Баримтаа цуглуулж, НӨАТ-ын буцаан олголтоо аваарай

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

Баримтаа цуглуулж, НӨАТ-ын буцаан олголтоо аваарай

-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд уншигч та  үйлчлүүлж буй газраасаа баримт баталгаажуулалт заавал нэхэх ёстой гэдгийг бүү мартаарай-

Энэ 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын тухай хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Ердөө хоёрхон хоногийн дараагаас албан ёсоор, улс даяар хэрэгжих энэхүү хууль нь хүн бүхний өдөр тутмын амьдралд ойрхон тусч байгаагаараа онцлог юм. Уншигч та худалдан авалт хийлгүй олон хоног өнжиж үзсэн үү. Өдөр тутмын талх сүүнээс эхлээд унаа машинаа шатахуунаар цэнэглэх, үгүйдээ л таксидахаас авахуулаад үргэлж мөнгөтэй харилцаж, зардал гаргаж байдаг. Тэгвэл ийн зарцуулсан мөнгөнийхөө хоёр хувьтай тэнцэх, НӨАТ-аар тооцвол 20 хувьтай нь дүйх хэмжээний урамшууллыг жилдээ нэг удаа авах боломжийг НӨАТ-ын шинэ хууль олгож байна.

Гаргасан зарлагаа нарийн нягт тооцдог хүн тун цөөн. Тэр тусмаа өдөр тутмын аахар шаахар зарлагыг үл тоох нь монголчуудын хэнэггүй, нэрэлхүү зангийнх. Тэгвэл та нөгөөдрөөс эхлэн нэг талх авсан ч баримтаа авч, түүнийгээ ebarimt.mn сайтад нэвтрэн бүртгүүлснээр таны худалдан авалт бүхэн бүртгэгдэнэ. Бүртгүүлсэн зарлага болгоныхоо хорин хувийг буцаан авах уу гэвэл бас үгүй юм. Тэрхүү худалдаа хийсэн дэлгүүр, маркетууд НӨАТ төлөгч байх тохиолдолд хорин хувийн урамшууллыг олгоно. Гэхдээ худалдан авалт бүрээ бүртгүүлж, сугалаанд оролцож болно. НӨАТ-ын урамшууллын системийг аль хэзээний нэвтрүүлээд сугалааны хонжворын сан бүрдээд эхэлснийг дашрамд дуулгая. Өнөөдрийн байдлаар 1538 цэгт /ихэвчлэн томоохон сүлжээ дэлгүүр, тэдгээрийн салбарууд/ НӨАТ-ын баталгаат баримт олгоход бэлэн болоод байгаа ажээ. Тэдгээрээр үйлчлүүлсэн иргэдээс 476 254 баримт ebarimt.mn сайтаар дамжин бүртгэгдээд байгаагийн дээр сугалааны хонжворын санд 18,4 сая төгрөг хуримтлагдчихаад байна. Иргэд худалдан авалтаа бүртгүүлснээр жил тутам 22 тэрбум төгрөгийн шагналын сантай  сугалааг явуулна. Сугалаанд худалдан авагч хэн бүхэн оролцох эрхтэй ч хамгийн чухал нь худалдаа хийсэн баримтаа бүртгүүлэх ёстой юм.

Хамгийн эхлээд ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болно. Тэрхүү дугаарыг иргэн бүр авч болно. Эсвэл дараагийн оны эхэнд  ахиухан буцаан олголт авахын тулд гэр бүлээрээ дундаа нэг бүртгэлийн дугаар авах ч боломжтой. НӨАТ-ын буцаан олголт нь жилдээ нэг удаа байх бөгөөд 2016 оны буцаан олголтыг 2017 онд өгнө гэсэн үг. Харин урамшуулалт сугалаа бол сар тутамд явагдана. Тиймээс тухайн сарын худалдан авалтаа тухайн сардаа бүртгүүлж байж сугалаанд оролцох эрх нээгдэнэ.

Интернэт орчинд ойрхон аж төрдөг, байнга нэвтэрдэг иргэдийн хувьд харьцангуй хялбар ч интернэт хэрэглэх боломжгүй орчинд аж төрж буй болон цахим орчны талаарх ойлголт мэдээлэлгүй хүмүүст энэ бүхэн хүндрэлтэй байх нь мэдээж. Дээр нь худалдан авалт бүрээ баримтаар нотлох боломж хомс. Үсчин, гуталчин, оёдолчин гэхчилэн ахуйн үйлчилгээнийхэн болоод автобус, таксиныхан баримт өгдөггүй. Түүнчлэн  байр орон сууц, цахилгаан, дулааны төлбөр төлөхөд урамшуулал олгох уу, байр орон сууцны зээл болон бусад зээлийн төлбөр буцаан олголтод хамаарах уу гэхчилэн асуултууд хөвөрсөөд байгаа юм.

НӨАТ-ын хорин хувийн буцаан олголтоо бүрэн авахын тулд уншигч та  үйлчлүүлж буй газраасаа баримт баталгаажуулалт заавал нэхэх ёстой гэдгийг бүү мартаарай. Өнөөдөр улсын хэмжээнд 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгж бүр НӨАТ төлж байгаа. Харин 10 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд нь сайн дурын үндсэн дээр  НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж болдог. Тиймээс худалдаа үйлчилгээ эрхлэгчид иргэдийг хохироохгүйн тулд сайн дураараа НӨАТ суутган төлөгч болох  боломжтой. Зэрэгцээ хоёр дэлгүүр байлаа гэхэд иргэд урамшууллаа авахын тулд НӨАТ төлөгчтэй харьцаж, үйлчлүүлдэг болоод ирэх юм. Ингэж гэмээнэ алсдаа нийтээрээ НӨАТ төлөгч болж, нийт эдийн засгийн 30 хувьд хүрчихээд байгаа далд эдийн засаг ил тод болно хэмээн хууль тогтоогчид үзэж байна.

НӨАТ нийгмийн нэгээхэн хэсэгт хамаатай, аргаа олсон цөөн аж ахуйн нэгж НӨАТ-ын буцаан олголтоор багагүй мөнгө авч, олонх нь үр шимийг нь хүртэлгүй үлдсээр байгааг шинэ хуулийг мөрдсөнөөр халах боломжтой. Үр шим нь худалдан авагч бүрт хамаатай болно. Үүнийг батлахын тулд тоо бодъё. Нэг гэр бүл сард 1,8 сая төгрөгийн орлоготой гэж дундажлан тооцвол тухайн гэр бүлийн жилийн орлого 21,6  сая төгрөг болох юм. Тэрхүү мөнгөө хадгаламжид хийхгүй бол тэр мөнгө бүхэлдээ л худалдан авалтад зарцуулагддаг гэсэн үг. Энэ мөнгөний хоёр хувийг буцаан авна гэвэл 432 мянган төгрөг болж байх жишээтэй. Их бага зардал болгоныхоо хоёр хувийг буцаан аваад зогсохгүй аз таарвал 22 тэрбумаас давхар хүртэнэ гэхээр хэнд ч сайхан сонсогдож байгаа биз.  Энэхүү боломжийг алдахгүйн тулд та бүхэн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн худалдан авалт бүрээ баримтаар баталгаажуулж, түүнийгээ ebarimt.mn сайт руу нэвтрэн бүртгүүлээрэй.  Баримт олгоогүй аж ахуй нэгжийг татварын албаны 1800-1288 дугаарын утсанд мэдэгдэж байхыг албаныхан сануулж байна.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж