Анхаар: Цасаар шуурна

2016 оны 1 сарын 4

Монгол орны нийт нутгаар идэр есийн жавар тачигнаж байна. Энэ долоо хоногийн  пүрэв гаригаас хоёр ес эхэлсэн бөгөөд шинэ жилийн баярын үеэр тогтуун байсан цаг агаар өчигдрөөс эрс хүйтэрч, Ус цаг уурын хүрээлэнгээс зарим нутгаар цасан шуурга шуурна гэдгийг анхааруулж байна.

Тодруулбал, энэ сарын 3-наас баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, өнөөдөр, маргааш Монгол орны ихэнх нутгаар, нөгөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Өнөөдөртөө салхи Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор, нөгөөдрөөс нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Тиймээс  энэ өдрүүдэд холын тээвэрт болон малд явахдаа дулаан хувцаслах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг холбогдох газраас сануулж байна.

 Т.ТЭРГЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна