“15 жилийн хөдөлмөрийн дараа дэлхийн медальтан болсон”

2016 оны 1 сарын 4

Шинэ оны өмнөхөн спортын алдартнууд төрийн одон медалиар шагнагдсан. 2015 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аваргын 74 кг-ын жинд П.Өнөрбат барилдаж, мөнгөн медаль хүртэж, “Рио-2016” олимпийн эрхээ авсан. Түүний хувьд Энэтхэгийн мэргэжлийн лигт барилдаж байгаад 12 дугаар сарын 30-нд эх орондоо ирсэн юм. Ингээд шинэхэн гавьяаттай шинэ оны эхний өдөр ярилцсанаа хүргэж байна. Түүний багш Ц.Баярсайхан шавьтайгаа нэг өдөр гавьяат дасгалжуулагч цолыг хүртсэн юм.

”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт, залуучуудын ДАШТ-ний хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, хүрэл медальт, Азийн өсвөрийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвжавын Өнөрбат.

 

-Монгол Улсын гавьяат тамирчин цолыг шинэ оны өмнөхөн хүртсэн таньд баяр хүргэе. Энэтхэг улсаас ирсэний дараа шагналаа авлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Төрийн хүндтэй шагнал хүртэх болсноо сонсоод өөрийн эрхгүй хүнд даалгавар ирж байгаа мэт санагдсан. Багш дасгалжуулагч, чөлөөт бөхийн холбоо болон ивээн тэтгэгч байгууллага гээд надад тусалж байсан та бүхэнд баярлаж байгаагаа хэлмээр байна. Хамтын хүч ямар сайхан байдгийг харлаа. Үнэхээр сайхан байна.

-Дэлхийн хэмжээний тамирчны хувьд “Гавьяат” болсон энэ мөчид ард түмнийхээ итгэлийг юу гэж бодож байна вэ?

-Төрийн өндөр шагналыг хүртсэн энэ өдөр бол миний амьдралын мартагдашгүй нэгэн өдөр байх болно. Төрийн ордонд хүндтэй шагналыг авч байх үед “улам хичээгээрэй” гэдэг үг өөрийн эрхгүй бодогдож байсан. Надад их хариуцлага ирж байгааг улам сайн мэдэрсэн. Ард түмнийхээ итгэлийг алдахгүй улам сайн хичээх болно. Шинэ он гарах үед хүн бүр догдлон суудаг. Миний хувьд энэ жилийн баяр сайхан байлаа. Гэхдээ тамирчин хүний хамгийн хариуцлагатай үе бол бэлтгэлийн цаг байдаг. Улсын аварга энэ долоо хоногт болох учир бэлтгэлдээ анхаарлаа төвлөрүүлж байна.  

-Энэтхэгийн лигт уригдан барилдлаа. Энэхүү лигийн тэмцээний талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Мэргэжлийн бөхийн лиг буюу “Pro Wrestling League”-д дэлхийн олон тамирчдыг урьж оролцуулдаг Энэтхэгийн лигт барилдаад ирлээ. Энэхүү мэргэжлийн бөхийн лигийн тэмцээн Энэтхэгт их алдартай юм билээ. Тэмцээн Дели, Пенджаб, Харьяна, Бангалор, Уттар Прадеш, Мумбай зэрэг хотуудад 12 дугаар сарын 7-27-ны өдрүүдэд ээлжлэн болсон. Хот болгонд очиход хөгжөөн дэмжигчид маш хүчтэй байгаа нь харагдсан. Танхимд байгаа уур амьсгал, дараа нь ч гэсэн ард иргэд нь бөхчүүдээ хүндэлж, биширч байгааг харахад энэ спортод үнэхээр хүндэтгэлтэй ханддагийг харлаа. Тэнд чөлөөт бөхийн спортыг ямар сайн дэмжиж, лигийн хэмжээнд зохион байгуулж чадсан байна. Багийн тэмцээн учраас нэг баг болж, бүгдээрээ ажиллах ёстой. Бидний хувьд энэхүү лигт анх удаа уригдаж, Монгол Улсынхаа нэрийг гаргаад ирсэн болохоор хүн бүр дор бүрнээ хичээсэн. Эндээс гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Ж.Чулуунбат ах бид явцгаасан. Мандахаа бид хоёр нэг багт орсон. 

Төрийн ордонд хүндтэй шагналыг авч байх үед “улам хичээгээрэй” гэдэг үг өөрийн эрхгүй бодогдож байсан. Надад их хариуцлага ирж байгааг улам сайн мэдэрсэн. Ард түмнийхээ итгэлийг алдахгүй улам сайн хичээх болно. Чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн Энэтхэг улсад бид уригдана очино гэдэг бол дараа, дараагийн тамирчдынхаа замналыг нээх боломжийг эхлүүлсэн нь сайхан хэрэг байсан. Би нийтдээ таван барилдаан хийхдээ Куба, Энэтхэгийн бөхчүүдтэй барилдаж, 2 хожиж, 3 хожигдсон.

-Барилдааны тухайд ямар байсан бэ? Дэлхийн аваргаар барилдсан Энэтхэгийн бөхтэй таарсан гэсэн. Түүнтэй хэрхэн барилдсан бэ?

-Тэмцээний хувьд хотоос хотод очиж, барилдаанаа хийнэ. Барилдааны тухайд 3 минут барилдаад  1 минут 30 секунд амраад дахин 3 минут барилддаг. Жингийн тухайд барилдаан эхлэхийн өглөө нь жингээ үздэг болохоор хүндрэлтэй зүйл ажиглагдсан. 10 хоногийн хугацаанд 5-6 удаа жинд орсон. Үнэхээр тэвчээр шаардсан тэмцээн юм билээ. Дэлхий, олимпийн медальтай шилдэг тамирчид уригдан очсон. 2015 оны дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн бөх Н.Панча Ядавтай барилдаж, ялсан. Гэтэл тэр бөхтэй нутагт нь барилдлаа. Тухайн үед жин хасалтаа буруу тооцоолсон байснаас ядралтай байж таарсан. Мөн очоод удаагүй байсан учир хоол, уснаас эхлээд таарахгүй зүйл байсан байх. Миний эхний барилдаан байсан. Тэр барилдаанд Энэтхэг бөх ялсан.  

-Энэхүү Мэргэжлийн бөхийн лигийн гэрээгээ хэрхэн хийсэн бэ? Энэ гэрээ ирэх онд үргэлжлээд явах уу?

-Бид нарын гэрээг хийхдээ хоёр улирал буюу хоёр жилээр хийсэн. Эхний улирал нь 2015 оны 12 дугаар сарын 10-27-ны өдрүүдэд болсон. Хоёр дахь улирал энэ оны 12 дугаар сард болно. Тэр үед бид дуудагдана гэсэн үг. Багууд бөхчүүдийг авахын тулд дэлхийн олон орны бөхчүүдээс сонгодог юм билээ. Энэ жил олимп, дэлхийн аваргын медальтай маш олон бөхчүүд очсон байсан. Чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн Энэтхэг улсад бид уригдана очино гэдэг бол дараа, дараагийн тамирчдынхаа замналыг нээх боломжийг эхлүүлсэн нь сайхан хэрэг байсан. Би нийтдээ таван барилдаан хийхдээ Куба, Энэтхэгийн бөхчүүдтэй барилдаж, 2 хожиж, 3 хожигдсон.

 

"Бөртэ чоно-2015” наадмын шилдэг тамирчин болсноо хэрхэн мэдсэн бэ?

-Энэ жил дэлхийн аваргад амжилттай оролцсон амжилтаараа би энэ наадамд нэр дэвшсэн байсан. “Бөртэ чоно” наадам бол спортын шилдгүүдийг тодруулдаг маш том наадам. Хэдийгээр миний нэр энэ жил дэвшигдсэн ч гэсэн өрсөлдөөн өндөр байсан. Олимпийн өмнөх жил учраас жүдо бөх, буудлага гээд спортын бусад төрлүүдэд тамирчид өндөр амжилтыг гаргасан. Харин “Бөртэ чоно” наадмын шилдгүүд тодордог өдөр бид Энэтхэгт байсан. Тэр өдөр /2015.12.25/ Улаанбаатараас Бэхээ бид хоёртой холбогдсон. Тэгээд би хоёрт орж, Бэхээ нэгт орсон байсан. Гэтэл би нэг оноогоор ард нь орчихсон. /инээв/ Б.Номин маань гуравт ороод бид тэднээ баярлаж суулаа. Ийм хүндтэй шагналын эзэн болгоход хичээл зүтгэлийг минь үнэлсэн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүдэд баярлалаа гэдгээ хэлмээр байна. Эмэгтэй чөлөөтийн тамирчид гэсэн өнгөрсөн онд өндөр амжилттай байсан. Чөлөөт бөхийн тамирчид, дасгалжуулагч гээд бүгд л “Бөртэ чоно” наадмын шилдэг шагналуудыг авсан. Магадгүй “Бөртэ чоно” авсан орой асуусан бол үүнээс илүү гоё зүйлийг хэлэх байсан болов уу?/инээв/

-Хоёулаа эргээд өнгөрсөн оны дэлхийн аваргын барилдааны талаар ярилцья. Финалын барилдаанд гарна гэж төсөөлж байсан уу?

-2015 оны дэлхийн аваргын тэмцээн маш хариуцлагатай тэмцээн байсан. Олимпийн эрхийн оноо олгох учраас өрсөлдөөн үнэхээр ширүүн байлаа. Финалын барилдаанд шалгарна гэж бодоогүй байсан. Аваргын төлөө АНУ-ын бөх Жордан Барроустай барилдаж, хожигдсон. Гэвч энэ хүртлээ дэлхийн олон шилдгүүдтэй барилдлаа. Тэдний хувьд бүгд л дотроо дэлхийн медаль, олимпийн эрхийн төлөө ирцгээсэн. Мэдээж тэднийг би хожиж байж хүслээ биелүүлэх учраас ялагдах эрхгүй байлаа. Би эхний тойрогт хийлж, БНСУ, Венесуэль, Францын бөхчүүдийг хожиж, мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн Н.Панча Ядавтай барилдах болсон. Энэ барилдаан маш хүнд болсон. Хэрвээ энэ барилдаанд ялагдах юм бол хүрлийн төлөө барилдах болно. Ялсан тохиолдолд аваргын төлөө барилдах. Цаг дуусахаас 5 секундын өмнө би нэг оноогоор хожигдож явсан. Барилдааны төгсгөлийг өөрийн болгож, сүүлийн нэг оноог авснаар мөнгөн медалийн болзол хангасан. Тэр үед дотор дэндүү их баясал төрж байлаа. Дэлхийн аваргын финалд үлдэнэ гэдэг бол тамирчин хүний ганц мөрөөдөл юм шүү дээ. Тэр л үед чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн олон жилийн хөдөлмөрөө чимж чадсандаа. Ингээд финалд олимп, дэлхийн аварга АНУ-ын Эрнест Баррост барилдаж, ялагдсан. Финалын барилдаанд олон хүн зөвлөгөө өгсөн. Гэхдээ Эрнест Баррос үнэхээр хүчтэй байсан.

2015 оны дэлхийн аваргын тэмцээн маш хариуцлагатай тэмцээн байсан. Олимпийн эрхийн оноо олгох учраас өрсөлдөөн үнэхээр ширүүн байлаа. Финалын барилдаанд шалгарна гэж бодоогүй байсан. Аваргын төлөө АНУ-ын бөх Жордан Эрнест Барроустай барилдаж, хожигдсон. Гэвч энэ хүртлээ дэлхийн олон шилдгүүдтэй барилдлаа. Тэдний хувьд бүгд л дотроо дэлхийн медаль, олимпийн эрхийн төлөө ирцгээсэн. Мэдээж тэднийг би хожиж байж хүслээ биелүүлэх учраас ялагдах эрхгүй байлаа.

-Тэмцээний эхний өдрүүдэд манай медалийн буухиа эмэгтэйчүүдээс эхэлсэн. Сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэлтэй байсан бэ?

-Эмэгтэйчүүд эхний өдрүүдэд маш сайн барилдаж, дэлхийн аваргын алт, мөнгө, олимпийн эрхээ аваад эхэлчихсэн. Гэтэл эрчүүдэд маш хүнд даалгавар өөрийн эрхгүй ирсэн. Энэ итгэлийг Г.Мандахнаран сайхан эхлүүлж, олимпийн эрхээ авсан. Дараа нь Б.Номин бидний амжилтыг мөнгөн медалиар үргэлжлүүлсэн. ДАШТ-ий сүүлийн өдөр/2015.09.13/ бидэнд хоёр медаль, гурван олимпийн эрх ирсэн удаатай. Тэр мөч гайхалтай байлаа. Нуулгүй хэлэхэд сүүлийн өдөр болоод ч хүнд байсан. Гэвч бид сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан. Хамгийн чухал нь хийсэн бэлтгэл, хичээл зүтгэлийнхээ үр дүнг багахан юмнаас алдахгүй байхыг хичээсэн. Зорилгодоо хүрсэн тэмцээн байлаа. Бид багаараа амжилттай оролцож, эрэгтэй баг IV байрт орсон сайхан амжилттай ирсэн.

-Яагаад чөлөөт бөхийн спортыг сонгох болсон бэ?

-Би энэ жил 27 настай. Хөвсгөл аймагт төрсөн. Аав геологич, ээж хүний их эмч мэргэжилтэй. Гэтэл манайхаас надаас өөр спортоор хичээллэдэг хүн байхгүй. Би бага байхын бөхийн спортод дуртай байсан. Найзуудтайгаа барилдсаар бөхийн спортоор хичээллэх сонирхолтой болсондоо. Дунд сургуульд байхдаа Дархан-Уул аймгийн Спор хорооны дасгалжуулагч байсан Ц.Баярсайхан багшийн шавь болж, чөлөөт бөхийн эрдмээс суралцаж эхэлсэн. Тэр цагаас хойш өнөөдрийн хүртэл багшийнхаа удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Энэ спортоор 15 жил хичээллэсэний эцэст дэлхийн аваргаас медаль авлаа. Миний багштайгаа уулзсан тэр үе их санаандгүй болж байсан. Би ангийнхаа хамгийн намхан нь болохоор урд талын ширээнд сууна. Гэтэл манай математикийн багш ангид орж ирснээ “Өнөрбат барилдаж магадгүй, чи нэг босоодох” гэж хэлж байсан. Маргааш нь би ангиасаа ганцаараа чөлөөт бөхөөр барилдахаар Ц.Баярсайхан багш дээрээ ирж байсан түүхтэй. Энэ дашрамд гэр бүл, багийнхандаа, багшдаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна.

-Чөлөөт бөхийн бэлтгэлийн иж бүрэн төвийг “Хасу-Мегаватт” компани оны өмнөхөн нээжээ. Энэхүү төв П.Өнөрбатын нэрэмжит “Чөлөөт бөхийн бэлтгэлийн төв” нэртэй болсон байна.

-Намайг Энэтхэгт байх үед/2015.12.19/компанийн зүгээс миний нэрэмжит чөлөөт бөхийн бэлтгэлийн төвийг нээсэн. Ж.Түмэн-Аюуш захирал болон клубынхаа хамт олонд талархаж байгаагаа хэлмээр байна. “Хасу Мегаватт” клубын хувьд цаашид амжилтаа ахиулж, Монголын шилдэг клуб болох зорилт тавин ажиллаж байна. Бэлтгэлийн төвдөө гавьяатын тэмдгээ авсны дараа очсон. Одоо бид улсын аваргын бэлтгэлдээ орчихсон явна.


Пүрэвжавын Өнөрбат 1989 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төржээ. 2000 оноос Дархан-Уул аймгийн “Мега-Старс” клубт дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. 2006 оноос үндэсний шигшээ багт бэлтгэл сургуулилтаа хийж байна. Өдгөө Улаанбаатар хотноо эхнэр, хүүхдийн хамт амьдардаг.

"Лондон-2012" зуны олимпийн наадамд оролцсон тэрбээр ДАШТ-д 2011, 2014, 2015 онуудад нийт гурван удаа оролцжээ. 2015 онд АНУ-ын Лас-Вегас хотноо болсон дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, тус ДАШТ-ий Монголын багийн тав дахь медалийг авч, "РИО-2016" олимпийн эрхийг авсан. Мөн тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд ДАШТ-ий 20 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.

Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна