Гацуурт төсөл хэрэгжих үү?

2016 оны 1 сарын 3

УИХ шинэ оны эхэнд хэд, хэдэн анхаарал татах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсний нэг нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. Нэг үгээр хэлбэл, дээрх асуудал нь Гацууртын ордыг ашиглахтай холбоотой гэж тодорхойлж болно.

УИХ-аас хоёронтаа буцаж байсан Гацуурт төсөл шинэ оны босгон дээр хэлэлцэгдэх болсон нь олон нийтийн анхаарлыг татаж буй юм. Учир нь Гацууртын орд нь хүннүгийн олдвор байрлах Ноён уулаас 11 км-т оршдог. Ордыг ашигласан нөхцөлд Ноён уулан дахь үнэт олдвор устаж үгүй болох эрсдэлтэй гэсэн асуудлыг өнгөрсөн хугацаанд иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс хөндөж ирсэн. Тийм ч Засгийн газар ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд Ноён уулын тодорхой хэсгийг улсын тусгай хамгаалалтад авах тогтоолын төсөл санаачилсан юм. Нийтдээ 11 мянган га газрыг хамарна. УИХ-аар эл асуудлыг хэлэлцэх шатанд зарим гишүүн “Ноён уулыг хэсэгчилж бус бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад авах ёстой” гэсэн асуудлыг хөндөж байгаа. Хэрвээ УИХ ийм шийдвэр гаргавал Гацуурт төслийг хэрэгжүүлэх боломжгүй болно. Гэхдээ УИХ Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн байгаа тул Засгийн газрын оруулж ирсэн хувилбараар төслүүд явах магадлал өндөр болсон.

Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог, тусгай зөвшөөрлийг “Сентерра гоулд” компани эзэмшдэг юм. Батлагдсан нөөцөөр 50 тонн алттай. Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч компанитай хэлэлцээр хийснээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь 34 хүртэл байхаар. Ингэхдээ 34 хувийг тусгай рояльтигаар буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр орлуулах тохиролцоонд хүрсэн. Рояльтын татвар 3 хувь байна. Энэ нь 432.3 тэрбум төгрөг буюу нийт ашгийн 68.2 хувь оногдоно гэсэн урьдчилсан тооцоо гарсан юм.

УИХ-ын гишүүдийн байр суурийг онцолбол

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Гацууртын ордыг ашиглах эсэхийг Улаанбаатарт том том тэрэг хөлөглөсөн хүмүүс биш Мандал сумынхан өөрсдөө л шийдэг. Гацууртын ордыг ашиглах хугацааны нөөц ашигласны төлбөрийн 30 хувь, тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг орон нутагт нь шинэ хуулиар үлдээнэ. Энэ аргаар тооцоход Гацууртын ордыг ашигласнаар 60 гаруй тэрбум төгрөг орон нутагтаа үлдэх болно. Энэ мөнгөө юунд зарцуулах, ямар хөрөнгө оруулалт хийхээ орон нутаг нь, ард иргэд нь өөрсдөө мэдэг. Шинэ сумаа байгуулах уу, цэцэрлэг сургуулиа барих уу, хүмүүс нь өөрсдөө шийдэг, хянаг. Иргэд нь өөрсдөө мэддэг, өөрсдөө хяналтаа тавьдаг болсон үед улс даяараа уул, булш, үхэрний хэрүүл хийж суудгаа бид сая л нэг болино.

Энд нэг зүйлийг тодорхой хэлье. Ноён уул байгалиас заяасан төрхтэйгээ, түүхээс өвлөсөн өвтэйгээ үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно. Энд төөрч будилах, мушгих гуйвуулах ямар ч шаардлага байхгүй. Дахин хэлэхэд Ноён уул хөндөгдөхгүй байгаагаараа үлдэнэ. Харин Гацууртын ордыг ашиглах болно.


УИХ-ын гишүүн Г.Уянга: 50 тонн алтны төлөө Гацууртын ордыг ухаж болохгүй. Аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлбэл яасан юм бэ. Үнэхээр хэцүүдээд байгаа юм бол эдийн засгаа авч явж чадахгүй болсон бол Гацууртаас бусдыг ух. Энэ ордыг ашиглахад хөрөнгө оруулалт нэг их шаардлагатай биш. Хөрөнгө оруулалтын зардлаа хянаж чадахгүй хэрнээ 81 хувийн ашигтай гэж яриад байгааг үнэхээр ойлгохгүй нь. Том бизнес ногдол ашгийн төлөө явдаг.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ерөнхий сайд та хамгийн муу Ерөнхий сайд болж үлдэх гээд байна. Өвөг дээдсийнхээ булш бунхныг ухдаг Ераөнхий сайд болох гээд байна. 25 жил хөрөнгө оруулалт түншлэлд тал засч ирлээ. Эцэст нь 70 мянга гаруй иргэн ажилгүй явж байна, ямар гоё түншлэл итгэлцэл бэ. 15 банкинд Оюутолгойг зарчихсан. 4.4 тэрбум доллар олчихсон, хувьдаа л аваагүй юм бол ороод ирсэн байх ёстой. Өвгөдийнхөө булшинд битгий хүр. Энэний төлөө бид сайн хэлүүлж байгаагүй, дандаа балбуулдаг. Дархан, Сэлэнгэ бол газар тариалангийн гол бүс нутаг. Гацууртын ордыг ашиглавал уул ус ширгэнэ, хүн амьдрахын аргагүй болно. Дархан, Сэлэнгээс сонгогдсон гишүүд сэтгэл эмзэглэж байгаа байх. Модоо барихдаа тулсан бол ард түмнээсээ хандив гуй, бид манлайлаад явъя.


УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хүннүгийн булш бунхан байгаа гэх Ноён уул Гацууртын ордоос хамгийн ойр нь 4.4 км, хамгийн хол нь 11 км. Цэвдэгийн асуудлыг судалж үзэх шаардлагатай. Одоо байгаль орчин сүйрсэн байдалтай байгаа. алтны үнэ 1250 ам.доллараас дээш гарсан тохиолдолд рояльтын татвар нэмэгдэнэ. Хүний хөрөнгийг газар луу, дэд бүтэц рүү хийчихээр олж авахын төлөө л явна. Дахиад улсаа өрөнд оруулах шийдвэрийг энд гаргамааргүй байна.


УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үр ашигтай байх тухай бид ярьж байна. 90-100 сая долларын төлөө энэ компани улайрч байна гэхэд эдийн засаг мэддэг хэн ч итгэхгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлье гэж Г.Уянга гишүүн хэллээ, энэ зөв.

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна