Рассел Кроугийн хилэгнэл

2015 оны 12 сарын 30

Шинэ Зеландаас гаралтай  жүжигчин Рассел Кроу Австралийн “Виржин Австралиа”-гийн онгоцоор дахин хэзээ ч үйлчлүүлэхгүй хэмээн уурласан гэнэ.

Учир нь, Австралийн иргэний агаарын тээврийн хоёр дахь том компани онгоцонд дугуйт тэшүүр авч орохыг хоригложээ. Шинэ журмын талаар мэдээгүй байсан жүжигчинд тээшээ бүртгүүлэхээр очиход бүртгэлийн ажилтнууд хүүхдүүдийн дугуйт тэшүүрийг онгоцонд оруулахгүй гэж хэлжээ.

Хоёр дугуйт тэшүүрийг тогонд залгаж эсвэл зайгаар цэнэглэдэг учраас оч хаяж болзошгүй тухай мэдээлэл гарснаас хойш Австрали, АНУ болон Их Британийн иргэний агаарын тээврийн компаниуд аюулгүй байдлын журамдаа дугуйт тэшүүрийг тээвэрлэхгүй байх шинэ өөрчлөлт оруулсан юм.

Дээрх мэдээллийн улмаас “Amazon” цахим худалдаанаас хоёр дугуйт тэшүүрийн дийлэнх захиалга цуцлагдсан байна. Дугуйт тэшүүрийг АНУ-ын иргэний агаарын тээврийн томоохон компаниуд, “Бритиш Эйрвэйз”, “Куэнтэс”болон “Эмиратс” зэрэг иргэний агаарын тээврийн компани тээвэрлэхийг хориглоод байгаа юм.

Жүжигчин Рассел Кроу бухимдлаа өөрийн Facebook цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ. Тэрбээр ““Виржин Австралиа”-д үнэхээр инээдтэй зүйл боллоо. Дугуйт тэшүүр ачаанд авахгүй гэнэ үү? Нисэх гэж байхад ингэж хэлэх нь оройтсон борооны хойноос цув нөмрөв гэгч болсон. Дахиж хэзээ ч танайхаар үйлчлүүлэхгүй” хэмээн бичсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна