Хээр цасанд суусан хүмүүсийг аварчээ

2016 оны 1 сарын 1

Баярын өдрүүдэд Онцгой байдлын албаныхан амралтгүй ажиллаж, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэж  байдаг. Тэдний тусламж цаг ямаг хэрэгтэй байдгийн дээр аврагч нарын ачаар хүмүүс аюул ослоос эсэн мэнд үлддэг. Шинэ он солигдох мөчид ч онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж хүмүүст онцгой тусламж үзүүлжээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн нутаг “Хатуугийн давааны энгэр” гэдэг газар “Тоёото” загварын суудлын автомашинтай 4 том хүн, 2 нялх хүүхэд цасанд суусан тухай  дуудлагыг 2015 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн 15:35 цагт өгчээ. Төв аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлэн машиныг цаснаас гарган, хүмүүсийг аймгийн төвд хүргэж өгсөн байна.

Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Яармагаас Зайсан орох уулын хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Ниссан” загварын автомашин, “Хонда” загварын автомашинтай мөргөлдөж, зорчигчид гэмтжээ. Иргэн Б /50 настай, эрэгтэй/, Д /49 настай, эмэгтэй/, С /37 настай, эмэгтэй/, Ц /31 настай, эмэгтэй/, Б /21 настай, эрэгтэй/ нар хөнгөн гэмтсэн байсныг анхны тусламж үзүүлэн Яаралтай түргэн тусламжийн эмч нарт шилжүүлэн өгчээ. Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Дархан Ус суваг” ХК-ийн зүүн талын хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт “Тоёото” загварын автомашин самбар мөргөж, төмөр хийцэнд хүн хавчуулагдсан байсныг мөн аварчээ. Осол урьд шөнө /2016  оны нэгдүгээр сарын 01-ний/  03:48 цагт гарсан байна. Машинд хавчуулагдсан иргэн Б /27 настай, эрэгтэй/, Л /27 настай, эмэгтэй/ нарт эмнэлэгийн анхны тусламж үзүүлэн, түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгчээ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна