Синди Кроуфорд, Omega хоёр 20 жилийн хамтын ажиллагааны ойг тэмдэглэв

2016 оны 1 сарын 4

Супермодель Синди Кроуфорд ба Omega цагийн ордон хоёр хамтын ажиллагааныхаа 20 жилийн ойг оны сүүлчээр тэмдэглэжээ. Кроуфорд анх удаагаа швейцарь брэндийн рекламд 1995 онд гарчээ.

Тэр жил  швейцарь цагийн Omega ордон 29 настай топ-модель Синди Кроуфордыг (Cindy Crawford) өөрийн элч болгохоор урьсан байлаа. Хорин жилийн дараа буюу 2015 онд 49 настай  Кроуфорд тус ордны  ойн рекламын  кампанид ягаан алтан Seamster Aqua Terra ба Constellation Pluma загваруудын цагийг танилцуулжээ.

“Синдийн хамт бид 20 жил хамтран ажиллаж байгаад итгэх аргагүй. Бидний анх уулзсан өдрийнх шигээ л Синди  сайхан хэвээр байх юм. Эдгээр он жилүүдэд Omegaгийн хөгжилд Синди том хувь нэмрээ оруулж компанийн нэр төрийг  жинхэнэ моодны брэнд гэдгээр нь таниулахад чухал үүрэг гүйцэтгэжээ” хэмээн  Omega ордны ерөнхийлөгч Стивен Уркхарт (Stephen Urquhart) ярьж байна. “Энэ эмэгтэй бол манай гэр бүлийн жинхэнэ гишүүн бөгөөд түүний хамтран ажиллах нь бидний хувьд нэр төрийн хэрэг” хэмээн тэр нэмэн өгүүлжээ.

Синди Кроуфорд цагийн марктай хамтран ажилласныгаа “мардагдагүй адал явдал”  гэлээ. “1995 онд  би Omega-тай  хамтран ажиллаж эхлэхэд компани нь цагийн гайхалтай брэнд гэдгээ үзүүлж чадсан байлаа.  Constellation цагийг бүтээхэд хувь нэмрээ оруулсан минь  миний аз завшаан юм. Өнөөдөр Omega нэр нь тэргүүн техникийн ололт гэдгээс гадна дэгжин стиль гэдгээр танигдан сонсогдож байна” хэмээн Кроуфорд  хэлжээ.

Брэндийн элч гэдгээрээ Кроуфорд  зөвхөн рекламын зураг авалтад оролцож ирсэнгүй. Компанийн бүх л чухал арга хэмжээнд байлцжээ. Модель 1997 онд Швейцарийн Кран-Монтанд алдартнуудад зориулагдсан Omega ордны гольфын  анхны тэмцээнд нь ирж байв.  Жилийн дараа нь тэрээр маркийн 150 жилийн ойн гол зочноор Энэтхэгийн Нью-Делид очсон байлаа. 2010 онд Синди ба компанийн ерөнхийлөгч  Стивен Уркхарт  хоёр Ванкуверийн Өвлийн олимпод очсон байлаа. Тэд 2014 онд хамтдаа хараагүй хүмүүст туслах Orbis International санг нээж байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна