Бурхан гэж байдаггүй

2015 оны 12 сарын 30

NEWS агентлаг салбар салбарын мэргэжилтэн, шинжээчидтэй хамтран ажиллаж, тэдний дуу хоолойг хүргэдэг. Эдний нэг нь философийн ухааны доктор Б.Батчулуун юм. Бид энэ намар түүнтэй хамтран “Либертари булан” нээж нийт арав гаруй цувралыг хүргэсэн. Энэ удаа философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран дараагийн булан болох “Философийн булан”-г нээж байна. Энэ буланд философи гэж юу вэ, үүнийг хүмүүс хэрхэн ойлгодог вэ зэрэг сэдвийг хөндөнө. Долоо хоногийн Лхагва гариг бүр хүрэх “Философийн булан”-г та сонирхон уншаарай.


 

(Бүхнийг мэдэж, чадаж, бүхнээс сайн байх бололцоогүй)

Энд, Бурхан гэж зөвхөн Буддын шашинд яригддаг утгаар биш, англиар “The God”, оросоор “Бог” гэдэг тэр утгаар ярьж буйгаа тодотгох хэрэгтэй болов уу. Тэгэхгүй бол ойлголтын зөрүү гарахаас гадна, зарим нь ухамсартайгаар мушгин гуйвуулах, софизм хэрэглэх гээд байдаг юм. Мөн шүтлэгийн анхны олдворууд, анимизм, тотемизм, фетишизм, монотеизм, политеизм, сүм хийд, лам нар гэж юу болох, шашны зан үйл-жүжиглэл, бөө-мөргөл, Монголд анх буддизм яаж орж ирсэн, Пагва лам, Абдай сайн хаан гэх мэт түүх, археологи, психологи, социологийн эмпирик баримтуудын талаар ярихгүй, зөвхөн философи утгаар ярина гэдгээ эртхэн тодорхой хэлчихвэл зарим хүмүүсийн цагийг хэмнэхэд хэрэгтэй.

 

Хэрэв бурхан гэж байдаг бол ямар зүйл байх ёстой вэ?

Бурхан гэж байдаг байлаа ч бид яагаад түүнийг шүтэх ёстой гэж?  Хариулт нь тун энгийн. Бурхан маань бидэн лугаа мэдлэг, чадвар, бидэн шиг сайн, муу санаатай бол түүнийг нэг их шүтээд байхгүй. Бид өөрсөд шигээ энгийн, ердийн (natural, естественный) зүйлийг шүтдэггүй. Ер бусын (supernatural; сверхестественный) зүйл байж л бидэнд шүтэгдэж, биднийг араасаа дагуулна. Товчхондоо давхар гарчганд нэрлэгдсэн шиг “хамгаас хүчтэй”, “хамгаас ухаантай”, “хамгаас сайхан сэтгэлт” нэгэн байх ёстой.

Тэгвэл тийм аугаа зүйлийг яахаараа өчүүхэн дорой хүмүүнээр төлөөлүүлдэг юм бэ? Ер нь түүнийг ямар нэг юмаар төлөөлүүлж болох юм уу? Хүнд хүн л сайхан санагддаг учраас хүнээр төлөөлүүлж л дээ. Христ, буддын сүм хийдүүд бүгд л бурхныг хүнээр дүрслэх болсон.

 

Бурхан хүнийг биш, хүн бурхныг өөрийнхөө дүрээр бүтээжээ.”

Үнэндээ, бурхан гэж Бүхнийг мэдэгч, Бүхнийг чадагч, Бүхнээс сайн тийм аугаа зүйл юм бол түүнийг ертөнцийн их хуй дунд бөхөж мөхөж байдаг зул шиг өчүүхэн амьтан болох хүнээр дүрслэх нь доромжлол. Дундад зууны христэч-философич Гэгээн Ансэльмын хэлснээр “түүнээс аугаа зүйл байж болно хэмээн төсөөлөх ч аргагүй зүйл” болох бурхныг өчүүхэн дорой амьтан болох хүнээр (Христ, Будда гэх мэт) бэлгэдэх нь доромж хэрэг.

Хүн гэдэг бодгаль тун хачин хэлбэр дүрстэй. Нүүрэн дээр нь “хамар” гээд нэг юм илүү гарчихсан, “чих” гэж нэрлэгдсэн хоёр зүйл толгойных нь хоёр талд зүүлттэй, “нүд”, “ам” гээд онгорхой хар нүхнүүд. Заримынх нь нүүрээр “үс” ургачихсан. Биеийнх нь хоёр талд “гар” хэмээх урт зүйлс санжганана, “хөл” гээд нэг юман дээрээ тогтож явах бөгөөд тэр нь олигтой ч хурдлахгүй. Тэгээд зогсохгүй, нүүр царайгаа байгаагаас нь өөр болгож будаж шунхадна, хувцас гээд нэг юм өмсөх (бүгд илүү ч үгүй, дутуу ч үгүй адил бие махбодтой атлаа нүцгэн биеэ нэгэндээ үзүүлэхээс учиргүй ичнэ) бөгөөд түүгээрээ хоорондоо өрсөлдөхийг нь яана. Ийм нэгэн бодгалийг сайн сайхан гэхэд нэг л боломгүй. Ийм бодгалиар бурхныг дүрслэх нь зөв гэж үү!?

* * *

Эртний Грекийн философич Ксенофан., Ойролцоогоор ХТӨ 570-475? онд амьдарч байсан. Сократын шавь. Калофэнын Ксенофан хэмээн философийн түүхэнд нэрлэгддэг. Тэрээр “Бурхан хүнийг биш, хүн бурхныг өөрийнхөө дүрээр бүтээсэн” гэсэн хэлц үгийг анх гаргажээ. Түүнийхээр, морь хэрэв зурж чаддагсан бол бурхныг мориор, хонь бол хониор дүрслэх байсан.

* * *

Үнэхээр, Бурхан гэж тийм аугаа зүйл байх аваас ямар зүйл байх бол? Бидний мэдэх орон зай, цаг хугацааны ойлголтоос чанагуухи зүйл байж таарна. Тэр бол биет зүйл биш, түүний талаар ярихад орон зайн ойлголт утгагүй: микро, макро, мега, гурвалжин, дөрвөлжин гэх зэрэг ойлголт огтоос хамаагүй. Бурхныг ямар ч бодитой оршигч материаллаг объекттой адилтгаж болохгүй. Тодорхой нэг объекттой адилтгах юм бол бөө-мөргөл шиг юм болно. Бидэн шиг эхлэл, төгсгөлтэй юм уу насан эцэслэдэг зүйл биш. Бурхан үүсээгүй, үхэхгүй, мөнх зүйл учраас түүнд бидний мэдэх цаг хугацааны ойлголт ч хамаарахгүй.


Бурханд шинж тэмдэг байдаггүй. Маймонид Мозе (1135-1204 он. Испанийн жүүд эмч, хуульч, шашны зүтгэлтэн)


Теологи бол антропологи мөн. Л.А.Фейербах (1804-1872 он. Германы философич)]

Сайхан муухайн талаарх хүмүүний эстетик (гоо зүй) болон сайн муугийн талаарх этикийн (ёс зүйн) ойлголтууд ч үйлчлэхгүй. Тэр бол сайхны сайхан, сайны сайн, тийм л “төгс зүйл” байх ёстой.

 

Бурхан бүхнийг мэдэж, бүхнийг чаддаг гэж үү?

Бурхан бүх зүйлийг мэдэх үү? Мэднэ. Тэгвэл борооны дусал, цасан ширхэг бүрийн хаана унахыг хүртэл мэдэх үү? Мэдэхгүй бол бүхнийг мэддэг гэдэг худал.

Бурхан бүхнийг чадах уу? Чадна. Тэгвэл “өөрийнхөө дааж үл чадах чулууг бүтээж чадах уу?” Чадна гэвэл түүнд чадахгүй зүйл байдаг аж (Өөрөөр хэлбэл, түүний дааж чадахааргүй чулуу байх болно). Чадахгүй гэвэл бас л бүхнийг чадна гэдэг нь худал болж байна.

Ертөнц дээрх бүх зүйл Бурхны бүтээл юм бол өвчин зовлон, дайн дажин, буг чөтгөр ч бас түүний бүтээл байж таарна. Ийм зүйлсийг бүтээсэн юм бол бүхнээс сайн гэдэг нь худал болж таарах нь. Бурхан яагаад ийм зүйлсийг бүтээв?

Гэгээн Августин муу-муухай юмс үзэгдлийг Бурхны бүтээл гэсэн санааг их эсэргүүцсэн. Тэгвэл ертөнц дээр бурхны дур хүслээс гадуур бүтээгдсэн зүйл, эсвэл бурхны бүтээгээгүй зүйл бас байдаг байх нь. Ямар сайндаа л Ницще “Бурхан үхчихсэн” гэж зарлахав дээ.

Энэ мэтчилэн бурханд үл итгэгсэд, бурхныг эсэргүүцэгчид (атеистууд) сэтгэдэг оюун ухааны үр дүн болж гарч ирдэг.

 

Бурхантай “тангараг тасрагсад”

Хоёрдмол үнэн

Бурхантай тэрсэлдсэн санаа гаргагчид анх туйлын “аймхай”, “ичимхий” байдалтай байлаа. Тийм байхаас ч аргагүй байсан биз. Шашны шүүх-инквизацийнхан шууд л амьдаар нь гал дээр шардаг байлаа шүү дээ. Дунс Скотт (Шотландын философич, шашны зүтгэлтэн, 1266-1308 он), Уилъям Оккам (Английн философич, шашны зүтгэлтэн, улс төрийн сэтгэгч. 1285-1347 он) нар “хоёрдмол үнэний” онолоо маш даруу байдлаар гаргаж тавив. Энэ онолоор бурхан-шашны үнэнээс гадна шинжлэх ухаан-танин мэдэхүйн үнэн байж болно гэснээрээ Бурхны ганц үнэний эсрэг санааг “бүрэг” байдлаар гаргасан хэрэг.

Пантеизм

“Бүх юм Бурхан” хэмээх энэ онолыг үндэслэсэн хүн бол Холландын жүүд философич Б.Спиноз (1632-1677 он) юм. Пан (бүгд) теос (бурхан) гэсэн үгнүүдээс энэ нэр томьёо үүсэлтэй. “Бүх юм Бурхан” гэсэн сургаалд бурхныг зөвшөөрсөн гэхээсээ үгүйсгэсэн утга их байдаг. Оршин буй зүйлсээс тусдаа бурхан гэж үгүй юм бол үнэндээ, бурхан гэж үгүй юм байна гэсэн гаргалгаанд хүргэдэг. Спиноз Бурхан гэсэн үгийг цаанаа байгаль гэсэн утгаар хэрэглэсэн байдаг. Шашныхан анхандаа Бурхан гэсэн үгэнд нь хууртагдаж байсан боловч яваандаа цаад утгыг нь ойлгоод Спинозыг мөрдөж хавчиж эхэлсэн юм.

Шинжлэх ухааныхан

Өөрсдийн нээлтээр Бурхны оршихуйг бололцоогүй болгож улмаар шашны шүүхийнхэнд тамлуулж, шатаалгаж байсан Ж.Бруно, Галилей, Сервет, Коперник нарын тухай нийтээр мэдэх билээ.

Ницще: “Бурхан үхчихсэн”. Ницще санваартан хүний хүү атлаа Бурханд хамгийн тэрслүү зан гаргасан юм. Тэрээр Заратустра ийн хэлсэн юм (1883-92 он) хэмээх бүтээлдээ Бурхныг нас барсан хэмээн зарласан. Хожим 1940-50-иад онд Английн нэгэн сүмийн ширээт лам Ф.Коплестон “Ницще бурхныг үхчихсэн гээд байсан гэтэл одоо мань эр өөрөө үхчихсэн, харин Бурхан амьд байсаар байна” гэжээ (Коплестоны талаар Бурхныг оршихуйн талаар үндэслэгээ гаргагчдын тухай өгүүлэх дараагийн нийтлэлд дэлгэрэнгүй  авч үзье). Коплестон Ницщег нас барсны дараа энэ үгээ хэлсэн юм. Хэрэв Ницще амьд байсан бол юу хэлэх байсан бол ...


Герман-Швейцарын философич, зохиолч, экзистенциализмыг үндэслэгчдийн нэг Фридрих Ницще. 1844-1900 он.

Өрнийн сэтгэлгээн дэх хамгийн учир битүүлэг, зөрчилтэй, бас тэгээд аугаа сэтгэгч. Түүний эгч Элизабет Ницщегийн философийг нацизмын философи болгоход их нөлөө үзүүлсэн. Бичсэн зүйлийг нь засаж өөрчлөн Эрх мэдэлд тэмүүлэх хүсэл гэсэн нэртэй ном болгон гаргажээ. Үүнээс үүдээд Ницщег фашизмын зөнч хэмээн үзэх болсон. Фройдын хэлснээр Ницще бол “урьд амьдарч байсан, магадгүй, хойшид гарах хүмүүсийн хэнээс нь ч илүү өөрийгөө танин мэдсэн хүн”. Амьдралынхаа сүүлийн 10 жилд маш их алдаршсан. Гэхдээ өөрийгөө ингэж алдаршсаныг мэдээгүй. Учир нь энэ үедээ хүнд өвчний улмаас ухаан санаа нь самуурдаг болсон байжээ. Зарим судлаач түүнийг “Бурхан үхчихсэн” гэдэг илэрхийллээрээ шашны төдийгүй христэч ёс зүйн эсрэг боссон хэмээдэг. Тэрээр христийн үнэт зүйлсийг үгүйсгэснээрээ “амьдралыг хараажээ”.

Ницщегийнхээр хүн бол амьтан, супер хүн хоёрын хооронд татагдсан олс аж. Ницще “эмгэнэл” хэмээх феноменийг (үзэгдлийг) маш нарийвчлан судалсан философич. Хатуу анти-феминист үзэлтэй. “Эмэгтэй хүн бол эр хүний хувийн өмч” гэж шууд зарлагч. Тэрээр дэлхийн суут хөгжмийн зохиолч Вагнертэй маш дотно үерхдэг байснаа шашинлаг үзлээс нь болж харилцаагаа тасалсан гэдэг.


Б.Рассэль: “Бурхан байх логик үндэслэл алга”

Бэртран Рассэль. (1872-1970 он). Нобелийн шагналтан. Английн философич, логикч, математикч, нийгмийн ёс зүйч, нийгмийн зүтгэлтэн. Удам залгасан “Сэр” хэргэмтэй боловч түүнийгээ зочид буудал захиалахад л хэрэг болдог гуншин хэмээн хошигнон өгүүлдэг байв. Төр-засгийнхаа бодлогыг эсэргүүцсэний улмаас Англи, АНУ-ын Их, дээд сургуулиудад багшлах эрхээ хүртэл хасуулж байсан. Дэлхийд бэстсэллэр болсон Өрнийн философийн түүх, Математикийн зарчмууд гээд олон бүтээлтэй.


1948 онд Бэртран Рассэль, тэр үед залуухан ширээт лам (мөн философич, философийн түүхч) Фредерик Коплестон нарын хооронд Би Би Си-гийн радиогоор Бурхан байдаг эсэх талаар маргаан явагдсан. Энэ үед Рассэль 70 гарсан, Коплестон 30 орчим настай байсан гэдэг. Өрнийн ертөнцийг шуугиулсан маргаан явагдаж, албан ёсоор ялагчийг тодруулаагүй боловч маргааны логикоор хөөн нягтлаад Рассэлийг ялсан хэмээн үздэг. 

* * *

Бидний 4 хүн Б.Рассэлийн энэ номыг “Монсудар” компанийн захиалгаар 2007 онд англиас орчуулж гаргасан билээ.

* * *

Рассэль дэлхийд бэстсэллэр болсон олон бүтээл туурвиснаас гадна бурхны тухай асуудлаар Би яагаад шүтлэггүй вэ? хэмээх цуврал эссэ бичсэн. Бурхны эсрэг барьдаг түүний үндсэн санаа “Бурхан гэж байдаг бол бүхнийг чаддаг, бүхнээс сайхан сэтгэлт нэгэн байх ёстой” гээд цааш няцаалтаа гаргахдаа “Яагаад бүхнийг чадах юм бол энэ дэлхий дээрх дайн дажин, өвчин зовлон, хорон муу санаатнууд гээд муу-муухайг арилгахгүй байна вэ? Хүч нь хүрэхгүй байгаа бол бүхнээс хүчтэй биш, хүч хүрэх атлаа хүсэхгүй байвал бүхнээс энэрэнгүй сайхан сэтгэлтэй болох нь худал” гэв.

Б.Рассэлийн цуврал эссэнд онцолбол зохих нэг чухал санаа байдаг нь шинжлэх ухааны үндэс болсон мэдлэг, шашны үндэс болсон бишрэл хэмээх хоёр үзэгдлийн эсрэг тэсрэг шинж, энэ хоёр урвуу пропорциональ харьцаатай феноменууд болохыг харуулсан явдал юм.

* * *

Фридрих К.Коплестон (1907-1994 он) Английн ширээт лам, философич, философийн түүхч. Рассэльтай хийсэн маргаанаараа олон түмэнд ихэд танигдсан.

* * *

Бурхан байдаггүй юм бол хүн төрөлхтөн яагаад хэдэн мянганы турш түүнийг шүтэн биширсээр ирэв. Хүмүүний ухаан, мэдлэг дутмаг, доройгоос болж ингэдэг гэж нэг л боломгүй. И.Ньютон, Ф.Гаусс гээд гайхамшигт сэтгэгчид насан туршдаа атеист явсан атлаа насныхаа эцэст Бурхны оршихуйд итгэдэг болсон шүү дээ. Ингээд Бурхны оршихуйг хамгаалдаг сэтгэгчдийн үндэслэлийг дараагийн 7 хоногт гарах нийтлэлээс сонирхоно уу.

 


 


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД:

1. “Гахайнд л философи хэрэггүй” гэдэг сэн

2. Бурхан гэж байдаггүй

3. “Бурхан амьд, харин Ницще үхчихсэн”

4. Хүн хариултаараа биш асуултаараа танигддаг

5. Болхидуу сэтгэлгээг л үгээр илэрхийлж болдог

6. “Галзуурчихсан Сократ”

7. Философийн тухай философидолт

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна