Баримтаа авч сугалаанд оролцоорой

2016 оны 1 сарын 2

Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжин эхэлж буй Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдөр Татварын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан НӨАТ-ын хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасны дагуу татвар төлөгч урамшуулалд хамрагдах юм. НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулгын дагуу худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, ААН байгууллагууд нь худалдан авагч нартаа татварын нэгдсэн системээр баталгаажсан сугалаа бүхий баримтыг худалдан авагчиддаа хэвлэж өгөх мөн Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүрэгтэй.

Иргэдийн хувьд хамгийн эхлээд www.ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болно. Бараа үйлчилгээ худалдан авч буй хувь хүн/иргэн/ та энэхүү баримтаа авч өөрийн нэр дээр бүртгүүлснээр төрөөс олгож байгаа НӨАТ-ын 20 хүртэл хувийн буцаалт болон сар бүр зохион байгуулагдах сугалаат урамшуулалд оролцож, 100 сая хүртэл төгрөгийг хожих боломжтой болох юм.

Өчигдрөөс эхлээд “Петровис” ШТС, “Сод Монгол” ШТС, “Номин” сүлжээ дэлгүүр, “Макс” хүнс, “Скай” худалдааны төв, БОСА сүлжээ дэлгүүр зэрэг газруудаас сугалаатай баримт хэвлэж эхэлсэн байна.

Ингээд Татварын ерөнхий газрын татвар төлөвлөлтөд үйлчлэх газрын дарга С.Орхоноос зарим зүйлийг тодрууллаа.

-Шинэчлэн батлагдсан НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан иргэдээс ямар асуулт түлхүү ирж байна вэ?

-2015 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан НӨАТ-ын тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ. Иргэд хамгийн түрүүн www.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. Тухайн сайт руу оролгүй лавлах 1800-1288 дугаарын утас руу холбогдох тохиолдол их гарч байна. Бүх зааварчилгаа цахим хуудас дээр байгаа. Зааврын дагуу та тасалбарын дугаарыг оруулсны дараа систем дээр бүртгэгдээд хоёр хувийн буцаан авах худалт хийгдэнэ. Сугалаанд орсон өдөр та ялах юм бол автоматаар таны урамшуулал таны дансанд шууд орох юм. Бага дүнтэй гүйлгээг автоматаар дансанд хийх учраас иргэд цахим сайтыг ашиглах шаардлагатай болж байгаа. Мөн иргэдээс QR кодтой хэсгийг асууж байна. Бүх аж ахуйн нэгжүүд QR кодтой баримтыг өгөх үүрэгтэй. Энэ нь өөрөө татварын албан ёсны баталгаажуулалт болж байгаа.

Иргэд хамгийн түрүүн www.ebarimt.mn сайт руу орж бүртгүүлэх юм. Бүх аж ахуйн нэгжүүд QR кодтой баримтыг өгөх үүрэгтэй. Энэ нь өөрөө татварын албан ёсны баталгаажуулалт болж байгаа. Сугалааны тухайд сард 2-3 удаа явагдах ба нэг сугалаагаар гурван удаа оролцох боломжтой. Эхний сугалаа 1.1-10-ны хоорондох сугалаагаар 1.17-ны өдөр явагдана.

-Зарим газруудад сугалаатай баримт олгохгүй байна гэсэн гомдол ирсэн байна. Одоогоор ямар газруудаас гомдол ирсэн бэ?

-Татварын 1800-1288 дугаарын утсанд хэрэглэгчдээс гомдол маш ихээр ирсээр байна. Одоогоор “Сансар” сүлжээ дэлгүүр, “Хүрмэн” эмийн сан, “Замбала” дэлгүүр, “Магнай трэйд” ШТС, Миний дэлгүүр, Pizza Hut, “Orange” супермаркет, Хүнсний 4-р дэлгүүр зэрэг газрууд иргэдэд сугалаатай баримт олгохгүй байна гэсэн гомдол бүртгэгдсэн. Гомдлын дагуу ирэх ажлын өдрөөс эхлэн хуулийн дагуу Татварын байцаагчид арга хэмжээ авч эхэлнэ. Энд бас нэгэн жишээ дурдмаар байна. Өчигдөр “Everyday” сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн иргэн гарахдаа өөрийнхөө баримтаа хогийн сав руу хийсэн тохиолдол гарлаа. Хэдийгээр QR код байхгүй ч гэсэн сугалааны дугаар байгаа бол албан ёсоор бүртгэгдэж байгааг хэлмээр байна. Баримт өгөхгүй, алдаатай зөрүүтэй баримт олгож байгаа асуудал байх юм бол 1800-1288 утсанд хэлж, гомдлоо барагдуулах бүрэн боломжтой.

-Аж ахуйн нэгж байгуулага бүрэн холбогдсон уу? Сугалаа хэдний өдрөөс эхлэх вэ?

-НӨАТ-ын суутган төлөгч 30 мянган ААН, иргэд байгаа. Одоогоор 3500 аж, ахуйн нэгж холбогдсон. Бүгд холбогдох ёстой. Зах худалдааны төвд лангуугаар бизнес хийж байгаа иргэдийг бүртгэлжүүлэх ажил 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хийгдэнэ. Тэгэхээр 1.15-ны өдрөөс эхлэн зах, худалдааны төвөөр сугалаатай баримт олгогдоно. Сугалааны тухайд сард 2-3 удаа явагдах ба нэг сугалаагаар гурван удаа оролцох боломжтой. Эхний сугалаа 1.1-10-ны хоорондох сугалаагаар 1.17-ны өдөр сугалаанд оролцоно. Мөн 1.10-20-ны өдрүүдийн/1.01-20/ баримтаар 1 сарын сүүлийн долоо хоногт сугалаанд оролцох боломжтой. 3, 4, 5-р саруудад сард хоёр удаа сугалааг зохион байгуулахаар хуваарь гарсан байгаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна