Бүгдээрээ хүлээсэн бүл нэмэлт

2016 оны 1 сарын 1

2015 онд Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа. Гурван сая дахь иргэн дуу хадаан мэндлэх тэрхэн агшныг монголчууд цөмөөрөө бүтэн жилийн турш чих тавин чагнасан билээ. Тиймдээ ч 2014 он бүхэлдээ их хүлээлтийн жил байсан гэж тодорхойлж болно. Үндэсний статистикийн хорооны албан ёсны сайтад байрлах Хүн ам зүйн цаг 2 сая 900 давмагц л монгол хүн бүр гурван сая дахь иргэн хэзээ төрөх бол хэмээн цаг минут тоолон хүлээсэн. Тиймээс ч 2014 онд Монгол Улсын хүн ам хамгийн өндөр хувиар өссөн юм. Алтан гахай жил, ам цагаан хулгана жилд төрсөн хүүхдүүдийн тооноос ч давж гарсан нь Монгол түмнийг 30 бум /гурван сая/ болгон мэндлэх эрхэм хүмүүний их хүлээлттэй холбоотой байсан. Гэвч учрал тохиол 2015 оны нэгдүгээр сарын 24-ний билэгт сайн өдрийг сонгосон билээ.

Ерөнхийлөгч 3 сая дахь иргэнд нэр хайрлалаа

2015 оны нэгдүгээр сарын 24-ний бямба гаригийн өглөөний 08.27 минут 25 секундэд 3,500 грамм 51 сантиметр охин Өмнөговь аймгийн Даланзадгад суманд мэндэлсэн нь Монгол Улсын гурван сая дахь иргэн байлаа. Тэрбээр айлын ууган охин байсан нь Монголын үр сад мянга түмээр үржихийн бэлгэдэл болсон юм. Монгол Улсын гурван сая дахь иргэнээр бүртгэгдсэн бяцхан охинд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголжин хэмээх бэлгэ дэмбэрэлт нэр хайрлалаа. Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнийг өлгийдөн авсан тэр мөчид хэлсэн мялаалга үгэндээ “Туурга тусгаар, бүрэн эрхт, эрх чөлөөт Монгол Улс гурван сая дахь иргэнээ тосож авлаа. Гурван мянганы эхэнд, Морин жилийн барианд, гурвалсан чандмань лугаа Монгол Улсын иргэд гурван сая болон өслөө. Юутай их баяр бахархал вэ! Монголчууд бид ерөөлөөр улам олуулаа болж байна. Манай Улсын хүн ам цаашид “Гурван сая” гэсэн билэгдэлт тоон дээр үргэлж өсч, үргэлж нэмэгдэн тоологдох болно оо” хэмээн өгүүлсэн юм.

Монголжин охнины аав Э.Хатанболд 10 хүүхэдтэй айлын дунд хүү бол ээж Г.Аззаяа айлын хоёр дахь хүүхэд ажээ. Монгол Улсын төр гурван сая дахь иргэнээ 70 сая төгрөгтэй тэнцэх орон сууцаар шагнасныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн биеэр очиж дуулгасан билээ. Монгол Улс хоёр сая дахь иргэндээ зориулж хүүхдийн дүрс бүхий зоос үйлдвэрлэж байсан бол гурван сая дахь иргэнээ бэлгэдсэн логондоо аав, ээж, хүүхэд гурвыг дүрсэлсэн юм. Гурван сая дахь иргэнд олон бэлэг гардуулсны дотор Статистикийн үндэсний хорооныхон Улаанбаатар хивс компанид захиалж хийлгэсэн хивс бас нэгэн өвөрмөц сюрприз болсон юм. Хивсийг Э.Хатанболдын гэр бүлийн зургаар бүтээжээ.

Х.Монголжингийн үе чацуутнууд

Тэрхүү учрал ерөөлт өдөр Монголд шинээр 181 иргэн мэндэлснээс гурав нь гадаадад, 178 нь эх орондоо төрсөн байна. Гурван сая дахь иргэнийг алдаа мадаггүй бүртгэхийн тулд бүх төрөх эмнэлгүүдийн цагийг Стандартчлал хэмжилзүйн цагтай тааруулж, бүх төрөлтийн цаг минутыг нарийвчлан тогтоож байлаа. Х.Монголжин нь 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 73 дахь төрөлт байжээ. Х.Монголжин охины өмнөхөн 08.23 цагт Увс аймгийн Улаангом суманд Б.Туул бүсгүй нэгэн нуган үр төрүүлсэн бол дараа нь Дорноговь аймгийн Сайншанд суманд Д.Батхүү, Т.Шүрэнчулуун нарын охин мэндэлжээ. Х.Монголжингоос хоёрхон хүүхдийн дараа Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт ихэр хүүхэд мэндэлсэн байдаг. Мөн өдөр Америкт ажиллаж, амьдарч байгаа монгол айл ихэр хүүхдээр бүл нэмсэн гэхчилэн сонин содон үйл явдлаар дүүрэн байсан юм.

Х.Монголжин охины чацуутнуудыг аймаг, дүүрэг болгоноос тодруулан алдаршуулсан. Гурван сая дахь иргэнтэй нэг өдөр төрсөн бүх хүүхдийг гурван сая төгрөгөөр мялаасны дээр аймаг, дүүргүүдээс Х.Монголжинтой хамгийн ойр төрсөн нэг хүүхдийг тодруулж, орон сууц олгосон билээ. Гурван сая дахь иргэн болоод түүний чацуутнуудыг тодруулан алдаршуулахад зориулж засгийн газраас 958 сая төгрөг зарцуулсан байна.

Монгол Улсын нэг сая дахь иргэн

  • 1962 оны хоёрдугаар сард мэндэлсэн.

Монгол Улсын хоёр сая дахь иргэн

  • Г.Болортуяа 1988 оны долдугаар сарын 11-нд Дархан хотод мэндэлжээ.

Монгол Улсын гурван сая дахь иргэн

  • Хатанболдын Монголжин 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн.

Х.Монголжин 2015.12.31

Энэхүү давтамжаас харахад Монголын хүн ам 26-27 жилд нэг саяар нэмэгдэж буй нь харагдана. Уг нь зүй нь хүн амын тоо нэмэгдэх тусам саятны давтамж ойртож байх учиртай. Гэтэл хоёр сая дахь иргэн төрснөөс хойш Монголын хүн ам 27 жилийн дараа гурвсан саяд хүрсэн нь нь шилжилтийн үед Монголын хүн амын өсөлт саарсны дээр үр хөндөлтийг чөлөөлсөнтэй холбоотой хэмээн эмч мэргэжилтнүүд дүгнэж байлаа. Дөрвөн сая дахь иргэний түүчээг ойртуулахын тулд хүн амынхаа өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэхийн чухлыг Монголын төр засагт, засаг баригчдад сануулсан билээ.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна