Хот барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парктай болно

2015 оны 12 сарын 30

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд Налайх дүүргээс сонгогдсон тэргүүлэгч Н.Баяраа Монголын үндэсний эрх чөлөөний түүхт 104 жилийн ойн өдөр дүүргийн иргэдтэйгээ уулзаж, мэндчилгээ дэвшүүлэн 2016 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын жагсаалтыг танилцуулсан байна. Ирэх онд нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргаж, Налайх дүүргийн хоёрдугаар хорооны Нарлаг гэр хорооллыг төвлөрсөн шугам сүлжээнд холбох, гэр хорооллын гудамжийг гэрэлтүүлэх. Мөн 700 хүний суудалтай усан сантай спорт цогцолбор барих ажлыг эхлүүлэх аж. Харин концессын гэрээ буюу төр хувийн хэвшлийн түншлэлээр тус дүүргийн тавдугаар хороо ”Городок” тосгоны бага оврын цэвэрлэх байгууламж, Хүүхэд залуусын хөгжлийн төв, Улиастайн гүүрнээс Налайх дүүрэг хүртэлх  дөрвөн эгнээтэй 40 орчим километр авто замыг шинээр барихаар болжээ.

Налайх дүүрэгт 2025 он хүртэл  Төмөр замын ачаа тээврийн сэлгэн буулгах төв, Барилгын материалын бөөний худалдааны төв, Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк зэрэг том төслийг хэрэгжүүлэхээр нийслэлийн ИТХ баталжээ. Хэрэв дээрх төслүүд амжилттай хэрэгжиж, бүтээн байгуулалтууд хийгдчихвэл шинээр 8000 орчим ажлын байр бий болно. Хотын түгжрэл саарна гэж албаныхан тооцоолжээ. Эхний ээлжид ирэх ондоо багтаан Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн таван үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж, газар шорооны ажлыг эхлүүлсэн байна.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна