ҮСХ-ны хамт олон УИХ-ын даргад өргөх бичиг барилаа

2015 оны 12 сарын 30

Үндэсний статистикийн хорооны нийт ажилтнууд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт хамт олны саналыг өргөн барилаа


 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

З.ЭНХБОЛД  ТАНАА

 

Улаанбаатар хот                                                                                             2015 оны  12 сарын 30

 

Үндэсний Статистикийн Хорооны бүх ажиллагчдын 2015 оны тайлангийн хурлаас гарсан шийдвэрт үндэслэн дараах санал, хүсэлтийг Танд хүргүүлж байна.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, НҮБ-ын Статистикийн Комиссын гишүүн - Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын "Статистикийн тухай" хууль болон төрийн бусад хууль тогтоомж, НҮБ-ын албан ёсны статистикийн зарчим, төрийн албаны хэв хэмжээг сахин биелүүлж, үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар өнөөдрийг хүртэл нэр төртэй гүйцэтгэж ирсэн төрийн захиргааны төв байгууллага билээ.  Төрийн  хариуцлагатай энэ албыг 90 гаруй жил өртөөлөн гүйцэтгэхдээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн он жилийн түүхийг тоогоор илэрхийлж, дэлхийн статистикийн нийгэмлэгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Харамсалтай нь Таны удирдаж, УИХ-аас гаргасан  туйлын хариуцлагагүй шийдвэрээс болж бие даасан, хараат бус тогтвортой ажилладаг төрийн механизм болох статистикийн албаны үйл ажиллагаа алдагдахад хүрч байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ 2030 он хүртэлх хөгжлийнхээ чиг хандлагыг тодорхойлж, түүний гүйцэтгэлийг гаргах, хэрэгжилтийг хянах,  байгууллагынхаа чадавхийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг нь хангахад чиглэсэн олон арга хэмжээг авч байхад Монгол Улс  түүний  эсрэг үйлдлийг хийж байгаа нь статистикийн салбарын хамт олны төдийгүй, статистикийн ач холбогдлыг  ойлгож, мэдэрдэг, хэрэглэдэг, олон арван хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэж байна. 

Бид улсын төсөв хэмнэх нэрийн дор УИХ-аас гаргасан буруу шийдвэрийг  тэвчиж, төрийн хууль, дүрмээ ягштал баримталж өдий хүрлээ. Улсын Их Хурлын олонхи гишүүд энэ байгууллагын мөн чанар, ач холбогдлыг ойлгож, хичнээн тэмцээд хүчин мөхсдөж буйг сүүлийн хоёр сар харлаа. Эдийн засагч, нэр бүхий 11 гишүүний нэг сар гаруйн өмнө өргөн барьсан Монгол улсын "Статистикийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг  Засгийн газар нь хэрхэн саатуулж байгааг бид бас харж байна.

Уг байгууллагыг УИХ-ын зайлшгүй харьяалалд байж, бусдаас хараат бус, бие даасан  үйл ажиллагааг явуулах боломжоор нь хангах  дараах тодорхой үндэслэлүүд байгааг Танд дуулгая. Үүнд:

  1. Статистикийн үйл ажиллагаа нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шилжсэнээр НҮБ-ын гишүүн орнууддаа мөрдүүлэхээр заагдсан  статистикийн "хараат бус, бие даасан, мэргэжлийн байх" үндсэн зарчим алдагдаж, гүйцэтгэх засаглалын нөлөөлөлд автагдах магадлал өндөр болж, мэдээллийн үнэн бодит байдалд итгэх итгэл буурах болно.

  2. Улс орны хөгжлийн өнөөгийн төлөв байдал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийгэм, эдийн засаг, байгаль орчныг хөгжүүлэх төрийн нэгдсэн бодлого, хөтөлбөрүүд, дунд хугацааны хөгжлийн стратеги, тэдгээрийн хэрэгжилтийг зөвхөн албан ёсны статистикт үндэслэн дүгнэх бөгөөд энэ үйл ажиллагааг засгийн газрын өөрийн шууд харьяа яамны нэг агентлаг хэрэгжүүлэх нь сонирхлын зөрчлийг үүсгэнэ.

  3. Дэлхий нийтээрээ ярилцаж, НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар батлаад байгаа "Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр"-ийн 17 зорилго, 169 зорилт, 200 гаруй үзүүлэлтүүдийг олон улсад харьцуулагдахуйц нэгдсэн аргачлал, арга зүйгээр хангаж,  хэрэгжилтийг нь тооцож, томьёолох боломжгүй байдалд хүрнэ.

  4. Төрийн байгууллагад мэргэшсэн, тогтвор суурьшилтай албан хаагчид ажилладгийн үлгэр жишээг харуулж буй цөөхөн байгууллагын  нэг болохын хувьд сонгууль явагдах бүрт халаа, солиог хийх магадлал нэмэгдэхийн дээр  ажилтнуудын зэрэг дэв, шатлал давхар буурч, төрийн албанд шударгаар хөдөлмөрлөх хүмүүсийн итгэл, зүтгэл алдагдана.

Энэхүү үүсээд байгаа нөхцөл байдлыг дахин нэг нухацтай авч үзэж, нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан  "Статистикийн тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай хэлэлцэж, батлуулж өгөхийг Танаас хүсье.

Төрийнхөө энэ хүндтэй албыг олон жил хашиж буй төрийн албан хаагч бидний энэхүү санал, хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж, бидэнд хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөлийг дэвшүүлж, Танд ажлын амжилт хүсье.

 

Таныг хүндэтгэсэн,  Үндэсний Статистикийн Хорооны хамт олон

 


 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,

ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГ ТАНАА

 

Улаанбаатар хот                                                                                                  2015 оны  12 сарын 30

           

Үндэсний Статистикийн Хорооны бүх ажиллагчдын 2015 оны тайлангийн хурлаас гарсан шийдвэрт үндэслэн дараах санал, хүсэлтийг Танд хүргүүлж байна.

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт, НҮБ-ын Статистикийн Комиссын гишүүн - Үндэсний Статистикийн Хороо нь Монгол Улсын "Статистикийн тухай" хууль болон төрийн бусад хууль тогтоомж, НҮБ-ын албан ёсны статистикийн зарчим, төрийн албаны хэв хэмжээг сахин биелүүлж, үйл ажиллагаагаа бие даасан, хараат бус байдлаар өнөөдрийг хүртэл нэр төртэй гүйцэтгэж ирсэн төрийн захиргааны төв байгууллага билээ.  Төрийн  хариуцлагатай энэ албыг 90 гаруй жил өртөөлөн гүйцэтгэхдээ Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн он жилийн түүхийг тоогоор илэрхийлж, дэлхийн статистикийн нийгэмлэгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Гэтэл Таны тэргүүлж байгаа Засгийн газраас боловсруулан оруулсан санал, түүнд үндэслэн гаргасан Улсын Их хурлын хариуцлагагүй шийдвэрийн  дүнд тус төрийн захиргааны байгууллага өөрийн хараат бус, бие даасан статусаа алдаж, Засгийн газрын яамны нэг агентлагийн үүрэг гүйцэтгэгч болж хувираад байна.

Нэгэнт үүссэн энэ нөхцөл байдалтай уялдан гарч болзошгүй дараах асуудалд  Засгийн газрын тэргүүний хувьд нухацтай, ул суурьтай хандаж,  шинээр байгуулагдах агентлагийн удирдлага болон ажиллах боловсон хүчин, байр сууцны талаар зөв, шударга  шийдвэр гаргахыг  Танаас хүсье.

Статистикийн салбарын хамт олон бид Үндэсний статистикийн хорооны одоогийн удирдлага С.Мэндсайханыг шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн  ерөнхий газрын даргаар томилж, ажиллуулах туйлын хүсэлтэй байгаагаа үүгээр уламжилж байна.  

Бид С.Мэндсайхан даргаар удирдуулж, сүүлийн жилүүдэд хамтарч ажиллахдаа  түүнийг төрийн жинхэнэ ноён нуруутай албан хаагч, хүнийг дээдэлдэг, аливаа шунаг, шунахай сэтгэлгүй, мэргэжлийн болон төрийн албаны арвин их туршлагатай,  шулуун, шударга хүн гэдгийг нь мэдэрсэн. С.Мэндсайхан даргаар удирдуулсан  Монгол Улсын статистикийн байгууллагын дэлхийд үнэлэгдэж буй хөгжлийн өнөөдрийн хүрсэн түвшин энэ бүхнийг гэрчилнэ. 

Тэрээр томилогдсоноосоо хойшхи 7 жилийн хугацаанд аливаа улс төрийн ашиг хонжоо харж хэнийг ч сольж өөрчлөөгүй бөгөөд төрийн алба хэрхэн тогтвор суурьшилтай ажиллаж, боловсон хүчнээ хэрхэн сургаж, мэргэшүүлдгийг харин харуулж чадсан.

Бид  даргынхаа удирдлаган дор урьд өмнө нь хийгдэж байгаагүй олон чухал үйл хэргийг хийж хэрэгжүүлсэн бөгөөд цаашид ч бүртгэлд суурилсан мэдээллийн санг байгуулах, төрийн нэгдсэн сангийн уялдааг хангаж ажиллах чиглэлд өмнөө тавьсан томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх, түүнчлэн суурийг нь тавьж эхлүүлсэн олон ажлуудыг удирдлагатайгаа хамтдаа байж, амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Иймд шинээр байгуулагдах агентлагийн удирдлагыг С.Мэндсайханаас өөр хүнээр томилох аливаа оролдлогын эсрэг  хамтдаа тэмцэж, эрх ашгийнхаа төлөө  зохион байгуулалттайгаар арга хэмжээнд оролцоход ч бэлэн байгаагаа   илэрхийлье.   

Статистикийн салбарын хамт олон бид үндэсний статистикийн хороонд зориулан барьж өгсөн, олон арван жил эзэмшсэн байрыг  хэвээр нь үлдээхийг Танаас мөн хүсч байна.

Энэхүү байрыг статистикийн үйл ажиллагааг хэвийн явуулахад нь зориулж,  ашигладах техник, тоног төхөөрөмжийг  нь суурилуулж, 1971 онд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөр хэрэгжсэн төслийн санхүүжилтээр статистикийн байгууллагад тусгайлан барьж, байгуулж өгсөн байр юм. ҮСХ-ны тэр үеийн ахмадууд уг барилгын суурийг субботникаар барилцаж, барьсан байрны өмнө тарьсан зулзган гацуур мод нь өндрөөс өндөрт ургасан байгааг залуу халаа бид өглөө ажилд ирэх бүртээ харж бахархдаг юмаа. 

Бидний хувьд алдаж болшгүй энэ түүхт байранд хэн нэг нь  халдаж, эзэмшлийг нь өөрчлөх санаархал хэрэв байвал Та л үүнийг зогсоож чадна.  

Статистикийн салбарын хамт олон бид энэ салбарт сэтгэл,  зүрхээ зориулж, он удаан жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа, төрийн захиргааны мэргэшсэн, чадварлаг  боловсон хүчний залгамж чанарыг хэвээр нь хадгалж,  аливаа сэлгээг хийлгэхгүй байхыг Танаас эцэст нь хүсье.

Төрийнхөө энэ хүндтэй албыг олон жил хашиж буй төрийн албан хаагч бидний энэхүү санал, хүсэлтийг нааштайгаар шийдвэрлэж, бидэнд хариу ирүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Төр түвшин, түмэн олон амгалан байхын ерөөлийг дэвшүүлж, Танд ажлын амжилт хүсье.

Таныг хүндэтгэсэн,  Үндэсний Статистикийн Хорооны хамт олон

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна