүнтэй бас хүүхдийн аз жаргал, хүсэл мөрөөдөлд дэм өгөх тийм ажлуудыг хийх болно.

-Ингэхэд та бүхэн айлаа хэрхэн сонгодог вэ? Бэлэг тараагаад явахад их олон газраар явсан байна?

-Айлуудыг сонгохын өмнө тухайн хорооны даргатай холбогдож байгаад мэдээллийг авдаг. Үнэхээр бэлэг очдоггүй, амьдралын боломж тааруу эсвэл бүтэн, хагас өнчин айлын хүүхдүүдийг сонгодог. Энэ жилийн хувьд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдээс айлаа сонгосон. Ангийн мөнгөн хуримтлал гэж байдаг. Энэ жил бид 40 бэлэг бэлдэж сонгосон айлуудад өчигдөр, өнөөдөр явж өгсөн байгаа. Бэлэг тарааж явахад их хугацаа шаарддаг. Гэхдээ энэ бол бидний эхлүүлсэн ажил учраас цаашид үүнийг жил бүр өргөжүүлэн хийх болно. Жил бүр энэ ажилд ангийнхан маань бүгд идэвхтэй оролцдог. Анх 20 хүүхэд баярлуулж байсан бол энэ тоо жил бүр өссөөр байна.

-Өмнө нь очиж байсан айлдаа дараа нь дахин очдог уу? Ирэх онд та бүхэн хүмүүнлэгийн ямар арга хэмжээг хийх вэ?

-Бид айлаа тухайн хорооны тодорхойлолтоор сонгодог гэж хэлсэн. Мөн найз нөхдөөсөө мэдээлэл авч туслахыг хүссэн айлдаа очдог. Бид өнгөрсөн жил зургаан хүүхэдтэй нэгэн айлд очсон. Гэтэл тэр айлын эзэгтэй  “хавдар” хэмээх аюулт өвчинтэй тэмцэж, биеийн байдал нь хүнд байсан юм. Энэ жил тэр айлаа зорин очтол нөгөө эгч маань маш сайхан эдгэсэн байсан. Хүүхдүүд нь ч биднийг хараад их сайхан хүлээж авсан. Жилийн өмнө очиход сэтгэлд нэг л хэцүү зүйл байсан бол өнөөдөр/12.29/ их сайхан гэрэл гэгээтэй угтаж байгаа нь сайхан санагдлаа. Энэ бүгдийг хараад бид бүхэн тэдэнд сэтгэлийн дэм, зориг тэвчээрийг бага ч болов өгөхийг хичээдэг. Бэлэг тараагаад явахад айлаа олохгүй үе ч гарна. Уулын орой дээр амьдардаг айлд очиж байлаа. Мэдээж бидний энэ ажил жил бүрийн оны сүүлээр үргэлжлээд явна. 10 жилийн дараа бид эргээд тэр хүүхдүүдтэйгээ холбогдож, тэднээс улам их эрч, хүч энергийг авах байх. Зарим айлд очиход амьдралын боломжоос шалтгаалаад сургуульд сурч чадаагүй хүүхэд хүртэл байсан. Тиймээс бидний хувьд аянаа илүү үр дүнтэй бас хүүхдийн аз жаргал, хүсэл мөрөөдөлд дэм өгөх тийм ажлуудыг хийх болно. Ирэх онд "2-56" гэсэн тодотголтой манай ангийн хувьд хүмүүнлэгийн ажлаа улам эрчимтэй хийнэ. Өөр бодсон зүйл ч байгаа. Энэ дашрамд сургуулиа төгссөн ч сэтгэлээрээ хамт байдаг ангийн 29 анддаа баярлаж байгаагаа хэлмээр байна.

Холбоотой мэдээлэл:

2014 он Эрдмийн сургуулийн оюутнууд хүүхдүүдэд бэлэг өглөө

2013 он ХУИС-ийн оюутнууд “МAHHA” сайн дурын байгууллагад туслав

С.ГЭРЭЛМАА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна