Эх хуулийн эх хувилбар

2016 оны 1 сарын 1

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд өргөн барьсан юм. Уг хуулийг дагалдуулж, Ард нийтээс санал асуулга авах хуулийн төслийг мөн хамтад нь өргөн барьсан.

1992 онд батлагдсан анхны ардчилсан Үндсэн хуулийг өөрчлөхөөр УИХ-аас  ажлын хэсэг байгуулсан бөгөөд  уг ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүн ахалж ажилласан юм. 

Өнгөрсөн 24 жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн болон УИХ, орон нутгийн ИТХ-ын сонгуулийг зургаан удаа зохион байгуулжээ. Мөн өнгөрсөн 24 жилийн хугацаанд  13 Засгийн газар байгуулжээ. Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ 2000 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр долоон нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох, УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хугацааг таван жил, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил, бүх шатны Засаг дарга нарын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, ИТХ-ын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлэхгүй байх, Үндсэн хуулийн Цэцийг бүрдүүлэх, Улсын ерөнхий прокурорыг томилоход Засгийн газрын оролцоог бий болгох зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.Ингээд Эх хуулийн болгон өөрчлөх Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүрэн эхээр нь хүргэе.


2015 оны … дугаар                                                                                                 Улаанбаатар

сарын ...-ны өдөр                                                                                                            хот

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ

 

1 дүгээр зүйл.“Үндсэн хууль” гэсэн нэрийг “Эх хууль” гэж нэрлэж, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид байгаа “Үндсэн хууль” гэсэн нэр томьёог “Эх хууль” гэж хэрэглэсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “хуралдааныг” гэсний дараа “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, Хорин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь Улсын Их Хурлын гишүүн байж болно.” гэсэн 3 дахь өгүүлбэр тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Монгол Улсын Үндсэн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчилсүгэй:

1/Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

6/Ерөнхий сайдыг томилох, чөлөөлөх, огцруулах;”

2учин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг:

“4.Ерөнхийлөгчийг сонгох асуудлыг Улсын Их Хурлын гишүүд, аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарыг оролцуулсан бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана.”

3/Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Засгийн газар дор дурдсан яамтай байна:

        1/Сангийн яам;

                        2/Дотоод хэрэг, хууль зүйн яам;

                        3/Гадаад хэргийн яам;

                        4/Байгаль орчин, хөгжлийн яам;

                        5/Батлан хамгаалах яам;

                        6/Гэгээрлийн яам;

                        7/Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам;

                        8/Хөдөө аж ахуйн яам;

                        9/Дэд бүтцийн яам.

Монгол Улсын Ерөнхий сайд шаардлагатай гэж үзвэл Засгийн газрын үйл ажиллагааны тодорхой асуудал хариуцсан гурваас илүүгүй Засгийн газрын гишүүнийг нэмж болно. Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүний саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”

4/Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгчид толилуулж, Улсын Их Хуралд танилцуулсанаар уг шийдвэрийг батламжилсан Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.”

5/Дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Улсын Их Хурлын нийт гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал уг асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэх бөгөөд олонхийн саналаар дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилсон, өмнөх Ерөнхий сайдыг огцруулсан тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.”

6/Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосон Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хурлын зөвшөөрснөөр, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч зарлиг гарган батламжилна. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн шүүгчид дотроосоо гурван жилийн хугацаагаар олонхийн саналаар нууц санал хураалтаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно.”

7/Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий сайд нэр дэвшүүлж, Улсын Их Хурлын зөвшөөрснөөр Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зарлиг гарган батламжилна.”

8/Тавин долдугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг:

“1.Монгол Улсын нутаг дэвсгэр нь засаг захиргааны хувьд аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод, аймаг нь сум, хотод, сум нь багт, хот нь хороонд хуваагдана. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот нь засаг захиргааны тусгай нэгж мөн бөгөөд түүний удирдлагын эрх хэмжээ, тухайн нэгж доторх засаг захиргааны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

З.Засаг захиргааны нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг харгалзан Улсын Их Хурал шийдвэрлэнэ.”

9/Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн бөгөөд түүний нутаг дэвсгэрийн хилийн цэсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.”

10/Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг, сум, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг тус тус сонгож иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгож байгуулах журмыг хуулиар тогтооно.”

11/Жардугаар зүйл:

“1.Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот, баг, хороонд төрийн удирдлагыг тухайн аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ.

2. Аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын Засаг даргыг Ерөнхий сайд, баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө. Сум, хотын Засаг даргын сонгуульд улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд иргэн зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ. Сум, хотын Засаг даргыг иргэд дөрвөн жилийн хугацаагаар шууд сонгож, аймгийн Засаг дарга батламжилж, мөн хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна.” гэж өөрчлөх.

3.Засаг дарга бүрэн эрхээ дараагийн Засаг даргыг томилтол хэвээр хадгална.”

12/Жаран нэгдүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг:

“2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт тухайн шатны Засаг дарга хориг тавих эрхтэй.

4.Баг хорооноос бусад засаг захиргааны нэгжийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мөн.  Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно. Засаг захиргааны нэгж дэх төрийн захиргааны албаны удирдлагыг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлнэ. Төрийн тусгай албаны удирдлагыг төвлөрсөн удирдлагын зарчмаар хэрэгжүүлнэ. Засгийн газар засаг захиргааны нэгж дэх төрийн тусгай албаны удирдлагын зарим эрх мэдлийг тухайн шатны Засаг даргад шилжүүлж болно.”

13/Жаран хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Улсын Их Хурал шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлүүлэхээр аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шилжүүлж болно.”

4 дүгээр зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “далан зургаан” гэснийг “ерэн есөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэг, Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жардугаар зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн” гэснийг “таван” гэж, Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “илээр” гэснийг “нууцаар” гэж, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт, Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн” гэснийг “засаг захиргааны” гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийн “ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН” гэснийг “ЗАСАГ ЗАХИРГААНЫ” гэж, Хорин долдугаар зүйлийн 6 дахь заалтын “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг” гэснийг “Ерөнхий сайдыг” гэж, Жаран гуравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн” гэснийг “Засаг захиргааны” гэж, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “дөрвөн жилийн хугацаагаар” гэснийг “зургаан жилийн хугацаагаар нэг удаа” гэж, Гучин долдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” гэснийг “Ерөнхийлөгчийг хоёр сарын дотор сонгоно.” гэж, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн” гэснийг “нутаг дэвсгэрийн” гэж,  Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн” гэснийг “Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хотод тухайн засаг захиргааны нэгжийн” гэж, Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг”  гэснийг “нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд” гэж, Жаран гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “нийслэл, сум, дүүрэг” гэснийг “Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон сум, хот” гэж,  Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч” гэснийг “Засгийн газар” гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.” гэсэн 2 дахь өгүүлбэр, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “Ерөнхийлөгчийн ба”, Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхийлөгч,” Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг” гэснийг тус тус хассугай.

6 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 1, 3, 5, 6, 7 дэх хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 10 дахь заалт, Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин дөрөвдүгээр зүйл, Тавин долдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Жаран хоёрдугаар  зүйлийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

7 дугаар зүйл. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 20 ... оны ... дугаар сарын … -ны өдрийн ... цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна