Марафончид олимпийн эрхийн нормативыг дахин биелүүлэв

2016 оны 1 сарын 4

Монголын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчид БНХАУ-д болсон Олон улсын марафоны тэмцээнд  амжилттай оролцож, олимпийн эрхийн нормативыг дахин биелүүлжээ. 1 дүгээр сарын 2-ны өдөр Сямынь хотод болсон "Xiamen International marathon" тэмцээнд дасгалжуулагч Б.Төрбатын удирдлага дор долоон тамирчин өрсөлдөж, ОУХМ Б.Гантулга, Б.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар олимпийн эрхийн нормативыг биелүүлсэн байна.

42 км, 195 метрийн зайн эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Д.Гантулга XI, эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Л.Отгонбаяр IX, Б.Мөнхзаяа Х байрт оржээ. Тэдний хувьд марафон гүйлтийн олимпийн эрхийн цагийн нормативыг хангасан байна.

Тодруулбал, Д.Гантулга 2 цаг 18 минут 51 секунд, Л.Отгонбаяр 2 цаг 42 минут 47 секунд, Б.Мөнхзаяа 2 цаг 18 минут 51 секундэд замаа туулжээ.

Баг тамирчид өнөөдөр Улаанбаатарт ирэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Өнгөрсөн онд болсон марафоны олон улсын тэмцээнд гавьяат тамирчин Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантулга, Л.Отгонбаяр, Б.Мөнхзаяа нар олимпийн эрхийн цагийн нормативийг биелүүлээд байгаа. Тухайн улс орноос эрэгтэй, эмэгтэй ангилалд тус бүр гурван тамирчин олимпод оролцох эрхтэй байдаг аж. Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос ирэх 7 дугаар сард албан ёсоор марафоны төрөлд оролцох тамирчдыг зарлах юм байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна