Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Цэвээнд хүндэтгэл үзүүллээ

2015 оны 12 сарын 31

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 188 дугаар зарлигаар эрчим хүчний салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, ДЦС-4 ТӨХК-ийн хүчин чадлыг нэмэгдүүлэх 123 МВт-ын өргөтгөлийн ажлыг амжилттай зохион байгуулсныг үнэлж ДЦС-4 ТӨХК-ийн Борлуулалт, маркетингийн албаны дарга Б.Цэвээнд Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгосон билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр Б.Цэвээнд шагналыг нь гардуулж баяр хүргэсэн бол өнөөдөр ЭХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт түүнийг хүлээн авч баяр хүргэж, хүндэтгэл илэрхийллээ.

ЭХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “Б.Цэвээнд бол эрчим хүчний салбарын шилдэг тэргүүний инженер, гайхалтай сайн удирдах ажилтан билээ. Түүнд ийм эрхэм хүндэт шагнал олгосон нь салбарын хамт олны баяр бахархалыг төрүүлж байна” гэв.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Цэвээн хэлэхдээ “Надад хүндэтгэл үзүүлж хүлээн авсан ЭХЯ-ны удирдлагууддаа талархал илэрхийлье. Миний бие 1981 онд сургуулиа төгсөөд эрчим хүчний салбарт ажилласнаас хойш бараг 35 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд би хэзээ ч эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажилдаа эргэлзэж байсангүй. Хоёргүй сэтгэлээр чин сэтгэлээрээ ажилласан өчүүхэн хөдөлмөрийг маань ийнхүү өндөр үнэлсэнд баяртай байна. Энэ бол зөвхөн миний хөдөлмөрийг үнэлсэн хэрэг биш манай салбарйг, манай хамт олныг үнэлсэн хэрэг гэж би ойлгож байна. Намайг дэмжсэн ЭХЯ-ны удирдлагууд, сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн М.Сономпил, ЭХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нартаа талархаж байгаагаа илэрхийлье” гэв.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Цэвээнийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэхэд ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

Л.ХАЛИУ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна