2015 оны шинжлэх ухааны шилдэг зургууд

2015 оны 12 сарын 30

«Удаан амьдарч, цэцэглэ»

Гэрэл зургийг: @AstroTerry

 

Харь гаригийн, гэхдээ дэлхийн хүн Спокын дүрийг “Оддын зам” (Star Trek) цувралд бүтээсэн жүжигчин Леонард Нимойн үхэлд олон хүн харамслаа. Спокийн мэндчилгээний энэ дохиог Нимойн эх орон Массачусетс мужийн сансрын зурагтай авсан энэ зургийг астронавт Терри Виртс Твиттертээ тавьсан байв.

 

Нарны бүтэн хиртэлт

Гэрэл зургийг: Jon Olav Nesvold / NTB scanpix / Reuters

 

Гуравдугаар сарын 20-нд нар бүтэн хиртлээ. Гэхдээ бүтэн хиртэлтийг Фарерын арлууд ба Шпицбергений оршин суугчид л харсан юм.

 

ОУСС ба «Оддын дайн»

Зургийг: NASA

 

Олон улсын сансрын станцын 45 дахь аяны (есдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 11, 2015 он) албан ёсны зурагт хуудсыг “Оддын дайн” киноны шинэ цувралын стилиэр хийжээ.

 

Микрофото

Гэрэл зургийг: Ralph Grimm / Nikon’s Small World

 

Багваахай цэцгийн тоос бал цуглуулдаг зөгийн нүдэнд ингэж харагддаг байна. Энэ зураг нь 1975 оноос хойш тогмол зохиож байгаа Nikon Small World шинжлэх ухааны гэрэл зургийн уралдааны тэргүүн байрт шалгарчээ.

 

Бээжингийн замын түгжрэл

Гэрэл зургийг: Fawan

 

2015 онд нисгэгчгүй нисэх аппаратууд ихээхэн шуугиан тарив. Энэ аппаратаар шоронд мансууруулах бодис хүргэж, VIP хүмүүсийн аюулгүй байдалд заналхийлэх болсон гэж үзээд АНУ-д нисгэгчгүй аппарат бүрийг бүртгүүлж байх хууль гарав. Нисгэгчгүй аппартаас авсан Бээжин хотын замын түгжрэлийн зургийг аравдугаар сард авчээ.

 

Хүнгүй буудал

Гэрэл зургийг: h-n-h.jp

 

Зөвхөн робртуудад зориулсан зочид буудал долдугаар сард Японд нээгдэв. Зочид буудлын эзэд өөрийн буудлаа “огт хүнгүй буудал” гэж хэлдэг.

 

Сүүлт од 67P

Зургийг: ESA

 

Өнгөрсөн онд астрофизикчид сүүлт одыг судалсаар байв. 67P (Чурюмов-Герасименко) сүүлт од дээр Philae гэх буух төхөөрөмжийг арваннэгдүгээр сард буулгав. Энэ сансрын биетийн гадаргын химийн болон механик шинж, бүтэц зэргийг цуглуулсан цуврал материал Science сэтгүүлд хэвлэгджээ. 2004 онд хөөргөсөн гариг хоорондын автомат Rosetta станц нарыг 6,5 жилд нэг удаа тойрдог 67Р сүүлт од руу хүрч Philae төхөөрөмжийг түүн дээр буулгажээ. Төхөөрөмж 57 цаг тасралтгүй ажиллаад нарны гэрэл дутагдалтай учир нөөц эрчим хүчээрээ ажиллажээ.

 

Памбагар мөс

Гэрэл зургийг: Christian Mätzler / European Geosciences Union

 

Үсэрхэг мөс гэдэг нь илжирч буй мод дээр мөөгөнцрийн тусламжтайгаар үүсдэг гэж долдугаар сард герман, швейцари эрдэмтэд тогтоожээ. Мөсны талст нь хөрсний усыг сорон ургадаг ба мөөгөнцөрүүд тэдэнд хэлбэрээ хадгалан жижиг талстуудыг нь томруулахгүй байхад нь тусладаг гэнэ.

 

Ахмед Мохамедын сэрүүлэгтэй цаг

Зургийг: Irving Police Department

 

АНУ-ын Техасын дунд сургуулийн сурагч Ахмед Мохамед өөрийн хийсэн сэрүүлэгтэй цагийг сургууль дээрээ авчирсны дараа баригдан байцаагджээ. Багш нарт түүний цаг сэжигтэй санагдсан учраас цагдаад мэдэгдсэн байна. Сургуулийн багш, удирдлагын энэ “айдсыг” хэвлэлүүд шүүмжлэн бичиж байлаа. Ахмедийг НҮБ, Цагаан ордонд урьсан ба дараа нь тэрбээр Катарт цагаачлан гараад сургуулиасаа нэн сая ам.доллар нэхэмжлэн шүүхэд хандаад байгаа юм.

 

Их Нууруудын «Титаник»

Гэрэл зургийг: U.S. Coast Guard Air Station Traverse City

 

Дөрөвдүгээр сард Мичиган нуурын мөс хайлан, замаг ногоо нь ургаж амжаагүй үеэр 1917 онд живсэн “Мандах нар” уурын хөлөг онгоцны хэсгийг онгоцны нисгэгчид олж харжээ.

 

Атакама цөл цэцэглэв

Гэрэл зургийг: Mario Ruiz / EPA

 

Хойд Америкт аюултай шуурга, үер, хөрсний гулсалт авчирдаг Нялх хүү буюу Эль-Ниньо гэх ер бусын үзэгдэл Чилийн эргийн Атакама гэх дэлхийн хамгийн хуурай цөлд хур авчран түүнийг цэцэглүүлэв. Номхон далайн экваторын хэсгийн усны гадаргын хэмийн хэлбэлзлийг үүсгэн зүүн тийш халуун урсгалыг явуулдаг Эль-Ниньо 2015 онд Атакама цөлд ихээхэн тунадас бэлэглэлээ.

 

Дэлхийн ван гариг

Гэрэл зургийг: NASA / JHUAPL / SwRI

 

Одон орны гол үйл явдал нь New Horizons гэх гариг хоорондын станц долдугаар сарын 14-15-нд Дэлхийн ван гаригийн хажуугаар нисэн өнгөрсөн хэрэг боллоо. Дэлхийн хүмүүс нарны аймгийн хамгийн алсын гаригийг үзэж чадав.

 

Хойд туйлын туяа сансрын станцаас

Гэрэл зургийг: Scott Kelly / Instagram

 

Олон улсын сансрын станцынхан энэ онд олон гоё зураг авчээ. Тэдний нэг болох Хойд туйлын туяаны зургийн астронавт Скотт Келли олонд танилцууллаа.

 

Бархасбадь гаригийн том улаан толбо

Зургийг: NASA

 

Том улаан туяа нь уг гаригийн агаар мандлын асар том шуурга юм. Шуурганы урт нь 24-40 мянган километр, өргөн нь 12-14 километр. Сансрын Hubble дурангийн авсан зургуудаар Бархасбадийн газрын зургийг NASA аравдугаар сард нийтэд танилцуулав. Эрдэмтэд улаан толбоны хэмжээ багасч, илүү дугуй хэлбэрт шилжиж байгааг тогтоосон байна.

 

Гүрвэлийн цус

Гэрэл зургийг: Susie Maidment / Imperial College London

 

Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн яснаас цусны улаан бөөм, коллагений утсыг санагдуулахаар бүтцийг эрдэмтэд нээлээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна