140 мянган иргэн газар өмчлөхөөр бүртгүүлжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.30-нд нийтлэгдсэн

140 мянган иргэн газар өмчлөхөөр бүртгүүлжээ

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тавдугаар ээлжийн бүртгэл өнөөдөр дууслаа. Энэ сарын 14-нд бүртгэл эхэлж, өнөөдөр 12.00 цагт цахим системийг зогсоосон юм. Энэ удаад 140 мянган иргэн газар өмчлөх хүсэлт явуулжээ. Харин эдгээр иргэдээс цахим системээр, санамсаргүй түүврийн аргаар 8088 иргэнийг сонгож авсан юм. Сонгогдсон иргэдэд гар утас, и-мэйл хаягаар нь мэдээлэл очих учиртай.

Даваа гаригаас газраа баталгаажуулна

Ингээд иргэн таны гар утас, и-мэйл хаягт “сонгогдсон” гэх мэдээлэл ирсэн бол дараагийн ээлжинд та бүртгэлээ баталгаажуулна. Бүртгэлээ хоёр долоо хоногийн дотор харьяа дүүргийнхээ ЗДТГ-ын байранд очиж баталгаажуулах ёстой. Нэгдүгээр сарын дөрөвний өдрөөс иргэдийн газрыг баталгаажуулах ажил эхлэх юм. Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргийн харъяат боловч нийслэлд оршин суугаа иргэдийн хувьд Хан Уул дүүргийн ЗДТГ-ын байранд, харин бусад төвийн дүүргийн иргэд харьяа Тамгын газартаа очно.

76 мянган иргэн газар өмчилжээ

Нийслэлийн хэмжээнд цахимаар газар өмчлүүлэх ажлыг нэг жил дөрвөн сарын хугацаанд таван удаа зохион байгуулж буй нь энэ юм. Энэ хугацаанд нийслэлийн иргэдийн 45 хувь нь газар өмчлөхөөр хүсэлт гаргажээ. Харин энэ дундаас 76 мянган иргэн 2015 онд цахимаар газар өмчилж авсан гэх тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, үүнээс өмнөх дөрвөн удаагийн газар өмчлөлөөр 66 мянга гаруй иргэн сонгогдсон. Тэдний хувьд газраа аль хэдийн сонгоод баталгаажуулаад авсан. Харин энэ удаагийн буюу тавдугаар ээлжид сонгогдсон 8088 иргэн бүртгэлээ баталгаажуулсан тохиолдолд нийтдээ 76 мянга болох юм.

Тэгвэл дараагийн ээлжид иргэдэд 68 байршилд газар өмчлүүлэхээр болжээ. Энэ дунд зуслангийн газар ч орж байна. Тухайлбал, Шадивлан, Шаргаморьт гэх мэтчилэн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байрлах зуслангийн газрыг ирэх хавраас иргэдэд өмчлүүлж эхлэхээр болжээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж