Жимсний борлуулалт тааруу байна

2015 оны 12 сарын 30

Шинэ он солигдох өдөр ойртож, иргэд баярын үдэштэй бэлдэж эхэлжээ. Аливаа юмыг цагийг нь тулгаж хийдэг монголчууд энэ удаад ч шинэ жилийн баярын ширээний зоогтоо өчигдрөөс санаа тавьж эхэлсэн байна. Ингэхдээ арай үнэ хямд, сонголт өргөнтэй худалдааны төвүүдийг иргэд зорьж байна. Тухайлбал “Барс” худалдааны төв өнөөдөр баяртаа анхаарсан иргэдийн хөлд дарагджээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад тус захын хүнсний ногоо, жимс жимсгэнийн үнэ нэмэгдээгүй байгаа. Гэхдээ зах зээл дахь мөнгөний нийлүүлэлт багассантай холбоотой борлуулалт хангалтгүй байна гэж худалдаачид ярилаа.

Эсрэгээрээ иргэд жимсний бүтээгдэхүүнүүд эрэлт ихтэй ч, үнэ нь нэмэгдсэн байна гэсэн тайлбарыг хийлээ. “Барс” захад худалдаалагдаж буй жимс, жимсгэнийн дундаж үнэ 2500-15000 төгрөгийн ханштай байна. Тодруулбал нэг килограмм усан үзэм 5000-10000 төгрөг, мандарин 6000-8000 төгрөг, орос лийр 5000 төгрөг, польш алим 3500-6000 төгрөг, киви 8000 төгрөгийн үнэтэй байх юм. Харин хүнсний ногооны тухайд Монгол төмс нэг килограмм нь 600-900 төгрөг, Монгол сонгино 2500 төгрөг, лууван, байцаа, манжин 1000-1500 төгрөгийн ханштай байна. Хамгийн их эрэлттэй ногоо төмс, сонгино болжээ.

Эрэлтээ дагаад эрсдэлтэй буюу хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан хүнсний бараа, бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхаарууллаа. Иймээс иргэд та бүхэн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалах хугацаа дуусаагүй эсэхийг шалгах, сав, баглаа, боодлын бүрэн бүтэн байдлыг анхаарах шаардлагатай юм. Хэрэв хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, сав, баглаа, боодол нь урагдаж гэмтсэн, лаазалсан бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсөн, дарахад хотлолцох болоод хиам, өндөг, нарийн боов, зууш зэрэг түргэн мууддаг бүтээгдэхүүнийг хөргүүргүй, ил задгай борлуулж байвал худалдан авахгүй, мэргэжлийн байгууллагат хандахыг улсын байцаагчид зөвлөж байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна