Оюутны шилдэг тамирчдыг 22 дахь жилдээ шалгаруулав

2015 оны 12 сарын 30

Монголын Оюутны Спортын Холбоо (МОСХ) уламжлал ёсоор 1993 оноос эхлэн жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг бөгөөд энэ онд 22 дахь удаагаа 2015 оны шилдэг оюутан тамирчдаа шалгаруулах ёслолыг 12 дугаар сарын 28-ны өдөр Спортын төв ордонд зохион байгууллаа. Шагналыг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан, МОСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан нар гардуулан баяр хүргэлээ.

ШИЛДЭГ ОЮУТАН ТАМИРЧИН

Энхтайваны Даваахүү- Буудлагын олон улсын хэмжээний мастер

БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны 7 дугаар сарын 03-15-ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн оюутны зуны спортын 28 дугаар Универсиад их наадмын буудлагын спортын 10м хийн гар бууны ганцаарчилсан төрөлд алтан медаль, эрэгтэй 10 м хийн гар бууны багийн төрөлд О.Төгөлдөр, Э.Бадамгарав нарын хамт өрсөлдөн өөрийн баг дотроо өндөр оноо авч мөнгөн медаль, 50 м гар бууны багийн төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтаар 2015 оны шилдэг оюутан тамирчинаар шалгарлаа.

Доржсүрэнгийн Сумъяа–Жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер

БНСУ-ын Гванжу хотноо 2015 оны 7 дугаар сарын 03-15-ны өдрүүдэд зохиогдсон Дэлхийн оюутны зуны спортын 28 дугаар Универсиад их наадмын жүдо бөхийн 57 кг-ийн жинд нийт 29 бөх барилдсанаас 1 дүгээр тойрогт БНСУ-ын бөх Ж.Кимийг юүкогоор, 2 дугаар тойрогтоо АНУ-ын бөх Р.Оливерийг вазари үнэлгээгээр, 3 дугаар тойрогтоо Францын бөх А.Гуихурийг вазаригаар ялж хэсгийн аваргын төлөө Японы бөх А.Яамамотог торгуулиар ялан, аваргын алтан медалийн төлөө барилдааныг Хорват улсын бөх А.Бекичийг цэвэр ялан Универсиад наадмын алтан медалийн эзэн болсон амжилтаараа 2015 оны шилдэг оюутны тамирчинаар шалгарууллаа.

Алтанзулын Алтансүх–Дугуйн спортын олон улсын хэмжээний мастер

БНСУ-ын Чан Неон хотноо 2015 оны 7 сарын 22-26-ны өдрүүдэд зохиогдсон Азийн оюутны аварга шалгаруулах дугуйн анхдугаар тэмцээний цуваа гараатай уралдаанд 09'16"41 цагийн үзүүлэлтээр тэргүүн байрыг эзлэн алтан медаль хүртэж Монгол улсаас дугйн төрлөөр анхны Ази тивийн оюутны аварга тамирчин болсонбөөн гараатай 116 км зайн уралдаанд 2:40'32"35 цагаар 3 байрт шалгаран хүрэл медаль хүртсэн амжилтаар оны шилдэг оюутан тамирчинаар шалгарч байна.

Ийнхүү МОСХ хуучин оноо үдэн 2015 оны амжилт ололтоо дүгнэлээ. Тус холбоо 2015 онд Монголын оюутны спортын “Универсиад” их наадмыг спортын 13 төрлөөр зохион байгуулж оюутны эрдэм шинжилгээний хурлыг наадмын хүрээнд явуулан нийслэл, орон нутгийн 37 их, дээд сургууль, коллежийн 2585 оюутан тамирчид хамрагдан хурд, хүчээ сорин өрсөлдсөн бол БНСУ-ын Гванжу хотод болсон дэлхийн “Универсиад” их наадамд 12 спортын төрөлд 160 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчдыг оролцуулан 2 алтан медаль, 1 мөнгөн медаль, 2 хүрэл медаль хүртэн 137 орноос нэгдсэн дүнгээр 24 дүгээр байранд шалгарчээ. Мөн Азийн оюутны аварга шалгаруулах дугуйн тэмцээнд 3 алтан медаль, 1 мөнгөн медөль, 3 хүрэл медаль, 3 х 3 сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг мөнгөн медаль, шатрын төрөлд багаараа хүрэл медаль хүртэн өндөр амжилт гаргасан.

Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн XVII дугаар бүсийн “Универсиад” их наадам Завхан аймгийн төв Улиастай хотноо 2015 оны 09 сарын 25-29-ны өдрүүдэд спортын 6, урлагийн 6 төрлөөр, зохион байгуулан наадмын хүрээнд эрдэм шинжилгээний хурлыг явуулсан.

Монголын оюутан тамирчид 1965 онд Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” IV дүгээр их наадамд оролцож эхэлсний түүхт 50 жилийн ойн жил тохиож байгаагаараа чухал онцлоготой боллоо гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна