Путин, Трамп хоёрын алдартай байгааг тайлбарлажээ

2015 оны 12 сарын 30

-Оросууд, америкчуудын аль алинд нь хүчтэй лидер хэрэгтэй байгаа учраас энэ хоёр хүнийг илт дэмжиж байна-

 

АНУ-ын Клемсоны Их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны доцент Стивен Миллер ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгчид БНН-аас нэр дэвшигч Дональд Трамп нар яагаад олны дэмжлэгийг ихээр хүлээж байна вэ гэсэн асуултад хариулахыг зорьжээ. Сүүлийн хоёр жилийн турш Владимир Путины рейтинг 80-90 хувьд байгааг судалгаа харуулдаг, харин тэрбумтан Дональд Трамп улс төрийн ямар ч туршлагагүй боловч АНУ-ын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн цагаасаа хойш бусад нэр дэвшигчдээсээ рейтингээрээ илт давуу байгаа юм.

 

 

Стивен Миллер энэ үзэгдлийг оросууд, америкчууд аль алинд нь хүчтэй лидер хэрэгтэй байгаа учраас энэ хоёр хүнийг илт дэмжиж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай Вашингтон Пост сонин бичжээ. Улс оронд нь ямар нэг аюул заналхийлж байгаа, мөн эдийн засгийн хувьд тогтворгүй байгаа учраас иргэд энэ бүхнээс хамгаалах, аврах хүчтэй хувь хүнээр удирдуулахыг хүсч байна гэсэн гаргалгааг хийж байгаа аж.

 

"Улс оронд гаднаас ямар нэг зүйл заналхийлэхэд цаг алдаж алгуурлалгүй, шуурхай арга хэмжээ авч чаддаг удирдагчийг ард түмэн хүсэмжилдэг. Мөн аюулгүй, амар амгалан амьдрахад нь ямар нэг зүйл саад болж байгаа бол энэ бүхнийг зайлуулж чадах, аюулгүй байдлыг нь хангаж чадах лидерийг хүмүүс хүсдэг” гэж Миллер үзэж байна.

 

Дэлхийн үнэт зүйлийн судалгаа гэсэн төслийн үзүүлэлтүүдийг судалсаны эцэст нэн ялангуяа газар нутагт нь аюул занал учирсан үед иргэд удирдагчаа илүү ихээр дэмждэг гэж дүгнэсэн байна. Тухайлбал, Энэтхэг-Пакистаны хооронд Кашмирийн бүс нутгийн төлөө газар нутгийн маргаан үргэлжилсэн 2006-2014 оны хооронд хүчтэй лидерийг хүсэх энэтхэгчүүдийн хүсэл 59.7 хувь болтлоо өсчээ.

 

 

Яг энэ шалтгааны улмаас оросууд Путиныг ихээр дэмжиж байна гэж Миллер тайлбарлаж байна. “Хөрш Украинд байдал тогтворгүй байгаа нь Оросын газар нутагт ямар нэг хэмжээгээр занал учруулж байгаа. Севастопольд Оросын тэнгисийн цэргийн бааз байгаа, мөн Крымд орос үндэстнүүд олноор оршин суудаг, мөн Украин бол өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан зэрэг хүчин зүйлс нь оросуудад түгшүүр төрүүлж байгаа” хэмээн Миллер үзэж байна.

 

Харин Трампын хувьд америкчууд түүнийг зөвхөн терроризмын аюул болон дүрвэгсдийн асуудлаас гадна эдийн засгийн асуудлаас болж дэмжиж байна. Инфляц өсч, ажилгүйдэл нэмэгдэн, орлогын тэгш бус байдал газар авахад хүчтэй удирдагчийг хүсэх иргэдийн хүсэл нэмэгддэг гэдэгт улс төр судлаач Миллер итгэлтэй байна.

 

"Зах зээлийн эдийн засаг эргэлзээ дагуулж, зөвхөн америкчуудыг төдийгүй дэлхийн хүн амын дийлэнхийг хүнд байдалд оруулж байна. Нөхцөл байдал өмнө байснаасаа муудаж байгааг хүмүүс ойлгож байна. Энэ нь тэдний өдөр тутмын амьдралд нөлөөлж байна. Гэхдээ хүмүүс тэднийг хамгаалж, тэдний төлөө санаа тавихыг амалж байгаа хэн нэгэнд итгэхийг хүсч, тэр хүндээ илүү их эрх мэдлийг өгөхийг хүсч байна” хэмээн Миллер дүгнэжээ.

 

Бэлтгэсэн А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна