Саудын Арабт 47 хүнийг цаазлав

2016 оны 1 сарын 3

Шейх аль-Нимрыг цаазалсныг эсэргүүцэгчид Лондон дах САУ-ын Элчин сайдын яамны дэргэд

Фото: Neil Hall / Reuters

 

Террорын ажиллагаанд буруутгагдсан 47 хүний цаазын ялыг Саудын Арабт гүйцэтгэсэн тухай Al Arabiya телевиз мэдээлжээ.

 

Албан ёсны мэдээгээр, эдгээр хүмүүс хэт даврагч үзэл суртлыг барьж, алан хядах байгууллагуудын үйл ажиллагаа болон гэмт хэргийн хуйвалдаанд буруутай гэж шүүгдэн ялын дээд хэмжээг авчээ.

 

Тэдний ихэнх нь тус вант улсын нутаг дэвсгэрт саудчууд ба гадаад хүмүүсийн эсрэг 2003-2006 онуудад “Аль-Каида” бүлгийн зохион байгуулсан цуврал аллагын хэрэгт хамаатай байв.

 

Цаазлагдсан 47 хүний 45 нь Саудын иргэн, Чад, Египетийн иргэн байжээ. Тэдний дунд Саудын иргэн бөгөөд шиитийн шашины номлогч Нимр аль-Нимр байлаа. Ираны IRNA агентлаг мэдээлснээр, шейх нь Эр-Риядын эсрэг тус орны зүүн нутагт 2011 онд зохион байгуулагдсан ардчилсан эсэргүүцлийн идэвхтний нэг байсан гэнэ. Шиитүүд тус оронд шашины ялгаварлан гадуурхалт байгааг эртнээс эсэргүүцэж ирсэн юм. Шашины номлогч цаазын ялыг 2014 онд сонссон байлаа.

 

Цаазын мэдээ Ираны талаас ихээхэн эсэргүүцэлтэй тулж байна. Ираны шүүх засаглалын тэргүүн аятолла Садек Амоли-Ларижани, шейх Нимрын тарчлаан нь Аль-Саудын дэлхийн хүмүүст хандаж байгаа залийг харуулж, ард түмнийг дарлагч дэглэмийн сүйрлийн эхлэл болно гэж мэдэгдсэн байв. Энэ үеэр Тегеранд цаазын гүйцэтгэлийг эсэргүүцэгчид Саудын Арабын Элчин сайдын яаманд дайран оржээ.

 

Иракийн ерөнхий сайд Хайдер аль-Абади ба тус орны шиитүүдийн лидерүүд цаазыг эрс буруутгалаа. Шашины номлогчийг цаазалсныг эсэргүүцсэн ажиллагаа бямба гаригт дэлхийн олон оронд өрнөжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна