Хямралын хэрэг

2015 оны 12 сарын 30

Хямралын үед гэмт хэрэг ихэсдэг гэдгийг судлаачид хэзээний тогтоожээ. Нэг ёсондоо энэ нь бичигдээгүй хууль юмсанж. Учир нь, эдийн засаг унаж, иргэд хямралтай нүүр тулахад аяндаа нийгмийн сэтгэл зүй дагаж хямран тогтворгүй болж эхэлдэг байна. Үүнийг дагаад идэх хоол, дутагдах, гачигдахын зовлонд унасан хүмүүс юу ч хийхээс буцахаа больдог аж. Үүнийг дагаад жирийн хулгайнаас эхлээд танхай, дээрмийн гэмт хэргийн үзүүлэлт өсөн нэмэгддэг аж.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайханы хэлснээр "Эдийн засгийн хямрал болж байгааг шүүхийн тоо баримтаас хардаг" гэнэ. Түүний тайлбарласнаар “Хүмүүс эдийн засгийн хямралд орж санхүүгийн маргаан гарахаар шүүхэд хандах нь ихэсдэг. Тэр утгаараа хямралын үед шүүхийн маргаан өсдөг. Банкнаас авсан зээлээ хугацаандаа төлж чадахаа болих, гэрээний дагуу төлбөрөө төлж чадахгүйд хүрэх зэргээс үүдэж шүүхэд ханддаг. Харин эдийн засаг өсөлттэй байгаа үед хүмүүсийн хооронд эрүүл хэлэлцээрүүд явагддаг” гэнэ. Гэхдээ энэ оны эхний хагас жилийн шүүхийн тоон баримтаас харахад эдийн засгийн хямрал байгаа нь нотлогдохгүй байгаа аж.

Одоогоор энэ оны сүүлийн хагас жилийн тайлан гараагүй байгаа болохоор хямрал гэмт хэргийн гаралтад хэрхэн нөлөөлж буй шууд хэлчихэж болохгүй ч асуудал эхнээсээ дохио өгөөд байх шиг. 

Хямралыг боломж болгон ашиглах нь бас л бичигдээгүй хууль. Гэхдээ манайд тэрхүү боломжийг ашигладаг нь ховор. Харин хямралын үед нэг төрлийн бизнес цэцэглэдэг нь архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдийн орлого ашиг нэмэгддэг аж. Үүнийг ч нотолж хуульч Б. Гүнбилэг “Энэ үед иргэдийн архидан согтуурах үйл явц газар авч, сэтгэл зүйн хувьд тогтворгүй болсон иргэдийн согтууруулах ундаа худалдан авах нь ихэсдэг гэсэн үг. Тийм учраас архи, спирт үйлдвэрлэгчид, түүгээр үйлчилгээ үзүүлэгчдийн орлого нь дагаад ихэснэ” гэж бичжээ.

Тэгвэл сүүлийн үед банк дээрэмдсэн хэрэг шил шилээ даган гарав. Сонгинохайрхан дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” салбарт зэвсэгт этгээдүүд халдаж, 380 гаруй сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан. Түүнээс хэдхэн хоногийн дараа буюу энэ сарын 7-ны орой Баянзүрх дүүрэгт байрлах “Капитрон” банкны тооцооны төв халдлагад өртөв. Бас л буутай этгээдүүд.

Харин энэхүү мэдээллийн дор сэтгэгдэл үлдээсэн иргэд үүнийг жигших нь байтугай харин ч дэмжих аястай. “Машиныхаа номерыг өөрчлөхгүй”, “дээрээ тэрбумаар нь идэж байхад яадаг юм”, “Банк иргэдийн халаасыг сэгсэрч байхад энэ хэмжээний мөнгийг өөрсдөөс нь авах нь зүйд нийцнэ” гэхчлэн бичжээ.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас хулгай, дээрмийн хэрэг ихэсч байгааг сэрэмжлүүлэх болов. Гэхдээ энэ талаар нарийн тоо баримт хараахан алга.

Харин хүүхдээ орхиод явсан, хүүхдүүд хулгай хийх болсон хэрэг цөөнгүй гарчээ. Архидалт нэмэгдэж байгааг шинэ жилийн баяртай холбон тайлбарлаж болох ч энэ нь ажилгүйдэл газар авсан захын гэр хороололд ажиглагдах болсон гэнэ.

Тэнд иргэд талхыг хувааж авдаг болсон тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бишгүй гарах болов.

Махны үнэ сүүлийн арван жил байгаагүйгээр доод хэмжээнд очтолоо унасан ч махны борлуулалт буурсан тухай захын худалдаачид хэлэх болов.  

2015 оны арванхоёрдугаар сарын 27-нд зохион байгуулсан тооллогоор улсын хэмжээнд 890 орон гэргүй иргэн байна.

Статистикийн үндэсний хорооноос гаргасан мэдээллээр гэмт хэргийн гаралт сүүлийн гурван жилд тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа нь анзаарагдана. Түүнийг дагаад гэмт хэргийн хохирлын хэмжээ ч нэмэгджээ.

Өвөлжилт хүндхэн байгаа 12 аймагт малчид малаа зараад суурин газар бараадах сонирхолтой болоод буй талаар аймгийн орон нутгийн удирдлагууд чуулах үеэрээ хэлж байсан нь бас л анхаарах ёстой асуудал болоод байна. 

Ерөнхий сайд болон эдийн засагчдын хэлснээр ирэх жилээс Оюутолгойн далд хөрөнгө оруулалтын мөнгө орж ирж, түүнийг дагаад дотоодын ханган нийлүүлэгчид ажилтай болж нааштай үзүүлэлт гарах таатай мэдээлэл бас бий л дээ. Гэхдээ тэр нь шууд үр өгөөжөө өгөөд эхлэх нь юу л бол.

Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрээр банкнууд зээлээ зогсоосон нь дарин дээр давс гэгчээр барилгын салбараас гадна зээлээс зээлийн хооронд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж байсан аж ахуйн нэгжүүдийг ч хүндхэн байдалд оруулаад байна.

Энэ бүхнээс үүдэн холбогдох хуулиа яаралтай өөрчилж, засаж залруулан, эдийн засгийн амь тариа болсон томоохон төсөл, хөтөлбөр, орд газраа эргэлтэд оруулахгүй бол тогтворгүй болсон нийгмийн сэтгэл зүй хаашаа ч эргэж мэдэх хэцүүхэн цаг руу хөтлөх вий.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна