Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2015 оны 12 сарын 30

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.12.30/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурал 2002 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг баталж, эдийн засаг, ниймгийн хөгжлийн шаардлагатай уялдсан мэргэжилтэй ажилтан бэлтгэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Уг хуулийг 2009 онд шинэчлэн найруулж, 2012 онд бүтэц, зохион байгуулалтын шинжтэй нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байна. Энэ удаа дээрх хуульд зарчмын чанартай хэд хэдэн нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Тухайлбал, мэргэшлийн түвшний үндэсний тогтолцоог бүрдүүлж, улсын хэмжээнд мөрдүүлэх, иргэн эзэмшсэн мэргэжил, мэргэшлээрээ хаана ч ажил эрхлэх, цалин хөлс авах, хөрвөж ажиллах, өөрийгөө хөгжүүлэх, өсч дэвжих боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бий болгохыг зорьжээ. Түүнчлэн ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор сургалтын стандарт, хөтөлбөрийг боловсруулж, мөрдөх, хяналт тавих талаарх зохицуулалтыг тусгасан байна. Ингэснээр хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн, шаардлагатай чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх боломж бүрдэнэ хэмээн хууль санаачлагч үзжээ.

Мөн их, дээд сургууль төгсөгчид мэргэжлийн боловсрол эзэмших, хөрвөж суралцах бололцоог нээж байгаагийн зэрэгцээ мэргэжлийн боловсрол олгох сургууль төгссөн залуус их, дээд сургуульд шилжин суралцах асуудлыг хуульчилж байгаагаараа онцлогтой болохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцлон танилцуулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна