"Амжилтаа ахиулах зорилт тавин ажиллаж байна"

2015 оны 12 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар төрийн дээд одон, медалиар спортын алдартнууд шагнагдлаа. Энэтхэг улсын лигт барилдаж байгаа өнөөдөр эх орондоо ирсэн чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, "Хасу Мегаватт" компанийн тамирчин П.Өнөрбат энэ өдөр шагналаа гардан авсан юм.

Ингээд Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч, Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, "Хасу Мегаватт" ХХК-ий ерөнхий захирал Х.Түмэн-Аюуш ярилцлаа.

-2015 онд Монголын чөлөөт бөхийн тамирчдын хувьд амжилтаар дүүрэн байлаа. Он солигдох дөхөж байгаа энэ үед таны сэтгэгдлийг сонсьё?

-Юуны өмнө удахгүй гарах гэж байгаа шинэ оны баярын мэндийг нийт Монголын ард түмэндээ хүргэж байна. “Хасу Мегаватт” клубын хувьд энэ жилийг амжилт дүүрэнтэй үдэж байна. Энэ бол түүх давтагдаж байгаа үе. 2011 оны чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Хасу Мегаватт” клубын тамирчид хоёр медальтай ирж байсан. Тухайн жилдээ мөн л “Бөртэ чоно” наадмын шагналуудыг авч байлаа. Эргээд харахад энэ жил тэр амжилтууд дахин давтагдлаа. Миний бие Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашдагийн хувьд бол бид бүхэн үнэхээр энэ жил онцгой байсан. Тэр бүгд маань саяхан болсон оны шилдгүүдэд олгодог “Бөртэ чоно” наадмын үеэр харагдлаа. Цаашид бид энэхүү амжилтаа ахиулах зорилт тавин ажиллаж байна.

Бөхийн холбоо тэр дундаа Барууны бөхийн холбоо арилжааны жилд орсон жил байлаа гэж хэлмээр байна. Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн дөрвөн тамирчин Энэтхэг улсын лигт уригдаж, амжилттай барилдлаа. Бид бүхэн үнэхээр энэ жил онцгой байсан. Тэр бүгд маань саяхан болсон оны шилдгүүдэд олгодог “Бөртэ чоно” наадмын үеэр харагдлаа. Цаашид бид энэхүү амжилтаа ахиулах зорилт тавин ажиллаж байна.

-Чөлөөт бөхийн тамирчид, дасгалжуулагчид энэ жил онцгой амжилтыг үзүүлсэн. Тэр дундаа эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгчийн зарлигаар тамирчин, дасгалжуулагч нар одон медалиар шагнагдлаа?

-Тиймээ баг тамирчдын маань амжилтыг шинэ оны өмнөхөн үнэлсэнд бид бүхэн баяртай байна. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор “Хасу-Мегаватт” ХХК-ийн “Мега-старс” клубын дасгалжуулагч Цэндийн Баярсайхан, гавьяат тамирчин цолоор Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, Пүрэвжавын Өнөрбат нар шагнагдлаа. Мөн өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Монголын чөлөөт бөхийн холбооны нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр, чөлөөт бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин Ж.Чулуунбат, “Алтан гадас” одонгоор Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Энхбаяр нар шагнагдсан сайхан үйл явдал боллоо. Энэ бүхэн маань өнөөдөр Монголын чөлөөт бөхийн амжилт дэлхийд эх орныхоо нэр хүндийг гаргаж байгаагийн илрэл болов уу. Мөн бид энд нэгэн чухал зүйлийг хэлэхгүй бол болохгүй байна. Энэ бол Бөхийн холбоо тэр дундаа Барууны бөхийн холбоо арилжааны жилд орсон жил байлаа гэж хэлмээр байна. Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийн дөрвөн тамирчин Энэтхэг улсын лигт уригдаж, амжилттай барилдан Ж.Чулуунбат, П.Өнөрбат нар өнөөдөр ирлээ.

-2016 оны Олимпийн их наадам хэр их итгэл тээж байна вэ? Мөн “Хасу Мегаватт” клубын цаашдын зорилт юу вэ?

-Бид спортын төрлүүдээс топ спортыг түлхүү авч явах ёстой. “Хасу Мегаватт” клубын хувьд 2009 онд байгуулагдсан. Бид цаашид Монголын топ клуб болох зорилготой ажиллаж байна. ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбатын нэрэмжит “Чөлөөт бөхийн бэлтгэлийн төв”-ийн нээлтийг хийлээ. Зорилт, мөрөөдөл бол байх ёстой. 2012 он саяхан юм шиг бодогдож байна. Тэр үед бид Лондонгийн олимпийн наадамд гурван тамирчин оролцуулах зорилт тавиад Д.Отгонцэцэг, П.Өнөрбат нар явж байсан. Тэгвэл “Рио-2016” олимпийн наадамд дөрвөн тамирчин оролцуулах зорилготой ажиллаж байна. Анхны эрхийг П.Өнөрбат авчихлаа. Одоо дараагийн тамирчид эрхээ авах хариуцлагатай үе ирээд байна. Тамирчдын бэлтгэл сайн байна. Он гараад чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээн эхэлнэ. Бид чөлөөтийнхөө амжилтын төлөө, чөлөөт бөхөөрөө “Рио”-гийн олимпод тодорхой тооны тамирчдыг хариуцлагатай оролцуулахын төлөө ажиллаж байна.

-Софт теннисний холбооны тамирчдын хувьд энэ жилийг ямар амжилттай үдэж байна вэ?

-Монголын софт теннисний холбооны улсын шигшээ багийн гишүүд манай клуб дээр бэлтгэлээ хийдэг. Мөн энэ жил софт теннисний тамирчдын хувьд дэлхийн аваргад үечлэлээрээ оролцоод хүрэл медалийн төлөө тоглож, шагналт V байрт орсон байгаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна