Хүйтний эрч чангарна

2016 оны 1 сарын 3

Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан ойрын өдрүүдийн мэдээгээр маргаашнаас эхэлж бүхий л нутгаар цас орон хүйтний эрч чангарах нь. Тодруулбал, нэгдүгээр сарын 4-8-нийг хүртэлх төлвөөр, маргааш буюу 4-нд нутгийн өмнөд хэсгээр, 5-нд төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-6-нд нутгийн өмнөд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Мөн гол мөрний мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа тул зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг тээвэр хийж яваа жолооч нарт онцгойлон анхаарууллаа. Тухайлбал, 2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сэлэнгэ, Орхон, Хэрлэн, Халх, Ховд, Буянт зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байгаа аж. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх нь аюулгүй байдлыг хангана гэж зөвлөж байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна