Иранаас газрын тос импортлох яриа

2015 оны 12 сарын 30

-Монгол далайд гарцгүй учраас газрын тосыг Хятадын компаниудаар дамжуулан тээвэрлэх ганц зам байгаа-

Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн долоо хоногт Иран улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалаас хамгийн их анхаарал татсан зүйл нь Гадаад хэргийн сайдын тус улсын Газрын тосны сайд Бижан Намдар Занганехтэй уулзаж, Монгол улс Иранаас газрын тос импортлох хүсэлтэй илэрхийлсэн явдал байв. Харин Монгол улсын газрын тос импортлох хүсэлтийн хариуд Ираны Газрын тосны сайд Бижан Занганех хэлэхдээ “танай манай хоёр улс газрын тосыг ямар замаар экспортлох гэрээгээ тохиролцвол газрын тос импортлоход татгалзах зүйлгүй. Монгол далайд гарцгүй учраас газрын тосыг Хятадын компаниудаар дамжуулан тээвэрлэх ганц зам байгаа” гэжээ. Ираны Газрын тосны сайд мөн газрын тосны салбарт туршлага хуваалцаж, богино хугацааны сургалт явуулахад бэлэн гэдгээ ч илэрхийлжээ. Уулзалтын үеэр Монгол улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн газрын тосны салбарт Монгол улс Ирантай хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.

Харин сайдыг ийм хүсэлт илэрхийлсний дараа “Монгол улс гайхуулаад байхгүй ч, гаднаас гуйхааргүй газрын тосны нөөцтэй”, “Боловсруулах үйлдвэрээ байгуулаагүй байж, газрын тос гаднаас гуйж яах гэж байгаа юм” гэсэн байр суурийг илэрхийлэх хүн цөөнгүй байна. 1996 онд Дорнод аймгаас гарсан газрын тосоор Монгол улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат дээлээ мялааснаас хойш хоёр жилийн дараа 1998 онд Монголд газрын тос олборлож эхэлсэн юм. Түүнээс хойш Монгол улсад нийт 10.58 сая баррель газрын тос олборлосноос 9.89 сая баррель газрын тосыг Хятадын боловсруулах үйлдвэр рүү тээвэрлэсэн гэж газрын тосны хайгуулын ПетроМатад компанийн албан ёсны вэб сайтад бичсэн байна. Мөн тус сайтад бичсэнээр Монгол улс 2010 онд 272 сая тонн нөөцтэй нь тогтоогдсон ордыг бүртгүүлж, анх удаа газрын тос олборлогч орон болсон юм. Монгол улс шатахуун, нефтийн бүтээгдэхүүний эрэлтээ 100 хувь гаднаас хангадаг, өөрөөр хэлбэл, 100 хувь импортолдог улс. Шатахууны дотоодын хэрэглээ өдөрт дунджаар 22,000 баррель (жилд 1.055 сая тонн). Харин энэ жилийн шатахууны дотоодын хэрэглээ 1.5 сая тонн болж өссөн гэж шинжээчид үзэж байна.

Харин Ираны тухайд цөмийн хөтөлбөрийн улмаас олон жилийн эдийн засгийн хорионд байж, газрын тосны экспортоо зогсоогоод байсан. Өнгөрч буй 2015 онд цөмийн асуудлаарх Ираны яриа хэлцээ үр дүнд хүрч хориг цуцлагдан Иран газрын тосны салбартаа эргэн ирэх үүд хаалга нээгдсэн юм. АНУ, ОХУ, БНХАУ, ХБНГУ, Франц, Их Британи гэсэн зуучлагч зургаан оронтой “Цогц үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөө” нэртэй хэлэлцээрийг амжилттай байгуулсны хариуд АНУ болон Европын холбоо Ираны эсрэг авсан газрын тосны хоригоо цуцлахаар болсон юм. Ираны эсрэг тавьсан АНУ-ын газрын тосны хориг цуцлагдахад нэгэн цагт газрын тосны хамгийн том нийлүүлэгчийн нэг байсан энэ улс дахин Ази, Европын худалдан авагчдад өдөрт дор хаяж 400,000 баррель газрын тос нийлүүлэх боломжтой гэж гэж Олон улсын эрчим хүчний агентлаг өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлсэн. Европын Холбоо 2012 онд Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцэн, нефтийн экспортод хориг тавьж, газрын тос импортлохоо зогсоосон юм. Харин АНУ 1980-аад оны сүүлчээс хойш Иранаас газрын тос худалдаж аваагүй билээ. ОПЕК-ийн газрын тос үйлдвэрлэгч орнуудаас Саудын Арабын дараа хоёрдугаарт бичигддэг байсан Иран хориг тавигдсаны дараа алдсан зах зээл, орон зайгаа дахин эзлэхээр төлөвлөж байгаа билээ.

Ираны Газрын тосны сайд Бижан Занганех хориг тавигдвал алдсан зах зээл, орон зайгаа эргүүлэн олж авахад Иранд ердөө хэдхэн сар хангалттай хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр цааш нь Иран газрын тосны олборлолтоо өсгөхийн тулд олон улсын газрын тосны компаниудад хаалгаа хурдан нээх болно гэж мэдэгдсэн. Иран улс одоогийн байдлаар өдөрт 1.2 сая баррель газрын тос олборлож байгаа бөгөөд хориг тавигдвал олборлолт өдөр 2.3 сая болж нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа юм. Дэлхийн зах зээлд нэг баррель брент маркийн газрын тос 37 ам.доллар байна. Зах зээлийн шинжээчид нэг баррель газрын тосны үнэ ямар ч байсан ойрын хугацаанд 50 ам.доллараас дээш гарахгүй гэж таамаглаж байгаа юм. Учир нь, зах зээлд газрын тосны нийлүүлэлтийн илүүдэл их байгаа бөгөөд баррель газрын тос 90-100 ам.долларт хүрч байсан урьдын цаг ирэхэд дахин хэдэн жил хүлээх хэрэгтэй гэж газрын тосны магнатууд ярьж байна.

Харамсалтай нь энэ жилжингээ уруудсан газрын тосны үнэ монголчууд бидний амьдралд огтхон ч нөлөөлөөгүй. Учир нь, ганц нийлүүлэгч болох оросуудтай бид үнэ өндөр савалж байх үед удаан хугацааны үнэ тогтвортой байлгах гэрээ байгуулсан учраас яах ч аргагүй дэлхийн зах зээлийн үнээс өндрөөр худалдан авсаар байгаа юм. Газрын тосны нийлүүлэлтийг ганц биш олон эх сурвалжтай болгоно гэж ярьсаар байгаа. Хэрвээ Ирантай эхлүүлсэн яриа хэлцээ амжилттай өндөрлөж, бид өөр нэг нийлүүлэгчтэй болбол үр ашиг нь хэрэглэгчдэд ч ашигтайгаар тусна.  

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна