Цагаан захтнуудын хэрэг юу болов

2016 оны 1 сарын 4

Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон цагаан захтнуудын өнгөрсөн жилийн дуулиан үргэлжилсээр байна.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн 2015 оны аравдугаар сарын 30-нд Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлан 14 хоног саатуулаад батлан даалтаар  гаргасан ч прокурорын зүгээс баримт мэдээллийг устгаж болзошгүй хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд шүүхээс түүнийг арваннэгдүгээр сарын 17-нд дахин хорихоор шийдвэрлэсэн. Энэ хэрэгт холбогдуулан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирлаас гадна Монголын гурван ч компанийн захирлыг  хорьсон гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан билээ. Б.Батзаяагийн хэрэг дээр Эрүүгийн цагдаагийн газар болон АТГ-аас хамтарсан баг ажиллаж байгаа аж.

Уг хэрэгтэй холбоотой шинэ оны өмнө нэгэн дуулиант мэдээлэл цацагдсан нь УИХ-ын гишүүн Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх  А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн хэлтсийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр татан байцааж эхэлсэн гэх мэдээлэл. Х.Баттулга, А.Гансүх нарыг цагдаагийн байгууллагаас гадаад явахыг хоригложээ.

Ийнхүү бусадтай нийлж их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт УИХ-ын гишүүн болон УИХ-ын даргын зөвлөх холбогдсон нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа юм. Б.Батзаяаг цагдаагийн газраас баривчилсны маргааш Х.Баттулга гишүүн “Намайг ч бас шалгах” биз хэмээн хэвлэлийнхэнд мэдээлж, АН-ынхан энэ асуудлыг бүлэг дотроо хэлэлцэн, энэ үеэр  зөвлөхийг нь өмөөрсөнгүй гэж намынхандаа туньсан АН-ын дарга А.Гансүхэд хандан “Дулаан хувцасаа бэлтгэ” хэмээн  тушаасан талаарх мэдээлэл ч сонин хэвлэлээр гарч байв. Тэгвэл дээрх хоёр эрхэмд  албан тушаалаа урвуулан ашигласан  хэрэгт сэжиглэж байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээллээр АТГ-т давхар хэрэг үүсгэсэн бололтой.

Ийнхүү Б.Батзаяагийн хэрэг өндрөө авч, харин авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба хоёр сар хоригдсоны эцэст батлан даалтаар гарчээ.

Түүнийг саатуулан шалгах хуулийн хугацаа арванхоёрдугаар сарын 31-нд дууссан байна.

Г.Шийлэгдамбыг авлига авсан гэх мэдээллийг АТГ-т дотроос нь буюу МАХН-ын нөхөд нь  өгсөн гэсэн хардлага ч улс төрийн хүрээнд байсан.  Учир нь түүнийг хоригдсоны дараа намынхан нь  генсекийн албан тушаалыг нь хүчээр шахуу булааж авсан гэсэн яриа ч гарсан юм. Ямар ч байсан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгч, үнэн зөвийг нь тогтоолгохоо илэрхийлж байсан Г.Шийлэгдамба батлан даалтаар суллагдаж, түүний оронд Н.Энхбаярыг Шийдлийн Засгийн газарт Шадараар ажлуулахаар намаас нь шийдсэн МАХН түүнийг нэгэнтээ “золигт” гаргахаар  шийдэв үү гэлтэй.

Юутай ч сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа цагаан захтнуудын хэргийг тоймлон хүргэхэд нэг иймэрхүү.

 Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна