Сая гаруй дүрвэгч далайгаар Европт очжээ

2015 оны 12 сарын 31

 

2015 он гарснаас хойш нэг сая гаруй дүрвэгч Европ руу цагаачлахаар хөлөг онгоцоор очсон гэж НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагаас мэдээлсэн байна. Дүрвэгсдийн агентлагийн мэдээнд дурьдсанаар тэдгээр 1,000,573 дүрвэгчийн 80 гаруй хувь нь Грекийн Лесбос арал дээр хөлөг онгоцоор очсон аж. Тэдний 844,000 нь Туркээр дамжин Грект хүрсэн бол 150,000 орчим дүрвэгч Ливиэс Газар дундын тэнгисээр дамжин Италийн эрэг хүрчээ. Хөлөг онгоцоор Европ руу гарч буй дүрвэгсдийн тоо 2014 оноос хойш эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн онд энэ тоо ердөө 216,000 байжээ.

 

Дайны хөлөөс дайжсан дүрвэгсдийн хувьд диваажин болоод буй Европ руу гарах гэж ямар ч баталгаагүй, найдваргүй хөлөг онгоцонд суухдаа тэдгээр хүмүүс амь нас, үр хүүхдүүрээ дэнчин тавьж байгаа билээ. Газар дундын тэнгисээр дамжин Европт хүрч буй тэдгээр дүрвэгсдийн 49 хувь нь Сириэс, 21 хувь нь Афганистанаас очдог байна. Дүрвэгсдийн дийлэнх нь хөлөг онгоцоор явж байгаа учраас далайд амиа алдагсдын тоо ч нэмэгджээ. Он гарснаас хойш 3,735 хүн далайд осолдож амиа алджээ. Европ руу гарах гол дамжлага болоод буй Грекийн Лесбос арал дээрх дүрвэгсдийн тоо ердийн үеийнхээс хэд дахин нэмэгдсэн бөгөөд Европ руу гарах бүртгэлээ хүлээсэн хэдэн арван мянган хүн байгаа юм байна.

 

Дүрвэгсдийн олон улсын байгууллагын мэдээлснээр газраар болон далайгаар Европт очсон дүрвэгсдийн тоо энэ сарын 21 –ны байдлаар 1,006,000 хол давсан гэнэ. Дүн өвөл болж буйг ч үл хайхран олон мянган дүрвэгч Европыг зорин явж байгаа ажээ. Дүрвэгсдийн энэ том давалгаа Европын холбооны олон улсыг хэдийн сандаргаж эхэлсэн бөгөөд Европын зарим орнууд хилийн хайс, хашаа барьж эхэлсэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт Европын холбоо Грек дэх дүрвэгсдийг бүртгэх агентлагийн ажилтнуудын орон тоог нэмэхээр болсон юм. Европын холбооны орнууд дундаас Герман улс хамгийн олон буюу нэг сая гаруй дүрвэгч хүлээн авсан байна. Тэдгээр дүрвэгсдийн багагүй хувийг Балканы орнуудаас ирсэн хүмүүс эзэлж байгаа юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна