М.Ходорковский: Үзээд алдахад бэлэн

2015 оны 12 сарын 31

 

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, “ЮКОС”-ын тэргүүн асан Михаил Ходорковский нарын хоорондох сөргөлдөөн дуусаагүй бололтой. Нэгэн цагт Оросын газрын тосны магнат байсан тэрбумтан Михаил Ходорковский сүүлийн үед Кремлийг байнга шүүмжилж, В.Путин Оросыг 1970-аад оны Зөвлөлтийн үеийнх шиг зогсонги байдалд оруулж байна гэх болсон билээ. Харин энэ арванхоёрдугаар сарын 23-нд ОХУ-ын Холбооны мөрдөн байцаах хороо Михаил Ходорковскийг 1998 онд Сибирийн Нефтеюганск хотын дарга Владимир Петухов, бизнесмен Евгений Рыбин нарын амийг хөнөөх үүрэг өгсөн хэмээн эчнээ баривчлан олон улсад эрэн сурвалжилсан юм. ОХУ-ын Шүүхээс өөрийг нь баривчлах шийдвэр гарсныг дуулаад Ходорковский BBC-д өгсөн ярилцлагадаа “Энэ бүх хэргийн цаана В.Путин байгаа.

 

Түүний  тушаалаар мөрдөгчид намайг эрэн сурвалжилж байгаа. “ЮКОС” компанийг дампууруулсны нөхөн олговорт Засгийн газраас 50 тэрбум ам.доллар шаардсан хувьцаа эзэмшигчдийн цаана намайг байгаа гэж хардаж байгаа юм. Нөгөө талаар 2016 оны парламентын сонгуульд намайг нэрээ дэвшүүлнэ гэхээс айж байгаа нь гарцаагүй.” хэмээн ярьсан юм. Ходорковский үүсээд буй нөхцөл байдлын улмаас Их Британиас улс төрийн орогнол хүсэх бодолтой байгаагаа ч нуусангүй.

 

“ЮКОС”-ын тэргүүн асан Михаил Ходорковский авилга, мөнгө угаасан хэргээр 10 гаруй жил шоронд хоригдож, 2014 онд В.Путины өршөөлөөр суллагдсан билээ. Гэвч В.Путин түүнийг өршөөл гуйсан захидал бичих хүртэл хуруугаа ч хөдөлгөөгүй. Суллагдсан өдрөө Герман руу гарсан тэрбээр улс төр, бизнесийн алинаар ч дахин оролдохгүй хэмээн ам гарч, ОХУ-д дахин очоогүй. Энэ амлалт нь Кремлийн эзэн түүнд өршөөл үзүүлсэн гол шалтгаан гэгдэж байв. Ходорковский өнгөрсөн хугацаанд зүгээр суусангүй. Германд очсон даруйдаа Орос дахь улс төрийн хилс хэрэгтнүүдэд туслах хөдөлгөөнийг үүсгэн байгуулж байв. Ходорковскийг  1998 онд гарсан аллагад буруутган олон улсад эрэн сурвалжилж эхэлсэн нь улс төрийн хоригдлуудад туслах зорилго нь хүрээнээсээ хальж, Кремльтэй дахин шөргөөцөлдөх болсонтой холбоотой гэх таамаг байгаа юм.

 

Зул сарын баярын өмнө ОХУ дахь Ходорковскийн үүсгэн байгуулсан “Нээлттэй Орос” хөдөлгөөний байр руу Холбооны мөрдөх хорооны ажилтнууд орж, нэгжлэг хийсэн бөгөөд одоо Швейцарьт амьдарч буй түүнийг ОХУ-ын талд шилжүүлэхийг тус улсаас шаардаж байгаа билээ.

 

Ходорковский өөрийгөө  2016 оны парламентын сонгуульд нэр дэвшигч ардчилагчдад санхүүгийн болон улс төрийн бодит дэмжлэг үзүүлж чадах учраас  В.Путины хувьд аюултай өрсөлдөгч гэж үзэж байгаа юм.

 

“В.Путины өрсөлдөгчдийн хувь тавилан харамсалтайгаар дууссан. Нууц тагнуул байсан Александр Литвиненко  Лондон зочид буудалд радио идэвхит полонид хордож нас барсан. Танд ийм зүйл тохиолдоно гэж бодож байна уу? “ гэсэн BBC –гийн асуултанд тэрбээр “Би шоронд 10 гаруй жил хоригдсон. Хэрвээ намайг алах байсан бол амархан алчихсан байх байсан. Би Лондонд хэзээ хэзээнээс илүү аюулгүй тайван байдаг” хэмээн ярьжээ.

 

Оросын Холбооны мөрдөх хорооны ажилтнууд Ходорковскийн аав 82 настай Борис Ходорковскийг өнгөрсөн наймдугаар сард дуудаж, Сибирийн хотын даргын аллагын хэргээр мэдүүлэг авсан юм. Учир нь тэр үеэс эхлэн Михаил Ходорковскийг уг хэргийн гол сэжигтэн гэж үзсэн байна. Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Холбооны мөрдөн байцаах хорооны дарга Владимир Маркин Ходорковскийг дээрх аллагын гол захиалагч болохыг нотлох баримт бий гэж мэдэгдэж байв.

 

Харин Ходорковский үүнийг няцааж “Миний буруутай гээд байгаа аллагатай холбоотой ямар ч мөрдөн байцаалт явуулаагүй. Тэдний гол зорилго бол намайг бас миний гэр бүлийг хяхаж, хавчих”  гэсэн билээ. Ходорковский өвчтэй эхийгээ нас барах хүртэл чимээгүй байв. Харин ээж нь өнгөрсөн жил нас барснаас хойш Ходорковский улс төрийн мэдэгдлүүд хийж, Орос дахь “Нээлттэй Орос” хөдөлгөөнөө Германаас  удирдаж байв. Тэр одоо ОХУ-д эргэж очих л юм бол баривчлагдана гэдгийг мэдэж байгаа.

 

Өнгөрсөн жил Ходорковский Цюрихийн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа ОХУ дахь В.Путины дэглэмийг унагахад бэлэн гэсэн юм.

 

Тэрбээр В.Путиныг засгаас буулгах оргилсон хүсэлгүй ч нэг л өдөр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж ярьсан байна.

 

Ходорковский “Би ерөнхийлөгч болохыг тэгтлээ их хүсч байна гэж хэлэхгүй ч хүмүүс надаас тэгж хүсч байгаа бол би үзээд алдахад бэлэн” гэсэн юм.

 

Н.ЭНХ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна