“Ирээдүй”

2015 оны 12 сарын 31

Өгүүллэг

Нарт ертөнцийн өчүүхэн нэгэн зайд дүүлэн явагч хүмүүн төрөлхийнтөн бидний ганцхан цэнхэр дэлхий нэгэн оноо дуусгаж, мөнх гийгүүлэгч гэрэлт алтан дэнлүүгээн тойрох бас нэгэн тойрог зам, бас нэгэн шинэ оноо угтан айсуй. Хот орон даяар цасан наадмын өмсгөл зүүсгэлээ дэлгэн дэлбэж, өнгө гэрэл алаглан солонгорч, хаа сайгүй баяр цэнгэлийн хөхиүн инээд хөөр, найр наргиан халгин цалгих ажээ. Энэ дэлхий даяхнаараа ийн хуучин он хангирсан одож, шинэ он шилжрэн айсуй тэр гайхамшигт цаг мөчийг баяр цэнгэлийн дээд, манлайн баясгалангаар угтан мэндчилэн авай...

Харанхуй хонгилын мухарт адсага жийрлэн хэвтсэн жаалхүүг тойрон хэдэн халтар банди лаа асаан сууцгаажээ.

-Ирээдүй, май ус уу!... Жаалхүү эс дуугарна. Гагцхүү аяархан ёолж, ихэд хүчлэн амьсгаадах тасалданги дуу сонсдоно.

-Ирээдүй, хүүе, Ирээдүй! Май, найз нь чамд хуушуур авчирсан. Хуушуур ид!... Жаалхүү аанай л эс дуугарна. Захын хашаанд олны хөлийн тоос, цас мөсөн дундаас золбин ноходтой уралдан, уралцан байж хамж авчирсан хуушуурын гурил махны өөдөс гялгар уутанд хэвтэнэ. Яагаад ч юм, Ирээдүй, түм буман хүний хоолны хаягдал шавхруутай өөрийгөө зүйрлэн бодов. Чухамдаа уут дүүрэн хуушуурын хаясан гурилын нэг нь өөрөө юм шиг санагдахуй самсаа нь борхирон, нүд нь бүрэлзэн цийлэлзэж ирснээ тэсгэлгүй урсгалаа. Тэрбээр хөдлөх тэнхэлгүй, тэр ч бүү хэл, хавчигнан чичирч, ээждээ, аавдаа эрхлэн эхэр татдаг байсан шигээ наалинхайтан мэгших ч тэнхэлгүй болсон тул зүгээр л асгачихав. Гашуун нулимс халтар хацрыг нь даган бөмбөрөхийг харсан нэг нь том хүн аятай түүнийг аргадаж:

-За, Ирээдүй, боль доо. Битгий уйл! Шинэ жил болж байна шүү дээ. Миний найз битгий уйл! Өвчнөө март, босоод л ирнэ шүү дээ!... хэмээн цангинуулаад хацрыг нь модны хожуул шиг сайртай гараараа илбэв.

-Ирээдүй, өнөө шөнө шинэ он гарна. Бид нар яваад чамд зөндөө гоё юм аваад ирье, за юу? гэсээр түүнийг тойрон суусан халтар жаалууд цувралдан босоцгоов. Жаалхүү яраглан ёолсноо паржигнатал бүгшүүлэн ханиалгаад: “-Чингис ээ, Чингис ээ!” хэмээн аяархан дуудав.

-Чингис ээ, Соёмбо оо, Хүслээн, хүлээгээч! Намайг аваад яваач!... гэж аахилан шивнэхүйд дуу нь хонгилын үзүүрт хүнгэнэх мэт сонсдов. Найзынхаа сүүлчийн хүслийг биелүүлж буйгаа мэдсэн мэт жаалууд түүнийг аяархан түшин босголоо...

Шинэ жилийн үдэш үнэхээр сайхан байв. Гудамж талбай өдрөөс ч илүү гэрэл гэгээ цацруулан өнгө алаглан солонгорч, айлуудын цонхоор сүлд модны гэрэл чимэглэл анивчин гялалзаж, чухам энэ л үдэш энэхэн цэнхэр дэлхий даяхнаараа ийм л өнгөлөг жавхаатай, тийм л баяр цэнгэлтэй байдгийг илтгэх авай.

-Чингис ээ, шинэ жил болчихсон уу? гэж хоёр найзаа сугадан арай ядан алхах Ирээдүй тэсэлгүй баясан асуув. Үнэндээ тэр, хэзээ шинэ он болдог, яагаад болдгийн учрыг огт мэддэггүй ажээ. Бүр бага нялх, гурав дөрөвхөн настай асан тэр элэг бүтэн жаргалтай цагт цэцэрлэгийнхээ сүлд модны наадамд орж байсан нь бүүр түүрхэн санагдахаас цаашгүй.

-Үгүй ээ, одоо л шинэ жил болох гэж байхгүй юу даа!... хэмээн цаадах нь мэдэмхийрэх авч бас л ойлгож яддаг нь илт.

-Шинэ жил битгий болоосой, тийм ээ?... Шинэ жил болж өнгөрөөд энэ олон гоё бөмбөлөг, тууз, тоглоомуудыг хураагаад авчихаар нэг л гунигтай, тийм ээ?... Ирээдүй ийн хэлээд шүүрс алдан, чингэснээсээ болж амьсгаадан суун тусав...

Тэд талбайд хүрч ирлээ. Талбайн төвд чимсэн өндөр сүрлэг сүлд мод шөнийн тэнгэрт гэрэл чимгээ асаан анивчаад нэн сайхан. Шинэ оныг угтан баясагчид талбай дээр өвлийн өвгөн, цасан охидын хамт зураг хөргөө татуулж, дуу хуур эгшиглэн хөл ихтэй байлаа.

-Соёмбо оо, энэ олон гоё бөмбөлгийг тэгээд шинэ жилийн дараа хулгайлаад л... дуусгачих байх даа. Түүнээс нь өмнө надад нэгийг аваад өгөөч! хэмээн Ирээдүй ихэд хүсэмжлэн хэлээд дахин шүүрс алдав.

-Өө, чамд гоё санагдаад байвал би нэгийг аваад ирье л дээ!... хэмээгээд Хүслэн ухасхийтэл Чингис түүний гараас татаж:

-Боль оо, боль! Өнөөдөр шинэ жилийн анхны шөнө. Бид нар ганцхан энэ шөнө хулгай хийхгүй гэж амласан шүү дээ! гээд Ирээдүйд хандан:

-Маргааш нөгөөдрөөс бид чамд зөндөө олон гоё бөмбөлөг авчирч өгнө өө! гэв. Чингэхүй Ирээдүйн сэтгэл бүр ч гунигтай болж, энэ орчлон дэлхий тэр чигээрээ хав харанхуй, хов хоосон болчих шиг санагдахуй:

-Үгүй ээ, хэрэггүй! Битгий авчраарай! Энэ янзаараа л байж байвал сайхан! гэж шивнээд хөшөөний чулуун арсланг налан амьсгаадан суулаа...

Хүүхдүүд тэндээс явсангүй. Үүр цайтал олны хөлийн дунд нааш цааш хөөцөлдөн тоглосоор шинэ оны анхны өглөөг угтацгаасан нь өвлийн хүйтэн шөнийг даарч бээвийсээр арай ядан өнгөрөөгөөд үүр цаймагц ийш тийш нисэлдэн, өглөөний тунгалаг наранд ээн дулаацаж, баярлалдан шулганацгаах бяцхан хөөрхөн болжморууд мэт ээ.

Харин хөшөөний хөлд түшиг, аврал эрэлхийх мэт нөмөр бараадаж нугдайн хэвтсэн Ирээдүйн бяцхан гарт хэн нэг нь ганцхан цэнхэр бөмбөлөг хулуулан авчирч атгуулсан нь салхинд алдран алдран хийсэвч жаалхүү түүнийг хэзээ ч тавихгүйгээр тас атган хөшсөн байлаа...

Нарт ертөнцийн өчүүхэн нэгэн зайд дүүлэн явагч хүмүүн төрөлхийтөн бидний ганцхан цэнхэр дэлхий нэгэн оноо дуусгаж, мөнх гийгүүлэгч гэрэлт алтан дэнлүүгээ тойрох бас нэгэн тойрог зам, бас нэгэн шинэ оноо угтан айсуй. Энэ замыг үеийн үед хамт туулж, он жилүүдийг үргэлжид хамт угтах тавилантай хүмүүн бид, тэр дундаа бидний цөөхөн монголчууд ирж буй оныг угтан босч ирэх ажаамуу!

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
зохиолч, орчуулагч Я.Ганбаатар.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна