Уяач Ганбат: Хүрэн азарга маань Галшар угшлын адуу

2015 оны 12 сарын 30

Сэтгүүлч:
Булган

Хурдан хүлгийн уяа сойлго тааруулаад долоон жил болж буй Баяннуур сумын Шар тал багийн харьяат, залуу уяач З.Ганбат хурдан хүрэн азаргаа хангайн бүсийн уралдаанд айргийн дөрөвт хурдлуулан, төрийн зарлигт наадмын анхны хишгээ хүртжээ. Түүнээс баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. 

-Төрийн зарлигт наадамд хурдан азаргаа айрагдуулсанд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?

- Баярлалаа. Баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Би ганц азаргатай очоод, түүнийгээ  айрагдуулсандаа маш их баяртай байна. Хүрэн азарга маань хангайн бүсийн уралдаанаас өмнө төрийнхөө наадамд очиж тоосоо өргөөд 35-д хурдлаад ирсэн юм.

- Хурдан хүлгийнхээ удам угшлыг танилцуулаач?
- Хэнтий аймгийн Галшарын сумын адуу. Өнөө жил есөн настай идэрхэн азарга байгаа юм.

-Та хэдтэй авч байсан юм бэ?
-Өнгөрсөн өвөл авсан. Архангай аймгийн Чулуут суманд байдаг манай дүүгийн адуу л даа. Тэр хавьдаа олон айрагдсан гэсээн. Би өвөл аваад Бүрэгхангайд болсон нэг уралдаанд долоод давхиулж, улс руу авч явсан.

-Хүрэн азарганы амжилт Засгийн газрын тогтоолт наадмын анхны айраг уу?
-Тиймээ, өмнө нь аймаг, сумын наадмаас айраг, түрүү хүртэж байсан.

- Өнөө жилийн хувьд ямархан амжилттай наадсан бэ? Хичнээн айраг, түрүү хүртэв?
- Өнөө жил сумынхаа баяр наадамд азарга түрүүлгэж, хоёр их насны морь айрагдуулан, шүдлэн аман хүзүүдүүлсэн. Энэ жил ер нь их сайхан наадлаа.

-Ингэхэд хэзээнээс морь уяж байгаа юм бэ?
-2008 оноос эхлэн бие даан морь уяж байна. Хамгийн анх тахилга наадамд даага түрүүлгэж байсан.

- Удам дамжсан уяачдын нэг үү?
-Манай ах нар морь уядаг. Миний хувьд  сайд асан Бадамжунайгийн адуучнаар ажиллаж байгаад энд ирж морь уяж байна. Хотод морь уяж байсан болохоор төвийн уяаны арга барилаас гадарлана. Тэр маань надад амжилт гаргахад нөлөөлдөг байх.

-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.

"Булганхангайн хурд" сэтгүүл №01

ЭХ СУРВАЛЖ: www.todmagnai.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна