“Монголынхоо хөдөөгийн ахуйг харуулахыг зорьсон”

Хуучирсан мэдээ: 2016.01.02-нд нийтлэгдсэн

“Монголынхоо хөдөөгийн ахуйг харуулахыг зорьсон”

Австрийн нийслэл Вена хотноо 2015 оны 11 дүгээр сарын 18-наас 12 дугаар сарын 5-ны хооронд “Эх дэлхийн мисс” буюу “Miss Earth” тэмцээн болж өнгөрсөн. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Miss Mongolia-2015” тэмцээний тэргүүн мисс А.Баярцэцэгтэй шинэ оны эхний өдөр ярилцсанаа хүргэж байна. Тэрээр 95 орны мисс оролцсон “Miss Earth-2015"-ын шилдэг 16 оролцогчийн нэгээр шалгарсан юм. 

-Юуны өмнө таньд шинэ оны баярын мэндийг хүргэе. Өнгөрсөн оны хувьд таны хувьд ямар амжилт бүтээлээр угтав?

-Баярлалаа. 2015 он ард хоцорч шинэ он эхэллээ. Он солигдох энэ үед их том ажлын ард гарлаа. Өнгөрсөн онд миний хувьд их том амжилтын жил байлаа. Эх орноо төлөөлөн дэлхийн 95 орны мисс оролцсон “Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцож, финалын шалгаруулалтад шилдэг 16 миссийн нэгээр шалгарч чадлаа. Гурван долоон хоногийн хугацаанд хүмүүсийн хандлага ямар сайхан байсныг ойлгосон доо. Бүгд л сэтгэл зүрхээрээ тусалж, дэмжсэнд талархаж байна. Тэр тэмцээнд амжилттай оролцсон минь ганц миний хүч хөдөлмөр биш юм. Тэмцээний үеэр бусдын өгч байгаа тэр сэтгэл надад маш сайхан энергийг өгч байсан. Түүний хүчинд би улам их хичээсэн. Хайр, урмын сэтгэл бол тэмцээнээс үлдсэн хамгийн сайхан дурсамж боллоо. Тиймээс 2015 оны сүүлийн өдрүүдийг амжилт бүтээлтэй угтлаа. Магадгүй энэ маань миний олон сарын хөдөлмөр, зүтгэл байлаа.

-“Эх дэлхийн мисс-2015” тэмцээний ялагч Филиппиний мисс Анжелиа Онг нутагтаа очоод ярилцлага өгөхдөө Монголын мисс их хүчтэй өрсөлдөгч байлаа гэж онцолсон байсан? Та тэр ярилцлагыг уншсан байх?

-Титэм гэдэг бол мэдээж ялалт. Филиппиний мисс маш хүчтэй эмэгтэй байсан. Эх орондоо очоод өгсөн ярилцлагыг уншсан. Тэр миссийн зүрх сэтгэлд нь хүрч хүндлэгдэж, Монголын баг хүчтэй байсан гэдгийг дахин мэдрэх сайхан байсан. Эндээс би өөрийгөө “Miss Earth-2015” тэмцээнд сайн оролцсон юм байна гэдгээ мэдэрсэндээ. Филиппиний миссийн хувьд бид нэг баг болсон. Тухайн үед тив бүрийн дунд илтгэлийн тэмцээн явагдсан. НҮБ-ын индэр дээрээс илтгэл тавих эрх тив бүрийн төлөөлөл болсон бүсгүйчүүдэд оногдсон. Азийн 33 орны миссээс Анжелиа Онг бид хоёрын хэн нэгэн нь тавих хэрэг гарсан. Тэгээд би тивийн миссүүдээ төлөөлөөд Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай холбоотой сэдвээр илтгэлийг тавьсан. Бидний илтгэл шалгарсныг финалын өдөр гардуулсан нь бүр их сайхан үйл явдал болж байлаа. Тэр тэр хүчтэй хүнтэй нэг болж, бид бие биенээ хурцалж байсныг харлаа.  

“Miss Earth-2015”-ын титмийн эзэн Филиппиний миссийн ярилцлагыг уншаад түүний зүрх сэтгэлд нь хүрч хүндлэгдэж чадсан байна гэдгийг ойлгосон. Шаргуу хөдөлмөрлөсөний үр дүнд ямар нэгэн амжилтанд хүрдэгийг харах сайхан юм билээ. 100 гаруй хүүхэд өрсөлдсөн улсын олимпиадад түрүүлэх гэдэг амаргүй даваа. Даваа бүрийн цаана бэрхшээл бий. Гэхдээ өөртөө итгэлтэй байгаад зорьсон зорилгодоо тууштай байх юм бол хүн ямар ч бэрхшээлийг давж чадна.

-Сүүлийн хоёр жил гаран АНУ-д сурч, ажиллаж байсан гэсэн. Мөн “Марко Поло-2” кинонд тоглох үеэр олон оронд очжээ. Гадны орны соёлын тухайд юу хэлэх вэ?

-Би айлын ганц охин. Их сургуулиа төгсөөд АНУ-д сурах бодол байсан. Хүн бүр эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэдэг. Гэхдээ гадаадад амьдардаг хүмүүст шүүмжлэлтэй ханддаг нэг хэсэг байдаг. Харин буцаад үүнийг өөр өнцгөөс харах хэрэгтэй. Бид гадны орны соёл, түүх, ахуй орчноос суралцах ёстой. 21-р зуунд даяарчлагдаж байгаа энэ нийгэмд бид боломжтой, чадалтай байгаа бол дэлхийн улс оронд очоод суралцах хэрэгтэй. Миний хувьд “Марка Поло” киноны хоёрдугаар ангид тоглож, олон орноор кино зураг авалтаар явсан. Тэр үед Унгарын нийслэл Будапешт бусад хотоос илүү их таалагдсан. Яагаад гэхээр унгарчууд өөрсдийгөө монгол цустай гэж ярьдаг юм билээ. Одоог хүртэл тэнд хөх толботой хүүхэд төрдөг гэсэн. Тиймээс Монгол бол бидний өвөг дээдэс, ахан дүүс гэж биднийг хүндэтгэж байсан. Ер нь очсон орон болгоныхоо түүхийг судлахыг хичээдэг.

-Ингэхэд “Марко Поло-2” кино хэзээ нээлтээ хийх билээ?

-2016 оны зун нээлтээ хийнэ.

-Таныг баримтат кино найруулж байгаа гэсэн. Кинонд тоглохоос гадна найруулах ямар байна вэ?

-Өнгөрсөн онд хийсэн миний бас нэгэн том ажил бол “Язгуур лугаа” баримтат кино юм. Улаанбаатар хотод төрж өссөн айлын ганц охин. Хөдөөгийн амьдралыг сайн мэдэхгүй надад мэдэх, сурах зүйл их байлаа. Соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах тухай “Язгуур лугаа” баримтат уран сайхны киног найруулсан. Энэ киноны зураг авалтыг Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин Б.Мөнхөөгийн гэрт авсан. Би энэ киног хийхийн тулд малчин айлд хоёр сар амьдарсан. Киноны зураг авалтын үеэр нэг хэцүү зүйл болж байсан. Эндээс маш их асуудал гарч ирсэн дээ.

-Ямар асуудал?

-Бид киноны зураг авалтаа хийх гээд 2015 оны дөрөвдүгээр сард мал төллөх гээд их ажлын үеэр Б.Мөнхөө ахынд очиж байсан. Үнэндээ энэ киног хийхээр болсны дараа айлаа санамсаргүй байдлаар олсон. Олон нүүдэг, ахмад болон бага насны хүүхдүүдтэй тийм айл олохыг зорьж байсан. Тэгээд олон айлаас энэ айлыг сонгож авсан. Бид айлдаа очоод удаагүй байтал гэрийн эзэн Мөнхөө ахын бие гэнэт өвдөөд Улаанбаатар ирж эмчлүүлэхээр болсон. Тухайн үед хавар мал төлөлтийн цаг байсан болохоор ажил их байлаа. Туслах малчин авахаас эхлээд ажил ундарч эхэлсэн. Мөн эндээс маш их зүйлийг ойлгож мэдсэн дээ. Удалгүй Мөнхөө ахын бие сайжраад хотоос ирсэн. Ингээд бид кино зураг авалтаа үргэлжлүүлж, дуусгасан. Хувь хүний асуудал гэхээсээ нийгмийн олон талыг харуулсан үйл явдал болсон.

-Яагаад “Язгуур лугаа” баримтат киног хийхээр болсон бэ? Энэ кионы нээлт хэзээ болох вэ?

-2015 оны эхээр би Америк явах байсан. Гэхдээ надад явахаасаа өмнө киногоо хийгээд явах хүсэл байлаа. Тэгээд киноны зураг авалтаа хийхээр болсон. Яагаад энэ киног хийх болсон гэхээр зөвхөн энэ бол миний аялалын мөрөөдөл байсан. Монгол хүн болж төрснөө гадаадад явж байхад илүү их сайхнаар мэдэрдэг. Тиймээс би монголынхоо хөдөөгийн ахуйг харуулахыг хүссэн хүслээ кинo зохиол болгосон. Энэ санаагаа найздаа хэлээд бид хамтарсан байгаа. Киноны зураг авалт дууссан. Одоо монтажны ажлын бэлтгэл явагдаж байна. Ирэх долдугаар сард кионы нээлтээ хийх бодолтой байна.

-Ингэхэд ШУТИС-ийн оюутан байхдаа улсын менежентийн олимпиадад түрүүлж байсан гэсэн сонслоо?

-Би “Сант” сургуулийг төгссөний дараа ШУТИС-ийг КТМС-ийг маркетингийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Тухайн үед менежментийн улсын олимпиад гэж том тэмцээн болдог байлаа. 2011 оны улсын олимпиадад 100 гаруй хүүхэд оролцож байсан. Хоёр үе шаттай. Эхний шатанд онолын шалгалт авдаг байсан. Тэгээд эндээс 10 хүүхэд шалгарч дараагийн даваанд орох эрхтэй байдаг. Гэтэл би эхний шалгаруулалтаас нэгээр гараад ирсэн. Тухайн үед онол дээр тийм сайн хийснээ гайхаад өнгөрч билээ. Ингээд дараагийн даваанд илтгэл тавьж, түрүүлж байсан. Эндээс би өөртөө итгэлтэй болж байсан. Яагаад гэхээр тэр тэмцээнд оролцохын тулд бид бүтэн нэг сар дотуур байранд байрлаж, идэвхтэй бэлтгэж байсныг санаж байна. Дараа нь эргээд харахад хүн ямар ч тэмцээн, уралдаанд оролцсон бэлтгэл чухал юм билээ. Шаргуу хөдөлмөрлөсөний үр дүнд ямар нэгэн амжилтанд хүрдэгийг харах сайхан юм билээ. Тэр тэмцээнд түрүүлээгүй ч гэлээ түүнд оролцохын тулд бэлтгэл хийнэ гэдэг бол өөрөө их том зоригийг өгч байгаа. Тэгэхээр өөртөө итгэлтэй байгаад зорьсон зорилгодоо тууштай байх юм бол хүн ямар ч бэрхшээлийг давж чадна.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

 

 

"ЯЗГУУР ЛУГАА" баримтат кино, зураг авалтын газар хайх аялал

"ЯЗГУУР ЛУГАА" баримтат уран сайхны кино маань соёлын өв уламжлалыг хайрлан хамгаалах тухай кино бөгөөд өөрийн амьдарч буй нийгэмдээ соёлтой боловсон хэрнээ үндсэн төрөлх соёл, зан заншлаа өдрөөс өдөрт гээж буй өнөөгийн бидний үеийн залууст зориулан бүтээгдэж буй бүтээл юм. Итгэл сэтгэлээ шингээн хамтдаа бүтээлцэж, тусалж, зөвлөж буй бүх Хайртай найзууд, Бүтээлч нөхөд, ах эгч нартаа талархъя. <3 Үнэхээр их баярлаж байгаа шүү. Tserenchimed Lamjav Dulguun Ba Gantulga Jargalnasan BuBe Pts Ayur Ayur Orgil Makhaan Budsuren Tumen-ulzii Baatarsuren Uuganbayar Mogi Baatar Nomina Bazaar Nomin Seseer Badamgerel Khurelbaatar Markhuush Baldorj Chantsaa Otgonbayar Enke Gene О. Очир-Эрдэнэ Baataraa Bayaraa Crystallady Boloroo Batdari Nm Ariunjargal Anya Одоо гол зураг авалтаа хийх л үлдлээ. 😀 "BACK TO ROOTS" is a creative feature documentary film about saving cultural identity amongst our youth who is losing our own cultural core value day by day in that fast pacing world. All my appreciation wants to highlight the limitless effort of my Loving and Creative friends who are helping and discussing their important thoughts on my project even from far away <3 Veronica Johnstone Thelma Keating Антон Бубель Andrew Spink Bailey Coppola Polina Georgieva Sara Lkhagva Brian Johnstone Joe Hancock Especially without my lovely Joe Johnstone, this idea would never have turned into real project. Thank you so much for accompanying & making with me, most importantly sharing that journey <3 Can't wait to start filming in April! Yaay!!! 😀

Posted by Bayra Bela on Wednesday, April 1, 2015

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж