Ирц бүрдэхгүй байна

2015 оны 12 сарын 30

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч одоо хэр нь эхлээгүй байна. Гишүүд танхимд цуглахгүй байгаа юм.

Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан ч ирцгүйгээс цуцлагдаж болзошгүй байна. Тус байнгын хороо хуралдвал Монгол Улс нь Бүгд найрамдах Габон улс, Сент Люси улс, Бүгд найрамдах Нигер улс, Бүгд найрамдах Камерун улс, Маршаллын Арлуудын Бүгд найрамдах улстай тус бүр дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм. Дээрх орнууд нь НҮБ-ын гишүүн орон хэдий ч Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоогүй байгаа ажээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна