Дэлхийг зовоосон асуудлууд

2016 оны 1 сарын 4

-Барууны шинжээчид  энэ онд дэлхий болон Орост юу учрах талаар өөрсдийн дүгнэлтийг гаргажээ-

 

Фото: Alessandro Bianchi / Reuters

 

Орос Туркийн  алдагдсан итгэл сэргэх магадлал тун бага. Эндээс харахад Европыг чиглэсэн дүрвэгсдийн урсгал үргэлжээр байх нь. Америкт Оросын эсрэг  бодлого чангарна Барууны  шинжээчид 2016 он ямар байх талаар өөрсдийн үгийг хэлж байна.

 


 

Мэтью Рожански

 

АНУ-ын Вудро Вильсоны нэрэмжит олон улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Мэтью Рожански:

 

-Ирж буй онд Оросын эсрэг хориг арга хэмжээ үргэлжлэх магадлалтай. Крымыг өөртөө нэгтгэсэн, Украины зүүн хэсгийн  сөргөлдөөнд оролцож байгаагийн эсрэг ОХУ-д өгч буй Барак Обамагийн засаг захиргааны хариу нь энэ юм. Энэ хоёр асуудлаар Москвагийн байр суурь огт өөрчлөгдөөгүй учир хориг хэвээр үлдэнэ. Эс тэгвээс Обамагийн захиргаанд итгэх итгэл огт алга болох юм. Дээр нь Конгресст хоригийн асуудал ихээхэн алдартай байгаа. Ерөнхийлөгч гэнэтхэн өөрөө шийдээд хоригийг цуцаллаа гэхэд Конгресс нь түүнийг эргээд л тогтоох юм.

 

Хэрэв “Исламын улс” бүлгийг дарж чадахгүй бол  дэлхий дахиад л аллагын давалгаанд өртөнө. Сирийн дайн тийм хурдан дуусахгүй. АНУ, ЕХ, Орос, Иран, Сири, Ирак ба булангийн орнууд амархан зөвшилцөлд хүрэхгүй. Гэхдээ зарим салбарт  хамтрах болно. Гэлээ ч ашиг сонирхлын зөрчил ихээр тулгарч байгаа юм. Эдний хэлэлцээр зөвшилцөлд хүрсний анхны шинж тэмдэг нь Башар Ассадын  ирээдүйн талаарх тохиролцоон байж болно. Эсвэл энэ хэлэлцээртээ тэд асуудлыг түр хойш тавиад ИУ-та тэмцэх тэмцэлдээ анхаарахаар шийдэж бас болох юм.

 

Барак Обаматай харьцуулахад Америкийн хоёр намын нэр дэвшигчид  илүү түрэмгий гадаад бодлогыг шугам барьж байгаа. Тэр нь Орост хамаатай. Бүгд Найрамдахчууд Путинтэй харилцахаас бүрэн татгалзах  эсвэл хүйтэн дайны үерийн яриандаа орно гэж амлаж байгаа. Дональд Трамп өөрөө ганцаараа Орос-Америкийн системийн  зөрөлдөөнийг зогсоож чадна гэж байгаа. Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон мөн эсрэг намынхан шигээ хатуу байранд зогсож байна.

 


 

Клаус Зегберс

 

Зүүн Европын судалгааны Германы хүрээлэнгийн профессор бөгөөд улс төр судлаач Клаус Зегберс:

 

Энэ онд Европын  холбоо ноцтой асуудлуудтай тулгарна. Нэгдүгээрт, үргэлжилж байгаа евро хямрал. Европын холбооны  нутаг дэвсгэрт үйлчилдэг  нийтийн валют тогтвортой  байхад нь татварын нэгдсэн систем, нийгмийн нэгдсэн бодлого шаардлагатай.  Гэтэл улс төрийн шалтгаанаар үүнийг биелүүлэх боломжгүй.

 

Хоёрд нь  олон улсын эрх зүйн  шаардлагыг үл тоосон Оросын бардам засгийн газар, гуравт нь алан хядах ажиллагааны  аюул занал байна. Charlie Hebdo редакцид довтолсон, саяхны Парисын аллагууд нь давтагдахгүй гэх баталгаагүй.

 

Дөрөвт нь Ойрхи Дорнод ба Хойд Африкийн дүрвэгсдийн урсгал.  2016 онд хэчнээн хүн Европт орж ирэхийг хэлэхэд хэцүү. Гэхдээ дүрвэгсдийн тоо эрчимтэй өсөхийг үгүйсгэхгүй. Дүрвэгсдийн хямралтай тэмцэхийн тулд ЕХ-ны саяхны хил хязгаарт  хяналт тогтоох шаардлагатай.  Мөн дүрвэгчийн статус олгох ажиллагааг түргэтгэх шаардлагатай. Орогнол аваагүй хүмүүсийг яаралтай нутаг буцаах хэрэгтэй байна. Дүрвэлтийн гол шалтгаан Ойрхи  Дорнодын сөргөлдөөн, Сирийн дайныг зогсоох нь амар биш хэрэг юм.

 

Тавд, Их Британи ЕХ-ноос 2016 оны бүх нийтийн санал асуулгын дараа гарч магадгүй асуудалтай ЕХ тулгарна.

 

Крымыг өөртөө нэгтгэсэн, Украины зүүн хэсгийн  сөргөлдөөнд оролцож байгаагийн эсрэг Орост тавьсан хоригийн хувьд гэвэл  тэр шийдэгдээгүй байхад  түүнийг  цуцлах нь утгагүй боолно. Гэхдээ Минскийн  гэрээг биелүүлсэн тохиолдолд хоригийг  сулруулж болох талтай.

 

Энэ жилд “Исламын улс” бүлгийг номхотгох нь ээдрээтэй асуудлуудын нэг байх болно. ИУ оршин байгаа нь бүрэлдээгүй Ойрхи Дорнодын болон Хойд Африкийн орнуудын  асуудал биш энэ бол мусульман оршин суугчид ихтэй барууны орнуудын  дотоод асуудал болж байна.

 


 

Керим Хас

 

Туркийн “Олон улсын стратегийн судалгааны байгууллагын” (USAK) Евроазийн бодлогын төвийн шинжээч Керим Хас:

 

Зөвлөлт задарснаас хойш Орос-Туркийн харилцаа  ноцтой хямралд орлоо. Бүсийн асуудаар зөрөлдөж байсан ч  хоёр талын яриа хэлцэл ердийн хэмжээнд явагдаж ирсэн юм. Туркийн улс төрийн элитийн ярьж байгаагаар Москва холбосон гүүрээ түймэрдэж байна.  Тэр нь эргээд хоёр талын харилцааг ноцтой болгож буй.

 

Сирийн дайн Туркийн бодлогод ноцтой нөлөөлж байгаа. Нэгдүгээр Курдын Ажилчны нам идэвхжилээ. Хоёрдугаарт, Турк өөрийн нутагт бараг гурван сая дүрвэгчдийн хүлээн аваад байна. Турк Оросын Сирид явуулж байгаа агаарын  довтолгооны ажиллагаанд ихээхэн сэжигтэй хандаж байна. Москва түүнийг өөрийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс биш, Ойрхи Дорнодод нөлөөгөө нэмэгдүүлэх зорилгоор явуулж байгаа гэдэгт Анкара итгэлтэй байна. Оросын удирдлага Сири нь Туркийн стратегийн сонирхол гэдгийг ойлгох хүсэлгүй байгаа юм.  Тэр орон бидний хувьд Украин Орост ямар байдагтай адилхан. Су-24 онгоцыг сөнөөснөөр Турк Сири дэх өөрийн сонирхлоо илэрхийлж байгаа юм. Гэхдээ үр дүн нь Анкарагийн тооцооноос өөрөөр гарлаа.

 

Алдагдсан улс төрийн итгэлцлийг  сэргээх нь маш ээдрээтэй. Хоёр орны хооронд дээд хэмжээний  төвшинд  холбоо тогтлоо гэхэд  тэр нь өнөө маргаашийн асуудал биш. Хоёр орны зөрөлдөөн нь Сирийн хямралыг шийдэхэд эсрэгээр нөлөөлнө.  Тиймээс НАТО-Орос хоёрын зөвлөлийн хүрээнд мөн цэргийн яамдын хүрээнд харилцан ажиллагааг  сэргээх шаардлагатай байгаа юм.

 


 

Кшиштоф Федорович

 

Польшийн Адам Мицкевичийн  нэрэмжит  их сургуулийн дэргэдэх институтын Дорно дахины судлалын хүрээлэнгийн профессор Кшиштоф Федорович:

 

Европын холбооны гол асуудал нь 2016 онд дүрвэгсдийн хямрал байх болно. Энэ хямрал улам хурцдах  болов уу. Дүрвэгсэд Украин, Польшоор дамжин ЕХ-нд орж ирэх  боломжтой. Үүний улмаас Унгар, Чех, Польш мэтийн  дүрвэгсдийг хүлээн авах хүсэлгүй орнуудын тоо нэмэгдэнэ.

 

Миний эх оронд 38 сая хүн амьдарч байна. Дүрвэгсдийн 8-9 мянгыг хүлээн авах шаардлагатай. Тэр  хүмүүс өөр шашин, үзэлтэй байгаа. Зарчмын хувьд тийм олон биш гэхдээ  манай улстөрчид тэдэнтэй юу хийхээ мэдэхгүй байгаа юм.

 

ЕХ-ны гол зорилго нь энэ жилд Шенгений бүсийг хадгалах явдал болно.  Үүний тулд Европын гадаад  хилийн хяналтыг сэргээх шаардлагатай.

 

Их Британи  ЕХ-ноос гарах асуудлаас гадна ЕХ ба Оросын харилцаа чухал байх болно. Минийхээр бол Оростой харилцаа улам муудах болов уу.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна