Дахин сэргэсэн Даншиг

2016 оны 1 сарын 3

-NEWS агентлаг 2015 оны онцлох үйл явдлыг нэрлэж байна-

Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан, Буддын шашны сүм хийдүүдээс санаачлан өнгөрсөн наймдугаар сарын 8-9-нд Даншиг наадмыг зохион байгуулсан нь 100 гаруй жилийн турш тасарсан соёлын уламжлалыг сэргээсэн түүхэн үйл явдал болж, тэмдэглэгдэж байна.

Түүх сөхвөл, Даншиг наадам нь Монголын сүүлчийн хаан Лигдэн таалал төгсч, газар нутгийн өмнөд хэсэг Манж Чин улсад дагаар орсон 1639 онд монголчууд анхдугаар Богд Жавзандамба хутагтыг залах ёслолыг үйлдсэнээс эхлэлтэй аж. Энэ тухай Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Богд гэгээнд бат оршил өргөх нэртэйгээр эхэлсэн энэхүү зан үйл нь XVIII-XX зууны эх хүртэл тасралтгүй өвлөгдсөн нь монголчуудыг оюун санаа, шашин шүтлэгийнх нь хувьд нэгтгэсэн төдийгүй газар нутагтаа эзэн болж, тусгаар тогтнохыг эрмэлзсэн үндэсний үзэл рүү хөтөлжээ. Учир нь, 1910 онд Халхын нөлөө бүхий ноёд, лам нар VIII Богд гэгээнд даншиг өргөх үеэр Нүхтийн аманд чуулсан нь Манж, Хятадын эрхшээлээс гарах яриагаа эхлүүлсэнтэй холбон тайлбарлах түүхчдийн судалгаа ч байгаа юм. Энэ нь Даншиг наадам зөвхөн шашин, соёлыг дэлгэрүүлээд зогссонгүй Монголын тусгаар тогтнолыг сэргээхэд чухал ач холбогдол өгсөн нь түүхэн эх сурвалжуудаас тодорно.

Гэвч Даншиг наадмыг сэргээн тэмдэглэхийг зарим судлаач эсэргүүцэж, “Даншиг бол тусгаар тогтнолоо алдсан баярын өдөр” гэж тодорхойлсон нь бий.

1922 оноос эхлэн тэмдэглэлт баяраас хасагдсан Даншигийг сэргээснээр жил бүр уламжлагдах болж байна.

Үндэсний их баяртай эн зэрэгцэхүйц шахам сүрлэг болсон Даншиг наадамд 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат улсын Начин Р.Пүрэвдагва түрүүлж, Даншигийн Арслан цол хүртсэн бол Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын Гарьд Б.Гончигдорж үзүүрлэсэн юм. Барилдсан бөхчүүдийг цол харгалзахгүйгээр сугалаагаар оноолт тааруулан барилдуулсан бөгөөд тус наадмаас авсан цолны эрэмбээр ам авч барилдах дэг тогтоогоод байна.

Хурдан морины Азарга насны уралдааны түрүүг Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Х.Баярбатын Хээр зүсмийн азарга авсан бол их насны морьдын уралдаанд нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Н.Мөнхбаясгалангийн Зээрд халзан зүсмийн хурдан хүлэг хурдалсан юм. Соёолон насны уралдаанд Төв аймгийн Бүрэн сумын харьяат Ө.Жамаагийн Хул зүсмийн соёолон түрүүлэв. Харин Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д.Арвингийн жижиг зээр жороо морьдын уралдаанд түрүү байр эзэлсэн юм.

Үндэсний сурын харвааны төрөлд нийт 369 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс сур харваан эрэгтэй төрөлд улсын мэргэн Б.Батбаатар, эмэгтэй харваачдын төрөлд Спортын мастер И.Цэцэгмаа нар тэргүүлэв.

Чингисийн талбайд 600 лам хувраг чуулж, нийслэлчүүдийн сайн сайхны төлөө ном хурсны зэрэгцээ монголчуудыг даасан их сахиус Очирваань бурхны сэрэг дүр болон Өндөргэгээний дүрийг залж, цам харайх ёслол үйлдсэн нь 90 гаруй жилийн турш тасалдаад байсан шашны зан үйлээ сэргээсэн чухал үйл явдал болсон билээ.

Дээрх арга хэмжээг зохион байгуулахад Нийслэлийн төсвөөс 146 сая төгрөг зарцуулсан юм.

Даншиг наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар хойч үедээ түүхийг таниулах ач холбогдолтойгоос гадна жуулчдыг олноор татах боломж гэж харж байна.

Түүх уламжлалаа хадгалсан эртний юм бүхэн үнэ цэнэтэй оршиж, хүн төрөлхтөний сонирхлыг татсаар ирсэн.

Өрнийн соёл иргэншлийн өлгий нутаг хэмээн нэрлэгдсээр ирсэн Грекийн нийслэл Афин хотын түүх соёлтой танилцахаар жил бүр сая, сая жуулчин дэлхийн өнцөг булан бүрээс зочилдог.

Даншиг наадмыг ч мөн үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс сая, саяараа жуулчид ирэх цаг мөдхөн гэж бодож байна.

Туулсан түүхээ үнэд оруулах нь л чухал.

Г.НЭРГҮЙ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна