“2015 оны Онцлох 10 Энтрепренер”-ийн нэгээр шалгарлаа

2015 оны 12 сарын 30

Мобиком Корпораци Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шалгаруулсан “2015 оны Онцлох 10 Энтрепренер”–ийн нэгээр шалгарлаа

 

2015 оны 12 дугаар сарын 30, Улаанбаатар хот – Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын үүрэн холбооны ууган бөгөөд манлайлагч оператор Мобиком Корпорацийн 2015 онд улсын төсөвт оруулсан хувь нэмэр, амжилт бүтээлийг үнэлж, Монгол Улсын “2015 оны Онцлох 10 Энтрепренер”-ийн нэгээр шалгаруулсныг мэдэгдэхэд таатай байна.

“Мобиком Корпорацийн Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжил, харилцаа холбооны салбарт оруулж буй жинтэй хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас үнэлж 2015 оны “2015 оны Онцлох 10 Энтрепренер”-ийн нэгээр шалгаруулсан нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Мобиком Корпораци 2015 онд нийт 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах чиглэлд оруулсан бөгөөд цаашид ч мөн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ” хэмээн Мобиком Корпорацийн Гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй онцолсон юм.

Мобиком Корпораци нь хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, дэлхийн харилцаа холбооны салбарын хамгийн дэвшилтэт технологи, үйлчилгээг Монгол Улсдаа нутагшуулахын төлөө өндөр хүчин чармайлт гарган ажилладаг билээ. Мөн хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах, хамгийн найдвартай өргөн сүлжээг бий болгоход онцгой анхааран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. 2015 онд бид орон даяар 180 шинэ бааз станц суурилуулж, харилцаа холбооны дараагийн эрин үе болох 4G LTE-г нэвтрүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Ирэх 2016 онд дахин 250 бааз станц шинээр суурилуулахаар төлөвлөөд байгаа ба ингэснээр энэ хоёр жилийн хугацаанд Мобиком Корпорацийн өнгөрсөн 20 жилийн турш суурилуулсан бааз станцын 50 хувьтай тэнцэх томоохон техникийн өргөтгөлийг хийж дуусгах юм.

Мобиком Корпораци нь Олон улсын Чанарын удирдлагын менежментийн ISO 9001:2008, Олон улсын Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын ISO 27001:2005 стандартуудыг дахин баталгаажуулсан, Монгол Улсын цорын ганц харилцаа холбооны оператор компани юм.

2015 онд бид нийгмийн хариуцлагын чиглэлээр томоохон амжилт гаргаж нийт 7 аймгийн 16 сумдын ЕБС-иудад орчин үеийн цэвэршүүлэх төхөөрөмж бүхий, халуун хүйтэн устай ариун цэврийн байгууламж барьж өгсөн билээ. Мөн Хүүхдийн тусламжийн утас 108 төслийн 2 дугаар шатыг амжилттай дуусгаж, Онцгой Байдлын Ерөнхий Газрын ой хээрийн гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг сайжруулах чиглэлээр хандив тусламж өгсөн. Цаашид Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурах орчныг эрүүл байлгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах болно.    

Бидний нөр их амжилтын гол үндэс нь манай нийт хэрэглэгчид байдаг бөгөөд он удаан жилийн турш хамтдаа хөгжсөн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Мобиком Корпораци ХХК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна