Сайдууд юу бүтээв-2

2016 оны 1 сарын 3

-Улиран одож буй 2015 онд Шийдлийн Засгийн газрын сайдууд юу бүтээснийг тоймлолоо-

Шийдлийн Засгийн газарт өнгөрсөн оны наймдугаар сард сэлгээ хийгдсэнээр Барилга хот байгуулалтын сайдаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ томилогдон ажиллаж байна. Гол ажил нь Барилгын тухай хуулийг шинэчлэн батлуулах явдал байсан ч байрны урьдчилгаанд илүүтэй анхаарлаа хандуулж, банкныхантай тулалдаж явна. Шинэ он гарахын өмнө орон сууцны урьдчилгааг 10 хувь болгохоо амласан нь эсэргүүцэлтэй тулав. Эдийн засагчдын зүгээс байрны урьдчилгааг 10 хувь болгох нь банки төдийгүй зээлдэгчээ ч эрсдэлд оруулна гэж үзэж байгаа юм. Харин сайд З.Баянсэлэнгэ “Төр бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилго тавьсан бол урьдчилгааг нь 10 хувь болгохоос өөр аргагүй” гэж тайлбарлаж буй.

Үнэндээ ч ипотекийн зээлд хамрагдах боломжтой хэсэг нь өнгөрсөн хугацаанд 30 хувийн урьдчилгаагаа төлж, жилийн 8 хувийн хүүтэй зээлд хамрагдан байрандаа орсон. Тиймээс дээрх ярианд үндэслэл бий боловч, байрны урьдчилгааг хөнгөлөх шийдвэр гаргахад сар бүр төлөх зээлд нь ачаалал үүсч, эцсийн дүндээ банкуудыг ч эрсдэлд оруулж мэдэхээр байгаа. Үүнээс болж байрны урьдчилгааг 10 хувь болгох амлалт нь мөрөөдөл болж хувирч болзошгүй байна.

Ноён уулыг бүхэлд нь хамгаалалтад авбал яах вэ?

МАН Засгийн газраас жийгдсэний хүчинд УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэгт ногдох сайдын квот нэмэгдэж, Н.Батцэрэг гишүүн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдсон билээ.

Сайдаар томилогдсон даруйд барьж авсан гол ажил нь Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудал байв. Гацууртын ордыг ашиглах асуудал УИХ-д орж ирсэн жил гаруйн өмнөөс Ноён уулын асуудал хөндөгдөж, Хүннүгийн булш бунхныг хамгаалахыг иргэнийг нийгмийн байгууллагууд шаардах болсон. Энэ асуудал явсаар шинэ сайдад шилжиж ирсэн хэрэг. Уг нь Ноён уул нь Гацууртын ордоос 10 гаруй км-ын зайд оршдог ч улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдэлгүйгээр ашиглах шийдвэр гаргах боломжгүй байна.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төслөөр Хүннүгийн олдворуудыг хамгаалах зорилгоор 11 мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм. УИХ-аар тогтоолын төслийг хэлэлцэх хүрээнд гишүүд Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах шаардлага тавих болсон. Хэрвээ УИХ олонхиороо дээрх шийдвэрийг гаргавал Засгийн газрын “Сентерра гоулд” компанитай байгуулсан хэлэлцээр унах магадлалтай. Энэ тохиолдолд Гацууртын ордыг ашиглах боломж хумигдана. Тиймээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын зүгээс энэ асуудлын алтан дунджийг олсон шийдвэр гаргуулах нь хамгаас чухал байгаа.

Цалингийн нэмэгдлийг “царцаав”

УИХ-аас баталсан 2015 оны төсвийн хуулиар төсөвт байгууллагынхны цалин нэмэгдэх байв. Гэвч Хөдөлмөрийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан хөдөлмөр гурван талт хэлэлцээрийг хийх шатанд цалингийн нэмэгдлийг царцаасан юм.

Эдийн засаг хүндэрсэн үед аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалахын төлөө чардайж байхад төсөвт байгууллагынхны цалинг өсгөх нь хувийн хэвшлийнхэнд хүндээр тусна гэж үзсэнтэй холбоотой. Гэхдээ Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны зүгээс 2016 онд цалинг нэмэх шаардлагаа үргэлжлүүлэн тавихаа мэдэгдээд буй. Тиймээс энэ асуудалтай салбарын сайд нь эргэж тулах болж байгаа юм.

Хөдөлмөрийн сайдын санаачлагаар бий болсон нэгэн шинэ мэргэжил бол кузов засварчин. Мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэх чиглэлээр энэ төрлийн засварчдыг бэлтгэдэг болсноор монгол залуучууд авто машиныг засварлах боломжтой болж байгаа гэсэн үг. Улаанбаатар хотын хэмжээнд авто машины засварын газар асар олон байгаа ч ихэнх нь гадаад ажилчидтай. Тэгвэл энэ орон зайд монгол залуус ажиллах үүд хаалга ийн нээгдээд байна.

Мөн тэрээр Аж үйлдвэрийн сайдтай хамтран шинэ ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарснаар Сонгинохайрхан дүүрэгт “Сэлэнгэ” хүнсний зах ашиглалтад орж 570 ажлын байр шинээр бий болжээ. Өршөөлийн хуулиар суллагдсан иргэдийг ажлыг байраар хангахад анхаарч байгаа юм.

“Монгол цэрэг” хөтөлбөрийн хүрээнд ирэх хавраас төмөр зам барих ажилд цэргүүд дайчлагдана. Харин төмөр зам барихад суралцахад нь Сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиглэх юм.

Япон улс руу ажиллах хүч гаргахын тулд 2020 онд Токиод болох зуны олимпийн барилга байгууламжийг барихад Монгол Улсаас ажиллах хүч авахад анхаарч ажиллахыг мөн холбогдох газруудад санал болгох зэргээр Хөдөлмөрийн сайд өнгөрсөн оныг ажил ихтэй үджээ.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: САЙДУУД ЮУ БҮТЭЭВ? - 1

Г.ДАРЬ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна