Нүүрсний синдром

2015 оны 12 сарын 30

Хахир өвлийн хүйтнээр сонгуулийн “шоу”-гаа эхлүүлсэн улстөрчид хямралд өртсөн иргэддээ шуудай нүүрс тараав. Өвлийн хүйтэн, эдийн засгийн хямралд зутарсан иргэдээ тавлаад байгаа ч юм шиг, даапаалаад ч байгаа юм шиг. Ядаж намын нөхөр нь шуудай нүүрсний хэргээр шорон яваад удаагүй байхад шүү дээ.

Уг нь иргэд улстөрчдөөс уут нүүрс горьдоод байгаа юм биш, улстөржилтөөс  нь болоод улс орноороо мөнгөгүй болчихсондоо л  тараасан нүүрсийг нь булаацалдан аваад буй юм шүү дээ.

Гурван жилийн өмнө Монгол нүүрсний шинэ тоглогч хэмээн дэлхийд зарлуулж, төсвийн 40 хувийг зөвхөн нүүрсний экспортоос бүрдүүлж байв. Харин өнөөдөр Монголын нүүрс дэлхийн зах зээлээс алхам, алхмаар шахагдсаар, хамгийн сайн чанарын коксжих нүүрс маань үнс, нурам, овоолгоостой хог болжээ.

Монголын нүүрсний ганц худалдан авагч нь Хятад. Харамсалтай нь, монголчууд төмөр замтай болж, түүгээрээ дамжин гуравдагч зах зээл рүү нүүрсээ гаргана хэмээн унтаа сэрүүний дунд том мөрөөдөж явах хойгуур Хятадын зах зээл биднээс хаалгаа зугуухан хааж эхэллээ.

Хамгийн сүүлд Хятадын Үндэсний эрчим хүчний хорооноос “ойрын гурван жилийн хугацаанд тус улс ямар нэг байдлаар нүүрсний шинэ орд нээхгүй” гэдгээ төрийн төв  CCTVNEWS телевизээр дамжуулав. Үүнээс өмнө Монголын хамгийн гол өрсөлдөгч болох Австралийн нүүрсний импортын татварыг тэглэснээрээ Хятад Монголоос нүүрс авахгүй гэдгээ сэмхэн илэрхийлсэн явдал болсон юм. Албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, Австралиас Хятадад нийлүүлэх нүүрсний импортын тарифыг хоёр үе шаттайгаар чөлөөлнө. Эхний ээлжинд буюу энэ сарын 20-нд гурван хувийн импортын татвараас шууд чөлөөлөх бол ирэх оны нэгдүгээр сарын 6-наас эхлэн бусад төрлийн нүүрсний тарифыг зургаан хувиас 0-2 хувь болтол бууруулахаар болсон. Ингээд миний нэр байдаггүй гэдэг шиг Австралийн угаасан нүүрсний хажууд түүхийгээрээ ч чанар өндөртэй, газар зүйн байршлын хувьд Хятадын хаяанд оршдог Монголын нүүрс “моодноос” гарч байгаа хэрэг. Одоо Тавантолгой ярьж талцахаа бараг больсон нь дээр. Бидний өөр хоорондоо дайтаад байгаа Тавантолгойн нүүрс үнс болчихлоо, үнэгүй болсон ордоо булаацалдаж, өөрсдийгөө болон нийгмээ, эдийн засгаа “өвтгөх” больё. Нүүрсний синдромоо дуусгая.

Австралид үер болсны улмаас манай нүүрс үнэд орсон гэдэг ч дотоодын улс төрөө даахаа болиод Монголын нүүрс дэлхийн зах зээлээс шахагдлаа.

Харганы ноос түүж эсгий хийнэ гэгчээр түмэн цэргээр төмөр замаа бариулж, түүгээрээ дамжуулан гуравдагч зах зээлд нүүрсээ зарж мөнгөтэй болоод хөгжих гэсээр байтал дэлхий улс орнууд нүүрснээс татгалзсан байх вий. Тэр тусмаа эрчим хүчний мангас гэгддэг Хятад, Энэтхэг нүүрсний хэрэглээгээ хумина гэдгээ байн байн зарлах болсон билээ.

“Оля”-нуудын зодооныг дааж чадалгүй Тавантолгойн төсөл нуран унаж, дэлхийн баян компанийн нэг болгоно хэмээн улсаараа хувьцааг нь үнэгүй эзэмшдэг “Эрдэнэс Тавантолгой” 110 сая ам.долларын өртэйгөө үлдэж байна. Долларын ханш өсөхийн хэрээр “Эрдэнэс Тавантолгой”-н Чалкод төлөх өр нэмэгдсээр байгаа билээ.

С.Эрдэнийн “шатвал шатъя” гэсэн үйлдэл цаанаа бол хөрөнгө оруулагчдад эдийн засгаа шатаавал, шатаая гэсэн мессеж болж хүрсэн  нь лавтай.

Тавантолгойг гацаасандаа баярлах гишүүд Л.Эрдэнэчимэгээр тогтохгүй бий. Гэхдээ “Энержи ресурс”-ын хүслийг гацаачихсан юм биш түүгээр дамжин эдийн засагт орж ирэх мөнгөний урсгалыг гацааж, эдийн засгаа шатаачихсантай адил үйлдэл шүү дээ.

Хар л даа, энэ шинэ жилийн баяраар хямрал иргэдийн амьдралд ямар тод мэдрэгдэж байгааг.

Үүцээ мөнгө болгож чадахгүйгээс хойш үртэс нүүрсэн дээрээ ядаж зодоонгүй амьдарвал яасан юм бэ. Мөнгө болохгүй, үнэд хүрэхгүй нүүрсээ үнс болгож байснаас ирэх оны сонгуулийн шоу болгоод иргэдээ шуудай нүүрс тарааж тохуурхаж байгаа эрх баригчдын зөв бололтой.

Ажилтай орлоготой, монгол хүн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа эрхбаригчдаас асуух асуулт байна. Албан тасалгааны цонхоор чинь амьдрал ямар харагдаж байна даа гэж.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна