НҮБ-ын 70 жилийн ой тохиов

2015 оны 12 сарын 30

 

Өнгөрч буй 2015 оны дэлхийн онцлох гол үйл явдлын нэг бол НҮБ-ын 70 жилийн ой байлаа

 

1941-1945 он: НҮБ-ыг үүсгэн байгуулав (НҮБ фото)

 

70 жилийн ойг өнгөрсөн зургадугаар сараас хойш соёл урлагийн арга хэмжээний хүрээнд тэмдэглэж, дүрмийг баталсан аравдугаар сарын 24-нд дэлхий нийтээр НҮБ-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. НҮБ-ын ойн өдөр дэлхийн 90 гаруй орны түүхийн дурсгалт, улсын бэлгэдэл болсон 350 гаруй барилга байгууламжийг цэнхэр өнгөөр гэрэлтүүлжээ.

 

 

Дэлхийн II дайны сүүлийн жил буюу 1945 оны дөрөвдүгээр сарын 25-аас зургадугаар сарын 26-ны хооронд Сан-Франциско хотноо 50 орны төлөөлөгчид цуглан хуралдаж, энх тайвныг дэмжин, илүү сайхан дэлхийг бий болгохыг зорилго дор Нэгдсэн үндэсний байгууллагыг үүсгэн байгуулах тунхгийг баталсан юм. НҮБ-ыг байгуулах саналыг Хятад, Зөвлөлт холбоот улс, Их Британи, АНУ хамтран гаргажээ. Эдгээр орон Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнууд болсон юм. Монгол Улс НҮБ-д 1961 онд элссэн.

 

1945 он Сан-Франциско хот

 

НҮБ нь энхийг сахиулах, зөрчлөөс сэргийлэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зэргээр олон тооны агентлаг, сан, төсөл хөтөлбөрийнхөө дагуу дэлхийн өнцөг булан бүрд хүрч ажилладаг. Гэхдээ НҮБ-д үндсэн дөрвөн зорилго байдаг нь дэлхий дахинд энх тайвныг хадгалах, улс орнуудын хооронд нөхөрлөл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улс хамтдаа ядуурал, өлсгөлөн, өвчин тахалтай тэмцэж, бичиг үсэг тайлагдах, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэхэд дэмжин ажиллах, эдгээр зорилгод хүрэхийн тулд улс бүр үйл ажиллагаандаа анхаарах зэрэг аж.

 

1946-1955 он: Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлав. (НҮБ фото)

 

НҮБ-ын төв байр АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн нэгдүгээр өргөн чөлөөний 44-46 дугаар гудамжид байрладаг. Нийт 69 мянган га газрыг нь тухайн үед 8.5 сая ам.доллараар авч байсан гэдэг. Харин Монгол улс 1964 онд одоогийн Суурин төлөөлөгчийн газрын зургаан давхар байрыг худалдан авсан ажээ.

 

Нью-Йорк хот НҮБ-ын төв байр

 

Өдгөө НҮБ нь Ерөнхий ассамблейн хурлаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх 193 гишүүн оронтой хамгийн том олон улсын байгууллага болсон байна. НҮБ нь Ерөнхий ассамблей, Аюулгүйн зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Ажлын алба, Олон улсын шүүх үндсэн таван байгууллагатай.

 

НҮБ-ыг үүсгэн байгуулах гишүүн орнуудын хуралдаан

 

Үүнээс гадна НҮБ-ын нь 30 гаруй салбар байгууллага, хөтөлбөр, сан, тусгай агентлагаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг албан бусаар “НҮБ-ын гэр бүл” гэх бөгөөд тус бүрдээ гишүүн орнуудтай, удирдлага, төсөвтэй байдаг. Эдгээр нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд зөвлөл /UNHCR/, НҮБ-ын Хүнсний хөтөлбөр /WFP/, НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /UNODC/, НҮБ-ын Хүн амын сан /UNFPA/, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр /UNEP/, НҮБ-ын нийгмийн халамжийн бүлгийн болон ажил агентлаг (UNRWA), НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага /UN Women/, НҮБ-ын Хүн амын суурьшлын хөтөлбөр /UN-Habitat/, НҮБ-ын тусгай агентлагууд /UN Specialized Agencies/, Дэлхийн банк /World bank/, Олон улсын валютын сан /IMF/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /UNESCO/, Олон улсын хөдөлмөрийн байгууллага /ILO/, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /FAO/, Хөдөө аж ахуйн хөгжлийн төлөөх олон улсын сан /IFAD/, Олон улсын далайн байгууллага /IMO/, Дэлхийн цаг уурын байгууллага /WMO/, Дэлхийн оюуны өмчийн байгууллага /WIPO/, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/, Олон улсын харилцаа холбооны байгууллага /ITU/, НҮБ-ын үйлдвэр хөгжлийн байгууллага /UNIDO/, дэлхийн шуудангийн холбоо /UPU/, Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /UNWTO/ зэрэг юм.

 

1956-1965 он: НҮБ-ын анхны энхийг сахиулах ажиллагаа /UNEF/ (НҮБ фото)

 

НҮБ нь өнгөрсөн 70 жилийн хугацаанд дэлхийн зөрчил мөргөлдөөний халуун цэгүүдэд энхийг сахиулах болон ажиглалтын 69 ажиллагаа явуулж, энх тайван аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэжээ. Өдгөө олон улсад 16 энхийг сахиулах ажиллагаа үргэлжилж, 120 орны 125 мянган цэрэг үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. НҮБ-ын зуучлал болон НҮБ-ын дэмжлэгтэй гуравдагч орны санаачилгын ачаар 1990-ээд оноос хойш олон тооны зөрчил мөргөлдөөнийг зогсоожээ. Үүнд Сьерра-Леоне, Либери, Бурунди, Хойд болон Өмнөд Судан, Балба улсыг нэрлэж болно.

 

 

1998 оноос эхлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газраас зохион байгуулдаг цэргийн ажиглагчийн дамжаанд монгол офицеруудыг сургаж эхэлсэн. 1999 оны долдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас тогтоол баталсны дагуу цэргүүдийг сайн дурын үндсэн дээр сонгон шалгаруулж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж эхэлжээ.

 

Мөн Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (IAEA) гэх цөмийн зааварлагч байгууллагын тусламжтайгаар өнгөрсөн 50 жилд цөмийн эрчим хүчнийг энхийн зориулалтаар ашиглахад хяналт тавьж иржээ. Хамгийн сүүлд энэ онд Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг баталснаар Ойрхи-Дорнодын тогтвортой байдлын эсрэг нэгэн том аюулаас сэргийлж чадахаар болсон юм.

 

Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээг баталсны дараа

 

Үүний зэрэгцээ химийн зэвсгийг хориглох конвенц /190 орон гишүүнчлэлтэй/, мина ашиглахыг хориглох конвенц /162 орон гишүүнчлэлтэй/, зэвсгийн худалдааны гэрээг /69 орон багтсан/ баталж, үй олноор хөнөөх зэвсгийн эсрэг арга хэмжээ авч ажилласан байна. Мөн өнгөрсөн онд Сири химийн зэвсгийг хориглох конвенцэд нэгдэж, тус улс дахь нөөцийг устгах ажиллагааг явуулсан билээ.

 

химийн зэвсгийг хориглох байгууллагын мэргэжилтнүүд

 

Түүнчлэн терроризмтой тэмцэхэд улс орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлж 2006 онд анх удаа олон улсын стратегийг баталжээ. Ерөнхийдөө НҮБ-ын өнгөрсөн 70 жилийн ажлыг дүгнэвэл хүн төрөлхтний энх тайвны төлөө, хүний эрх, эхийн эрүүл мэндийг дэмжиж, ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, дүрвэгсдэд болон тусламж хэрэгтэй хүмүүст гараа сунгаж, хүн бүр суурь боловсрол эзэмших, хүүхэд бүр вакцинжуулалтад хамрагдахад анхаарч, олон улсыг цөмийн зэвсэглэлээс татгалзахыг уриалж, зөрчил, мөргөлдөөнөөс сэргийлэн ажиллажээ.

 

Б.АНХТУЯА

 

НҮБ-ыг үүсгэн байгуулах хуралдааны үеэр

 

1966-1975 он: Стокгольм НҮБ-ын Байгаль орчны бага хурал

 

1976-1985 он: НҮБ-ын эмэгтэйчүүдийн 10 жилийг зарлав (НҮБ фото/ гэрэл зургийг Милтон Грант)

 

/1986-1995 он/ Олон улсын эрүүгийн шүүхэд хуучин Югославын дайны гэмт хэргийг шүүн хэлэлцжээ. (НҮБ фото/Графман)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна