Г.Уянга ХҮН-д элсэхгүй

2015 оны 12 сарын 30

Монголбанкинд эдийн засагчаар ажиллаж байсан Ш.Чулуунбаатарыг банк санхүүгийн байгууллагын нууц задруулсан гэх зүйл ангиар зургаан сар хорих ял оноох болжээ. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ш.Чулуунбаатарыг Г.Уянга гишүүнд мэдээлэл дамжуулсан гэж үзсэн байна. Харин Г.Уянга гишүүн “Би Ш.Чулуунбаатараас мэдээлэл авч цацаагүй. Үүнийгээ би зохих газарт нь хэлнэ. Монголбанкныхан буцалтгүй тусламж хэлбэрээр 45-180 хүртэл сая төгрөгийг хүмүүстээ өгсөн байсан. Нийт дүнгээрээ 3.7 тэрбум төгрөг болж байгаа. Хүмүүсийнх нь хэлж байгаагаар бол өмнө нь орон сууц авч байсан хүмүүст ч буцалтгүй тусламж олгогдсон байдаг. Тийм учраас энэ асуудлыг шалгах ёстой гэж би үзсэн. Өнөөдөр Ш.Чулуунбаатарын ээж нь утсаар ярилаа. Зургаан сар хорих ял төлөвлөн прокурор руу явуулсан байна. Би өнгөрсөн долоо хоногт энэ асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандсан, энэ хэргийг тус газар шалгах хэрэг мөн үү. Мөн үнэн мөнийг олж тогтооно гэж найдаж байна” гэлээ.


Мэдээллийн дараа сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.

-Та Монголбанктай холбоотой мэдээллийг ямар эх сурвалжаас авсан юм бэ. Мөн таны цацсан мэдээлэл нууцын зэрэглэлд орох уу. Энэ асуудлыг холбогдох байнгын хороогоо хэлэлцэх боломж байгаа юу?

-Монголбанкны хуулийг үзэхэд тэрбумаар нь бэлэн мөнгө тараах зохицуулалт харагдаагүй. Зохих газар нь авлигатай холбоотой асуудал мөн үү, биш үү гэдгийг шалгаж тогтоох байх. Энэ асуудал нэг залуугийн амьдралыг хохирооход хүрээд байгаа бол байнгын хороонд асуудал тавьж шалгуулах боломжтой гэж бодож байна.

-Ээжтэй нь таныг биечилж уулзсан гэх мэдээлэл байсан?

-Ээж нь хоёр сарын өмнө уулзах хүсэлт тавьсан. Хүүхдийнхээ төлөө амь амьдралаа зориулж яваа төрийн албан хаагч. Хүүгээ боловсролтой болгоё гэж зорьсон, түүндээ хүрсэн ээж. Уулзаад надад хэлсэн “Таны гаргасан мэдээлэл бид хоёрын амьдралыг орвонгоор нь эргүүллээ” гэсэн. Тэгэхдээ ухамсартай хүмүүс намайг шууд буруутгахгүй байгаа. Прокурор, шүүх, хууль хяналтын байгууллагад хандаад миний хүүг буруугүй гэдгийг нотолж өгөөч гэсэн.

Эрүү үүсгэж шалгаж байгаа бол намайг дуудаж асуух ёстой, гэрчийн хувиар. Хэн ч над руу утасдаагүй, яриагүй. Тийм учраас мөрдөн байцаалт дутуу явагдаж гэж харж байгаа. Хамгийн гол нь ял төлөвлөөд прокурор руу явуулчихсан байгаа. Үүнд би санаа зовж байгаа.

Эрүүдэн шүүх процесс, амьдралаар нь тоглож барьцаалах юмыг Монголбанк хийж байгаа нь харамсалтай. Асуудлыг үнэн мөнөөр нь шийдэхэд Авлигатай тэмцэх газарт явуулж байгаа бичиг тус болно гэж найдаж байна.

-Таныг УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарахаар бэлтгэж байгаа гэх яриа байна. Үнэн үү?

-Саяхан сонгуулийн хууль батлагдлаа, улс төрийн ямар нэг шийдэл гаргах шаардлагатай болох байх. Тэр нь ямар вэ гэдгийг тухайн үедээ зарлана. “Шударга ёс” эвсэлдээ үлдэж болно, эсвэл орхиж явж болно. Ямарч байсан миний шийдэл юу вэ гэвэл монголчууд 25 жил АН, МАН-ыг ээлжилж сонгоод эрх барилаа. Монголын нийгмийн амьдрал дүр зураг, ард түмэн өнөөдөр өөр сонголтыг хүсэж байна. Өөр сонголтыг бий болгох үүрэг хариуцлага надад байх ёстой. Тэрийг ямар байдлаар зохион байгуулах вэ гэдэг олон хувилбарууд байж болох байх. Шийдэл гаргах бол бүгдээрээ дахиад уулзах байх.

-ХҮН-д таныг элсэнэ гэх мэдээлэл байна?

-Би бараг үгүй болов уу гэж бодож байна. ХҮН бол Ардын нам, Ардчилсан нам хоёроос өөр сонголт мөн гэдэгт би эргэлзэж байна. Бидний ярьдаг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд олон асуудлаар ХҮН байр сууриа илэрхийлдэггүй, чив чимээгүй байдаг. Тийм учраас би их гайхдаг. Маш их мөнгөжүү, бийлэгжүү хөдөлж байгаа харагддаг.

-Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг та санаачилсан. Гарын үсэг хэд болсон бэ. Зургаан сарын дараа УИХ-ын сонгууль болно. Огцруулах гарын үсэг бүрдэхгүй байсаар сонгуультай тулбал яах вэ?

-Хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зуръя гэсэн хэнд ч нээлттэй, 16 гишүүний гарын үсэг байгаа. Сонгууль болоход хэдэн сарын хугацаа үлдсэн нь чухал биш. Буруу алдаатай шийдвэр гаргасан бол нэг хоногийн өмнө ч болов огцруулах процесс явах л ёстой гэж бодож байна. Тэр бол Монголын амьдралд нөлөөлөөд байхгүй.

-УИХ өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн хуулийг батллаа. Зарим гишүүн “Өмнөх Сонгуулийн хуулиас илүү сайжирсан” гэж үзэж байна. Гэхдээ жижиг намууд сонгуульд өрсөлдөхөд маш хүнд боллоо гэх. Таны байр суурийг сонирхвол?

-Жижиг намууд, бусад улс төрийн хүчнийг бүх боломжоор нь хаасан хууль болсон. Гурван жишээ хэлж болж байна. Нэгдүгээрт, улс төрийн намууд заавал 180 хоногийн өмнө бүртгүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Өөрөөр хэлбэл, шинэ улс төрийн хүчнийг дахин бүртгэхгүй гэдэг шинэ хаалт явж байгаа.

Хоёрдугаарт, заавал тойргоос суудал авсан нам л пропорциональ тойрог хуваах эрхтэй болж байгаа. Энэ нь мажоритар тойргоос гараагүй нам пропорционалиар өндөр санал авлаа ч тэр намд суудал хуваарилахгүй. Энэ бас жижиг намуудыг хяхсан, шахсан хувилбар.

Гуравдугаар зүйл нь эмэгтэйчүүдийн квот 30 хувиас бага байж болохгүй гэж хуульчилсан. Бүх намд л тийм шалгуур тавина. Хэрвээ 30 хувийн нэр дэвших эмэгтэй байхгүй бол тухайн намыг бүртгэхээс татгалзана. Энэ бол жижиг намуудын хувьд том хаалт болно.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна