Өөр өнгө

2015 оны 12 сарын 30

Мэдээллийн “NEWS” агентлаг 2015 оны "Оны хүн"-ээр УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга Зандаахүүгийн Энхболдыг нэрлэж байна.

“NEWS” агентлаг 2004 оноос эхлэн “Оны хүн”-ийг тодруулж ирсэн уламжлалтай. Гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь тухайн жилдээ олны анхаарлын төвд байж шуугиан тарьсан, олон нийтэд нөлөөлсөн эрхмүүдийг онцолдог энэ шалгаруулалт сайнаар ч саараар ч хэлүүлж, шүүмжлэл дагуулж, хүлээлт үүсгэж байсан хүмүүсийг нэрлэдгээрээ онцлог.

Зандаахүүгийн Энхболд 1996 оны сонгуулиас хойш олны танил болсон. Ардчилсан холбоо Эвсэл анх удаа төрийн эрх барихад  шинээр байгуулагдсан Төрийн өмчийн хороог даргалсан. Монголын төр анх удаа өмчөө тоолж бүртгэж,  эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжихэд зарчмын ач холбогдолтой олон ажил хийснийг гарцаагүй энэ хүнтэй холбоно. Түүхийн хуудсыг эргүүлэн сөхвөл “Эрдэнэтийн вант улс”-ын халдашгүй хэрмийг нураасан, төрийн өмчийн том компаниудыг олон жил “зайдалсан” захирлуудаас нь салгасан зэрэг тухайн үедээ хүлээгдэж байсан зоригтой алхмууд ч түүнийх. Нийгмийн сэхээлэг хэсэг үүнийг алга ташин дэмжиж байсан. Харин өнөөдөр төрийн өмчит компаниудад юу болж байгаа вэ гэдэг нь тусдаа бөгөөд эмгэнэлтэй асуудал.

Бас нэг дурдахгүй өнгөрч болохгүй зүйл бол Ж.Наранцацралтын Засгийн газрыг Ардчилсан эвсэл өөрсдөө унагахад гол хөзөр болсон ОХУ-д илгээсэн захидал гэх ажиллагааны гол автор З.Энхболд гэдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн хувийг зарахыг оросуудад зөвшөөрсөн захидал Ерөнхий сайд бичсэнийг Төрийн өмчийн хорооны дарга илрүүлсэн шуугиан Ж.Наранцацралтын танхимыг чөлөөнд гаргасан. Тэр юун захидал байгаад улсад ямар хор хохирол учруулсан талаар хэн ч эргэж санадаггүйг бодоход ганц удаа ашиглах “бөмбөг” байсан бололтой. Тэгэхээр тэр ээдрээтэй улс төрд эртнээс орооцолдсон нэгэн. Тэр хэрээрээ хашир суусан гэж найдъя.

Ардчилсан намынхны 2000 оноос хойшхи тасралтгүй ялагдлын үед З.Энхболд хамгийн нугарашгүй улстөрч байсан. Хүйтэн логик, хуулийн мэдлэг, зөв үнэлэмж, эр зориг нь мөнхийн эрх баригчдын эсрэг тэмцэлд олон хүнийг зоригжуулдаг байв. Товчхондоо Ардчилсан нам сөрөг хүчин байх үед хамгийн сайнаар өөрийгөө харуулсан лидер. Харин эрх баригч болоод гаргасан зарим авир нь дэмжиж явсан хэсгээ шооконд оруулсан. Парламентын сөрөг хүчнийг үйл ажиллагаа явуулахад нь хууль ашиглан саад болох, намынхаа Засгийн газрыг унагахад гар бие оролцох, гүйцэтгэх засаглалын ажилд хутгалдан орж, тушаал шийдвэрийг нь гацаах, хэвлэл мэдээлэлд цензур тавихыг оролдох зэрэг нь түүнийг ардчилагч биш  дарангуйлагч гэгдэхэд хүргэсэн нь харамсалтай. Гэхдээ хэлснээ хийдэг зан, зарчимч хатуу байр суурь, даалгаж өгсөн ажлаа яс шалгадаг чанар нь түүнийг өнөөдрийн улс төрийн “өөр өнгө” болгон харагдуулж байна. Энэ эрхмийг онцлон “Оны хүн” болгосон шалтгаан ч бас түүний хэлснээ хийдэг зарчимтай холбоотой. Монголоор дүүрэн их мэдэгчид хүссэнээрээ дүрэмгүй тоглож, нийгэмд хаос нүүрлэсэн энэ үед түүн шиг “өөр өнгө” хэрэгтэй байна.  

Ардчилсан намын гол давуу тал гэгдэж байсан дотоод ардчилал нь эцэс сүүлдээ бие биенээ намнах хэрэгсэл боллоо. Эрх ашгаараа нэгдсэн фракциудын тэмцэл нь энэ намыг дотроос нь хөнөөх гол аюул болоод зогсохгүй улсын эрх ашигт харшилсан хүнд үед З.Энхболд Ардчилсан намыг толгойлж байна. Намын даргын хувьд хийсэн  хамгийн найдлага дагуулсан мэдэгдэл нь фракциудыг үгүй болгох амлалт. Үүний эхлэл болгон Бодлогын зөвлөлөө дахин сэргээсэн. “Намын гишүүд эрх ашгаараа биш мэргэжлээрээ фракцлах болно” хэмээн мэдэгдсэн. Бодсоноо хийдгээ удаа дараа нотолсон хүн учраас мэргэжлээрээ фракцалсан Ардчилсан нам бий болно хэмээн олон хүн найдаж байна. Ингэж чадвал улс орноо хөлдөө чирсэн улс төрийн хэрүүл цаашилж, бүх зүйл зөв голидролдоо орно. Ингэж чадвал Зандаахүүгийн Энхболдод дараагийн том захиалгыг нийгэм өгөх болно. Энэ бол “фракцгүй” Монгол. Нэг эрх ашигтай, нэг зорилготой, нэг ирээдүйтэй нэгдсэн Монгол өнөөдөр алга. Эрх мэдэлтнийг дагалдагч, хэн нэгнийг санхүүжүүлэгчид  газар авсан, эрдэм чадвар, хүн ёс уланд гишгэгдсэн, хэн хэнийхээ булхайг мэдэгчид нэгнээ барьцаалан албан тушаалд хүрдэг гажуудсан тогтолцоо Монголд ноёрхож байна. Тиймээс Монголын нийгэмд эрх ашгийн бус “мэргэжлийн фракц”  амин чухал хэрэгтэй байна. Тэр амалсан ёсоороо Ардчилсан намыг фракцгүй болгож чадвал,  дараагийн алхам нь “фракцгүй Монгол” болно. Зөв зорилгын төлөө “том” дуугарч чадвал “өөр өнгийг” дэмжих нийгмийн сэтгэл зүй бэлэн байна.  
 
“NEWS” агентлаг өмнөх жилүүдийн “Оны хүн”-ээр сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж, өндөг шиг эмзэг анхны Эвслийн Засгийн газрыг тэргүүлж байсан өдгөөгийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, сумогийн ертөнцөд монголчуудын алдрыг дахин цууриатуулсан их аварга Хакухо М.Даваажаргал, тухайн үеийн МАХН-ын дарга Ерөнхий сайд  М.Энхболд, намынхаа нэрийг солих түүхэн шийдвэр гаргасан МАХН-ын дарга Сү.Батболд, Монгол Улсын баатар Э. Бат-Үүл, Монгол поп урсгалыг санаачлан, рок попынхны дундаас, магадгүй урлагийн ертөнцөд хамгийн залуудаа Төрийн соёрхол хүртсэн дуучин Д.Болд, УИХ-ын гишүүнээсээ татгалзах санал гаргаж шуугиулсан эрхэм гишүүн Р.Амаржаргал, оюуны спортын их мастер Б.Мөнгөнтуул нарыг тодруулж байсан билээ.
 

NEWS агентлаг

NEWS агентлагийн "ОНЫ ХҮН"-ий мэдээллийг ЭНД дарж харна уу.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна