Есөн сум түргэн тусламжийн машинтай боллоо

2015 оны 12 сарын 31

Эрүүл мэнд, спортын яамнаас шинэ оны босгон дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зургаан аймгийн есөн суманд Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан маркийн тусгай зориулалтын түргэн тусламжийн авто машиныг хүлээлгэн өглөө.

2015 оны  төсвийн тухай  хуулийн Эрүүл мэнд,  спортын сайдын багцаас Улсын төсвөөс Улаанбаатар хотын 9 эрүүл мэндийн байгууллагад,18 аймагт нийт 47 түргэн тусламжийн автомашиныг олгохоор тендер зарлан сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. Өмнө нь найман түргэн тусламжийн автомашиныг нийлүүлээд байсан бол өнөөдөр цас зудны байдал хүнд байгаа алслагдсан аймгуудын сумд болох Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар аймгийн  Асгат, Ховд аймгийн Ховд, Мөст сумд Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Хэнтий аймгийн Батноров, Төв аймгийн Аргалант, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумдад олголоо.

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар түргэн тусламжийн машин гардуулах үеэр хэлсэн үгэндээ Эрүүл мэнд, спортын яам, Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ард иргэддээ тэр дундаа хөдөөгийн алслагдсан сумдын малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай цаг алдалгүй хүргэх боломж нөхцлийг бүрдүүлж байна. Цаашид ч эрүүл мэндийн байгууллагуудаа төлвөлгөөний дагуу түргэн тусламжын авто машинтай болгох ажил ээлж дараатай явагдана. Шинэ он гараад мөн Япон улсаас захилсан дараагийн ээлжийн авто машин орж ирнэ гэдгийг энэ үеэр хэллээ.

Авто машин гардуулах  үйл ажиллагаанд Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНД. СПОРТЫН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна