Ардчиллын үлгэр жишээ мөн үү?

2015 оны 12 сарын 31

Саяхан Германд зохиогдсон Монголын ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн эрдэм шинжилгээний хуралд германы нэрт монголч эрдэмтэн түүхч Удо Баркманн  илтгэл тавьсаныг дор толилуулж байна. Тэрээр илтгэлээ цахим шуудангаар олон улсын харилцааны судлаач-проф. Д.Баярхүүд илгээжээ. Байнга төвийг сахих гадаад бодлогын асуудлаар герман эрдэмтний бичсэнийг тэрээр ихэд олзуурхан news.mn сайт руу илгээсэн байна. Уг сэдвээр УИХ-ын холбогдох байнгын хорооны өргөтгөсөн хурал он гараад зохиогдох ажээ.

Удо Б. Баркманн (Монгол судлаач, Берлин)

Ардчилсан шилжилт явагдахад нөлөөлсөн түүхэн үйл явц гагцхүү 1990 онд л болсон гэж Монголын түүхчид тэмдэглэх дуртай. Миний бодлоор ийнхүү дүгнэх нь түүхийн бодит байдалд тэр бүр нийцэхгүй. Нийгэм өөрчлөгдөх үйл явц аль эрт эхэлчихсэн байсан бөгөөд 1990 он бол тэрхүү үйл явцын оргил байсан нь гарцаагүй.

1984 онд тус улсын коммунист удирдагчид цус урсгалгүйгээр ордны хуйвалдаан зохион байгуулж нам, төрийн удирдагч агсан Ю.Цэдэнбал болон түүний ойрын хүмүүсийг татан унагасан. Үүний дараа засгийн эрхэнд гарч ирсэн харьцангуй аядуу зөөлөн бодлоготой удирдагч нар 1985 оноос тухайн үеийн ЗХУ-ын удирдагч М.С.Горбачевын хэрэгжүүлж байсан “Перестройка” буюу шинэчлэлийн бодлогыг үг дуугүй хүлээн зөвшөөрч дэмжих байр суурьнаас хандаж байсан. Ж.Батмөнх тэргүүтэй шинэ удирдагчид тогтолцоог, үүний дотроос эдийн засгийн тогтолцоог шинэчлэхийг оролдож байсан юм. Шинэ удирдлага дунд түвшинд боловсон хүчний томоохон өөрчлөлт хийж улмаар 1988 онд төрийн захиргааны бүтэц тогтолцоонд ихээхэн дорвитой өөрчлөлт хийсний дүнд 7 сайд, 37 орлогч сайд, улсын хороодын 7 орлогч даргыг солих шаардлагатай болсон. Гэхдээ МАХН-ын шинэ удирдлага тухайн онд болсон намын төв хорооны 5-р хурлаар “улс төр, эдийн засгийн тогтолцоо, нийгэм, оюун санааны салбарыг бүхэлд нь хамарсан өөрчлөн байгуулалт” явуулах шаардлагатай гэдэг дүгнэлтэд хүрсэн байдаг (Хэрэв ийм үгийг тухайн үед Зүүн Берлин, Прага, Бухарест, Софи, Бээжинд хэлсэн бол НАХ яамны шоронд орох байсан гэдгийг энд хэлмээр байна).

ЗХУ задарлаа гэхэд импортоос хэт хамааралтай Монгол орны оршин тогтнох чадварыг хэрхэн баталгаажуулах вэ? гэдэг асуултыг монголын тухайн үеийн удирдагчид аль хэдий нь бодож эхэлсэн байв. Тус орны коммунист удирдагчид үндсэндээ аль хэдий нь өөрсдийн мэдэх улс төрийн тогтолцооноос давсан геополитикийн өөр хувилбаруудыг бодож боловсруулаад эхэлчихсэн байсан гээд бодоод үз. Тэд “Перестройка”-гаар бий болсон орон зайг ашиглан нүүдэлчний прагматик арга барилаар гадаад бодлогодоо нэн тэргүүний ач холбогдол өгсөн. 1987 онд маш хурдан АНУ-тай дипломат харилцаа тогтоосон. Япон болон баруун европын орнууд, Европын Эдийн Засгийн Хамтын Нийгэмлэгтэй маш хурдан харилцаагаа идэвхжүүлсэн. Монголын удирдагчид ЗХУ болон БНХАУ-ын харилцааг эргэж хэвийн хэвийн болгох процесст идэвхтэй оролцсон. Learning by doing гэж нэг сайхан үг бий. Шинэ удирдагчид түүхэндээ анх удаа ЗХУ-тай харилцах харилцаандаа өөрийн үндэсний ашиг сонирхлыг хэрэгжүүлж эхэлсэн. 1989 онд БНХАУ-тай харилцаагаа хэвийн болгосон нь түүнтэй хил залгаа оршдог газар зүйн байрлал бүхий Монголын хувьд ихээхэн ач холбогдолтой алхам байсан юм. Монголын транзит ачаа зөвхөн хойш явдаг байсан бол үүний ачаар мөн урагшаа чиглэл рүү явах боломжтой болсон.

Нам, төрийн тэргүүн Ж.Батмөнх 1989 оны 10-р сард БНАГУ байгуулагдсаны 40 жилийн ойн арга хэмжээнд оролцох үедээ нэгэн үйл явдлын гэрч болсон нь түүнд нөлөөлсөн нь эргэлзээгүй. Тэрээр БНАГУ-н Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам болон Ардын цагдаагийн газар тухайн үед дөнгөж өрнөж байсан ардчилсан хөдөлгөөнийг хэрхэн хүчээр нухчин дарж байгааг өөрийн нүдээр харсан. Батмөнх энэ үйл явдлаас 1-рт хэзээ ч ард түмнийхээ эсрэг буу хэрэглэхгүй, 2-рт улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийг бүхэлд нь эсэргүүцэж болохгүй, 3-рт бүхий л процессыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийг эрмэлзэх нь зүйтэй юм байна гэсэн сургамжтайгаар Монгол руугаа буцсан. Эдгээр сургамж, ялангуяа 3-рт нэрлэсэн зарчим хангагдахад тухайн үеийн сөрөг хүчин болох Ц.Элбэгдорж, С.Зориг болон Д.Дорлигжав нар чухал үүрэгтэй байсан юм.

МАХН-ын удирдлага ардчилсан сөрөг хүчнийхний хооронд ямар ч асуудлаар, ямар ч санал бодлын зөрүү гарсан бай тухайн үед харьцангуй нарийн сайн тодорхойлж чадсан үндэсний эрх ашгаа хамгаалах үзэл дээр очоод санал нийлдэг байсан. Ийнхүү үндэсний нэгдмэл эрх ашиг бий болоход монголчуудын нэгдмэл гарал угсаа, үндэсний төрийн хөгжил, агуу их түүх дээрээ суурилсан монголчуудын үндэсний ухамсар ихээхэн нөлөөлсөн.

Улс төрийн тогтолцоог ардчилсан тогтолцоогоор сольж шилжилт хийх үндэс суурийг маш богино хугацаанд тавьсан. 1990 оны эхний хагас жилд иргэдийн дунд өрнөж байсан ардчилсан хөдөлгөөн дотроос маш олон тооны улс төрийн нам үүсэн бий болсон. МАХН Үндсэн хуулиар олгогдсон удирдан чиглүүлэх эрх мэдлээсээ татгалзсан. Түүний олонхоос бүрдсэн парламент Намуудын тухай хууль баталж улс төрийн сөрөг хүчний үйл ажиллагааг хуульчилсан. МАХН сонгууль явуулах хугацааг урагшлуулах саналыг дэмжсэн. Парламент Үндсэн хуулийг өөрчлөх шийдвэр гаргаж 2 танхимт парламент болон Ерөнхийлөгчийн институци байгуулахаар шийдвэрлэсэн. Тухайн үеийн Ерөнхий сайдын орлогч Д.Бямбасүрэн гуай 1990 оны 4-р сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жэймс Бэйкерт Монгол Улс “үеэ өнгөрөөсөн улс төрийн тогтолцооны музей байхыг хүсэхгүй” хэмээн хэлсэн удаатай. Нийгмийн бүхий л дэвшил нь эрх баригч болон сөрөг хүчний намууд хоорондын хамтын ажиллагаан дээр суурилж байв. Хэдийгээр 1990.07.29-нд болсон анхны чөлөөт сонгуулиар МАХН ялалт байгуулсан боловч сөрөг хүчний намуудыг төрийн эрх мэдэл хэрэгжүүлэхэд оролцуулахаар шийдвэрлэсэн. Дэд ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайдын орлогчийг сөрөг хүчний намаас тавьсан. Д.Дорлигжав тухайн үед Ерөнхий сайдын орлогч байсан. Үүний үр дүнд парламент болон засгийн газраас эдийн засгийг чөлөөт зах зээлийн эдийн засгийн зарчим руу шилжүүлэх үйл явц богино хугацаанд хэрэгжих боломж бүрдсэн. Өмч хувьчлалын тухай хууль, ХАА-н нэгдлийг хувьчлах тухай хууль, Банкны тухай хууль, Аж ахуйн нэгжийн тухай хууль баталж тэдгээрийг маш богино хугацаанд хэрэгжүүлсний үр дүнд зах зээлийн эдийн засагт шилжих зам шулуудсан.

1992 оны эхээр ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар ардчилал, зах зээлийн эдийн засгийн хөгжлийн замд эргэлт буцалтгүй орсон. Ардчилсан дэг журам, харьцангуй өргөн эрх мэдэлтэй Ерөнхийлөгч бүхий парламентын төрийн удирдлагын тогтолцоо, ардчилсан үнэт зүйл бүхий улсуудын эгнээнд нэгдсэн зэрэг хүчин зүйлс нь нэг талаас Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн томоохон баталгаа болоод зогсохгүй үндэсний аюулгүй байдлын баталгаа болж байдгийг харахгүй өнгөрч болохгүй.

Монгол Улс улс төр, эдийн засгийн шилжилтийн эхлэлийг амжилттай тавьж чадсан.

МАХН-ын ялалт байгуулсан 1990 болон 1992 оны сонгуулийн дараа МАХН-ын хуучин удирдлага шинэ удирдлагадаа эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх эсэх асуудал гарч ирэв. 1996 оны сонгууль энэ асуултад “Тийм” гэсэн хариултыг маш тодоор өгсөн. Шинэ намуудаас бүрдсэн Ардчилсан холбоо эвсэл парламентын нийт 76 суудлаас 50 суудлыг авч ялалт байгуулав. МАХН тухайн үед яагаад сонгуульд ялагдал хүлээснээ хүлээн зөвшөөрөх чадвартай байсан бэ? Энэ асуултын хариу их энгийн. МАХН-ын удирдлага болон боловсон хүчинд тухайн үед сүүлийн 10 жилийн дотор элитийн томоохон шилжилт хөдөлгөөн явагдсан байв. “Перестройка” буюу өөрчлөн байгуулалтын бодлогоор төлөвшсөн шинэ залуу үе нь аядуу зөөлөн бөгөөд шинийг хүлээн авах чадвартай байсан юм. Иймд МАХН сонгуулийн ялагдлыг хүлээн зөвшөөрөх чадвартай байж 1996 – 2000 онуудад өөрийн хүчийг сэлбэхэд төвлөрсөн. Тэрээр 1997 онд Социалист интернационалд элсэх өргөдөл гаргаж (2003 онд өргөдлийг хүлээн авсан) баруунд улс төрийн хүчтэй үйл ажиллагаа явуулав. 1997 онд МАХН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар парламентад шахалт үзүүлэх боломжтой цөөнхийнхөө зэрэгцээгээр хориг тавих эрх бүхий Ерөнхийлөгчтэйгээр улс төрийн тоглоомд оролцох боломжтой болсон. МАХН болон АН-ын харилцан бие биеэсээ суралцсан улс төрийн тоглоом ов заль ихтэй, хатуу ширүүн өрнөж байсан хэдий ч хуулийн хүрээнээс хэзээ ч давж байгаагүй нь ихээхэн онцлог зүйл юм. Шинэ тутам байгуулагдсан ардчилсан хүчний намууд 1996-2000 оны бүрэн эрхийн хугацаанд дотроо улс төрийн үзэл бодлын хувьд нэгдмэл биш, улс төрийн тоглоом тоглох болон төрийн захиргааны ажилд туршлага дутмаг, намын элитүүд нь чадвар дутмаг байснаас засгийн газар нь далд хямралд орсон боловч уг хямрал нь тэдний дотоод зөрчилдөөнийг далдалж өгөн эдгээр намууд үүнээсээ сургамж авч улам бүр боловсорсон он жилүүд байв.

2000 оны сонгуульд МАХН 76 суудлын 72-г авч ялалт байгуулав. Энэ удаад ч төрийн эрх мэдэл зөрчилгүй тайван шилжсэн. Гэсэн хэдий ч энэ үе МАХН-ын Засгийн газрын хувьд ч хүнд үе байсан. Түүхий эдийн нөөцөөрөө дэлхийн 10 баян орны нэгд тооцогддог Монгол Улс хоёр орны хооронд хавчигдмал байрлалаас улбаатай геополитикийн дарамт шахалтын хажуугаар гео-эдийн засгийн дарамт шахалтад орох болов. Энэ байдал нь боломж болон аюул эрсдэлийн аль алийг нь ижил хэмжээгээр өөртөө агуулж байв. Орос, Хятад хоёр Монголыг гагцхүү газар зүйн байрлалаар нь үнэлж цэгнэхийг оролдож байсан бол ардчилсан Монгол Улс сэндвич байрлалын улмаас бий болж буй дарамт шахалтыг даван туулахыг хичээж байв. Монголын өрийг тэглэснийхээ хариуд ОХУ-ын зүгээс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад ажиглагч гишүүнээр элсэхийг зөвшөөрөх болзол тавьсан.

Түүнчлэн Монгол Улс ардчилсан орнуудын хамтын нөхөрлөлийн орнуудад чиглэсэн “гуравдагч хөршийн” бодлогоор дамжуулан дээрхи хоёр орны нөлөөг тэнцвэржүүлэх, томоохон хөрөнгө оруулагчдыг уул уурхайн салбарт татах замаар “гуравдагч” орны материаллаг ашиг сонирхлыг өөрийн оронд бий болгох боломжийг олж харсан. Монголын өмнө маш том сорилт тулгарсан. Гагцхүү сөрөг хүчинд төвлөрөл явагдаж олон намууд нэгдэн Ардчилсан Нам бий болж, улмаар 2004 оны сонгуулийн дараагаас МАХН болон АН-аас бүрдсэн эвслийн засгийн газар бий болсны ачаар энэ бодлогыг дотоод бодлогодоо тусгаж чадсан. Ингэж нэгдэл бий болсон нь улс төрийн өргөн хүрээний зөвшилцөл явагдаж тодорхой асуудлуудыг, тэр дундаа гадаад бодлогын асуудлыг парламентад шийдвэрлэх ажиллагаа түргэссэн. Эдийн засаг урьд төсөөлж байгаагүй хурдтайгаар бэхжиж эхэлсэн. Монголын эдийн засгийн өсөлт үлэмж нэмэгдсэн. Хүн амын амьжиргаа дээшилсэн боловч үүнийг дагаад баян, ядуугийн ялгаа улам бүр нэмэгдсэн. Нэг талаас нийгмийн хуваарилалт дутмаг байхад, нөгөө талд улс төрийн системд мөнгөний үзүүлэх нөлөө улам бүр нэмэгдсэн. Хэврэг бүтэцтэй Монголын эдийн засаг Хятадын зах зээлийн татах хүчинд өөрийн эрхгүй сорогдох болов. Хятад бол хамгийн том худалдааны түнш бөгөөд хөрөнгө оруулагч байв. Эдийн засгийн аюулгүй байдал үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрэх үед “гуравдагч хөрш”-ийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэх болов. 2008 оны парламентын сонгуулиар алдагдаж буй мэт харагдаж байсан дотоод бодлогын тогтвортой байдал маш чухлаар тавигдаж байв. МАХН уг сонгуульд ялалт байгуулсан хэдий ч уг намын дарга С.Баяр “стандарт бус” шийдвэр гаргаж АН-ыг Засгийн газарт урьж оруулан үр дүнд нь Оюутолгойн төсөл Монгол дахь барууны хөрөнгө оруулалттай анхны томоохон төсөл болох боломж бүрдсэн.

Удалгүй эрх мэдэл дахин нөгөө талд шилжив. 2009 онд АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялалт байгууллаа. 2010 онд МАХН өөрийгөө зүүн төвийн үзэлтэй социал демократ нам хэмээн тодорхойлсон боловч МАХН болон МАН болон 2 хуваагдсан. Өмнө нь нэгдмэл мэт санагдаж байсан энэхүү нам бутарч авлигын нөлөөгөөр энэ бутрал улам бүр эрчээ авсан. 2012 оны УИХ-ын сонгуулиар АН сонгуульд ялалт байгуулсан боловч үнэмлэхүй олонхын санал авч чадаагүй. Тэрээр МАХН-ын толгойлсон “Шударга ёс” эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулсан. Гэвч чанарын өөрчлөлт орсон. АН анх удаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудлыг нэг зэрэг авсан. Үүний үр дүнд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэлд тодорхой хэмжээний нөлөөтэй болж Ерөнхийлөгчийн санаачилсан эрх зүйн шинэтгэлийн бодлогын нөлөөгөөр шүүх эрх мэдэлд ч нөлөөлөх боломжтой болов. Ингээд үндсэндээ анх удаа экс коммунист МАХН-д байсан эрх мэдэл тайван замаар анх удаа АН-д бүрэн шилжсэн. Өмнө нь сөрөг хүчин байсан нам эвлэлдэн нэгдэж, байршлаа тодорхойлж, удирдлагадаа өөрчлөлт шинэчлэл хийж, захиргааны мэдлэг чадвараа дээшлүүлсний үр дүнд өндөр хэмжээнд хөгжиж дэвшиж чадсан.

Энэ утгаараа Монгол Улс бүс нутагтаа үлгэр жишээ байж чадна. Улс төр, эдийн засгийн шилжилтийг нэгэн зэрэг параллель хэлбэрээр хэрэгжүүлсэн, үндэсний суурь зөвшилцөлд хүрч чадсан, эрх мэдлийг нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүйгээр тайван замаар шилжүүлж ирсэн, парламентын төрийн удирдлагын тогтолцоог нийгмийн өөрчлөлттэй зэрэгцүүлэн нэвтрүүлэн хөгжүүлсэн, улс төрийн олон хэлбэрт тоглолтыг бараг төгс эзэмшсэн зэргээрээ Монголын туршлага Хойд Солонгос болон Төв Азийн зарим орны хувьд нийгмийн өөрчлөлт шинэчлэлт хийхдээ үлгэр жишээ болгон хэрэглэж болох үнэлж баршгүй туршлага гэж үзэж байна. Киргизстан, Мьянмар зэрэг улс орнууд аль хэдий нь энэ туршлагаас хуваалцаж эхэлсэн.

Харин ардчиллыг хөгжүүлэхдээ Монгол орны олсон ололт амжилтын талаар ярихдаа түүний олон талт, хэзээ ч төвийг сахисан, прагматик, энх тайван ч, идэвхтэй гадаад бодлогыг нь дурдахгүй өнгөрч болохгүй. Монгол Улс Умард, Өмнөд Солонгосын аль алинтай нь тэнцвэрт харилцаатай байдаг тул эдгээр орнуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Зүүн хойд Азийн зөрчилдөөнийг шийдвэрлэх чамгүй потенциальтай орон юм. Монгол Улс Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийг даргалах хугацаандаа, ЕАБХАБ-ын парламентын хуралдааныг зохион байгуулах үедээ энэ үүргийг гүйцэтгэх хүсэл эрмэлзэлтэй бөгөөд удирдлага болон хариуцлагыг гартаа авах чадвартай гэдгээ харуулж чадсан. АСЕМ-ийн дараагийн хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсон нь тун оновчтой шийдвэр юм. Монгол Улс бүс нутагтаа энх тайвныг сахин хамгаалагчийн байр сууриа улам чангаар илэрхийлэхийг хичээж байна. Нэг талаас Орос, Хятадтай, нөгөө талаас Япон, АНУ-тай 3 талт харилцаа өрнүүлж ЕАБХАБ, АСЕМ-д илүүтэй түшиглэж буй байдал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн 1990 оноос хойш төвийг сахисан гадаад бодлого хэрэгжүүлж ирсэн Монгол Улсыг байнгын төвийг сахисан улс болгох санаачлага зэрэг нь дээрхи чиглэл рүү явж байгааг харуулж байна. Төвийг сахисан улс болох нь Орос, Хятад хоёрын хооронд түгжигдсэн газарзүйн байрлалтай Монголын хувьд чухал юм. Төвийг сахих бодлого нь хоёр хөршөөсөө шаардлагатай хэмжээнд зай барих, хоёр хөршийн хооронд эсхүл хоёр хөрш улсын аль нэг нь “гуравдагч хөрш” улстай зөрчилдөөнд орох тохиолдолд тэдгээр зөрчилдөөнөөс зай барих боломжийг Монголд олгоно. Төвийг сахисан Монгол Улс нь бусад ямар ч улсын хувьд гадаад бодлого нь тодорхой, урьдчилан тооцоолж болох Монгол байх болно. Энэ нь ч ардчилсан Монгол Улсын бүс нутагтаа болон олон улсын тавцанд хүрэхийг хүссэн зорилго бөгөөд ардчилсан замаар замнах явцдаа хэрэгжүүлж ирсэн бодлого юм.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна