“Алтан сарнай-2015”-ын шилдгүүд тодорлоо

2016 оны 1 сарын 1

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооноос жил бүрийн 12 дугаар сарын 31-нд “Алтан сарнай” наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. Уламжлалын дагуу 2015 оны “Алтан сарнай” наадмын эздийг тодруулах ёслол өчигдөр Шангри-Ла зочид буудлын хүндэтгэлийн танхимд боллоо. Улиран одсон 2015 оны салбар салбарын шилдгүүд тодорлоо.   

Шинжлэх, ухаан техникийн салбар - Д.Дэмбэрэлнямба

Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “МонХимо” компанийн эрдэм шинжилгээний төвийн захирал, МУИС-ийн багш, Химийн ухааны доктор, профессор. “Адууны яснаас гарган авсан яс бэхжүүлэх кальцийн бэлдмэл”-ийг боловсруулсан.

 

Соёл урлагийн салбар - Г.Ариунбаатар

2012 онд Глинкийн уралдааны тэргүүн байр, Жанцанноров багштайгаа хамтарч, багшийнхаа бүтээлүүдээр “Монгол сонгодог” тоглолт хийсэн. 2014 онд Муслим Магомаевын нэрэмжит уралдаан, 2015 оны тавдугаар сард Байкал гэж дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаанд оролцсон. Сонгодог урлагийн дэлхийн олимп гэгддэг, дэлхийн сонгодог урлагийн хамгийн том наадмын нэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач, мэргэжлийн хөгжимчдийн уралдааны Гранпри шагналыг хүртсэн Монгол Улсын гавьяат жүжигчин, ОХУ-ын гавьяат жүжигчин цолтой.

 

Спортын салбар - М.Даваажаргал

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2015 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Тэрээр 30 насандаа Японы эзэн хааны цомыг 35 дахь удаагаа гардаж авсан нь одоогоор мэргэжлийн сүмогийн хамгийн дээд амжилт болоод байна. Сүмо бөхийн домог болсон их аварга Чиёнофүжи 32 насандаа 31, их аварга Тайхо 35 насандаа 32 дахь түрүүгээ авч дээд амжилтын эзэн болж байсан. Хакүхо М.Даваажаргал 29 насандаа 33 дахь түрүүгээ авч байсан түүхтэй аж. Мөн түүний сүмогийн түүхэнд үзүүлсэн дээд амжилтыг Гиннесийн номонд албан ёсоор бүртгэн баталгаажуулсан байна.

 

Олон нийтийн байгууллагын шилдэг удирдлага - Б.Лхагважав

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим/МХАҮТ/-ын ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн дарга. Тэрээр 2007-2008 оноос Татварын шинэчлэл, өршөөлийн хуулийг ганцаараа шахам зүтгүүлэн гаргасан. Гэвч тухайн үеийн манай улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд хуулиудын үр дүн төдийлөн гараагүй билээ. 2015 оны хувьд  Б.Лхагважавын удирдаж буй МҮХАҮТ Монголын хувийн хэвшил, бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд санхүү, татварын шинэчлэлийн хуулиудыг гарахад анхнаас нь Ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ил тодын хуулийг УИХ-аар батлуулахын төлөө төрийн түшээдийг шахаж шаардан уриалж уйгагүй явсны хүчинд уг хууль 2015 оны 8 дугаар сард гарч улмаар энэхүү хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас гаргахад хүчин зүтгэжээ.

 

Хэвлэл, мэдээллийн салбар - “Монгол HD” ТВ, “Авьяаслаг монголчууд” төсөл

”Монгол” телевизийн уран бүтээлчид, “Got talent” шоуны ажлыг 2014 оны 10 дугаар сараас эхлүүлжээ. Тэд 2000 гаруй авьяастны үзүүлбэрийг үзэж сонирхоод сүүлийн шатны шалгаруулалтад 220 оролцогчийг оруулсан байна. Ингээд хагас шигшээгээс шигшээ гэсэн журмаар явагдаж шоуны ялагч тодорсон. Шоуны шүүгчээр “Харанга” хамтлагийн ахлагч, Гавьяат жүжигчин Б.Чулуунбат, нэвтрүүлэгч Б.Чимэгээ, хийлч Б.Дэлгэрцэцэг, рэппер Rokit Bay нар ажиллажээ.

“Монгол ТВ”-ийн төлөөлөгчид, телевизийн контент худалдан авах мөн дэлхийн телевиз үзэгчдийн чиг хандлага юунд илүү төвлөрч байгаа гээд олон талын судалгаа хийхээр хоёр жилийн өмнөөс Каннын телевизийн наадамд оролцож эхэлжээ. 2014 оны Каннын телевизийн наадамд Английн продюссер Саймон Коуэл “Got talent” шоуны талаар ярихдаа Монгол Улсад энэхүү шоу хийгдээгүй гэдгийг онцлон дурджээ. Тиймээс “Монгол ТВ”-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин, дэд захирал Г.Бат-Эрдэнэ нар тус шоуны албан ёсны эрхийг авсан байна. Тэдний гол зорилго нь Монголын авьяастнуудыг олон улсад таниулах байсан аж.

 

Нийгэм, хүмүүнлэгийн салбар - “1000 төгрөг” аян

Түлэгдсэн хүүхдүүдэд зориулж “25-р суваг” телевиз Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн нөхөн сэргээх тасагт нэн шаардлагатай байгаа хоёр тоног төхөөрөмжийг авч өгөх зорилгоор “1000 төгрөг” аяныг хэрэгжүүлжээ. Задгай зуухтай монгол гэрт амьдардаг бидний онцлогоос шалтгаалан хүүхдүүд түлэгдэлтэд өртөх нь их байдаг. Жилд дунджаар 7000 гаруй хүн түлэгддэг бөгөөд үүний 70-80 хувь нь 0-3 насны хүүхэд байдаг харамсалтай баримт бий. Тус аяны гол зорилго нь зөвхөн тоног төхөөрөмж авч өгөхөөр хязгаарлагдалгүй хэрвээ монголчууд бид нэгдэж чадвал хамтдаа юуг ч бүтээж болно гэдгийг харуулсан монголчуудыг нэгтгэж чадсан томоохон аян болжээ.

 

Бизнесийн салбар - Б.Дэлгэрсайхан

Дорноговь аймгийн уугуул Б.Дэлгэрсайхан “Чандмань” компанийг 1993 онд үүсгэн байгуулсан байна. Улмаар Дорноговь аймгийн махны үйлдвэр, хүнсний үйлдвэрийг дуудлага худалдаагаар авч өргөжүүлсэн нь хожмын “Дорнын говь” компани юм. Тус компани тухайн үед аймгийн төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлж байснаараа МҮХАҮТ-ын “Үндэсний ТОП-10” компаниар удаа дараа шалгарч байжээ. 2000 онд Сэлэнгэ аймагт махны үйлдвэрийг, 3000 тонн багтаамжтай хөргөлтийн агуулахыг, 2004 онд Багануур дүүрэгт 2500 тонн хөргөлттэй агуулахыг махны үйлдвэрийн хамт тус тус байгуулж, тухайн үедээ Монгол Улсын нийт махны экспортын 60 хувийг дангаараа бүрдүүлж байв. 2004 оноос уул уурхайн чиглэлээр “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна.

 

Улс төр - С.Бямбацогт

Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын нарийн бичгийн дарга. Тэрбээр 2015 онд УИХ дахь МАН-ын бүлэг улс орны эдийн засгийн хямрал хүндрэлийг даван туулахын тулд бүтээлч санал санаачлага гаргаж, зөвшилцлийг эрхэмлэн ажиллажээ.

Ийнхүү “Алтан сарнай-2015” наадмын шилдгүүд тодорлоо.  

Ч.БОЛОР  

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна