Гвиней улс Эболагийн тархалтыг зогсоов

2015 оны 12 сарын 30

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Гвиней улсад Эбола вирусын халдварт өвчний тархалт зогссоныг мэдэгдсэн байна. Хоёр жилийн өмнө Эбола вирусын халдвар гарч байсан Гвиней улсад одоо халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

 

Төв Африкийн орнуудад дэгдсэн Эбола вирусын халдвар өнгөрсөн жил хөрш Либер, Сьерра Леон зэрэг улсуудад тархсан билээ. Либер улс ирэх нэгдүгээр сард вирусын халдварыг бүрмөсөн устгахад ойрхон байгаа юм. Эбола вирусын халдвар тархсан төв Африкийн гуравдахь улс Сьерра Леон өнгөрсөн арваннэгдүгээр сард халдвараас бүрмөсөн ангижирснаа мэдэгдсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр сүүлийн 21 хоногт уг агаар, амьсгалын замаар халдварладаг вирусаар халдварласан тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна.

 

“Хоёр жилийн өмнө энэ вирусын халдвар асар богино хугацаанд тархсан.  Халдварын голомт болж байсан Африкийн гурван улсад вирусын халдварын тохиолдол анх удаа шинээр бүртгэдсэнгүй” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Африкийг хариуцсан захирал Мацидисо Мойти хэлсэн байна.

 

Гэсэн хэдий ч шинжээчид халдвар авсан хүн гарч болзошгүй гэж анхааруулж буй юм. Өнгөрсөн хугацаанд дэлхий даяар Эбола вирусын халдвар авсан 11,300 хүн нас барсан юм. Гвиней улс Эбола вирусын халдварыг зогсоосноо тэмдэглэж, нийслэл хотдоо баярын концерт зохиожээ.

 

Тус улс өнөөдрөөс эхлэн 90 хоногийн турш Эбола вирусын халдварын тандалт явуулах юм байна.

 

Гвиней улс нь вирусын халдвар тархсан гурван орон дундаас халдварын тохиолдол хамгийн цөөн гарсан нь боловч дэд бүтэц хөгжөөгүй, эрүүл мэндийн систем муугаас болж халдварын тархалтыг богино хугацаанд зогсоож чадаагүй билээ.

 

Эбола вирусын халдвар 2013 оны арванхоёрдугаар сард анх бүртгэгдэж, хэд хэдэн хүн амиа алдсан ч 2014 оны гуравдугаар сараас улам газар авч, Либер, Сьерра Леонд тархсан юм. 2014 оны зургадугаар сард Эбола вирусын халдварын тархалт хяналтаас гарч, хамгийн олон хүн нас барсан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас олон улсын хэмжээнд түгшүүр зарласан билээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна