Жоргүй жар хоног

2016 оны 1 сарын 4

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлига авсан “онош”-оор оношлон хөл хорионд оруулаад жар хоносны эцэст батлан даалтад гаргаад буй.

Энэ хугацаанд сайдын суудалд суух дараагийн “дүрээр” хэд хэдэн хүний нэрс тодорсон ч суудалд заларсан нь үгүй. Хүний гавъяат эмч Л.Жамбалжав өөрийн хүсэлтээ Н.Энхбаярт уламжилж, сайд болохоор багагүй чармайсан ч Ерөнхий сайд түүнийг дараагийн Эрүүл мэнд, спортын сайдын дүр биш хэмээн үгүйсгэснээр асуудал нэг тийш болсон. Харин үүнд нь бухимдсан тэрбээр Ч.Сайханбилэгт гологддог оточ биш гэдгээ хэлсэн билээ.

Харин энэ хугацаанд Ч.Сайханбилэгийг сайдынхаа асуудлыг хуульд заасан хугацаанд оруулж ирсэнгүй, хууль зөрчлөө гэх шүүмжлэл гараад байгаа ч хоёр иртэй хутга шиг өнөөгийн хуульд яаж ч тайлбарлаж болохоор заалт бий.

Хэрэв сайд огцорсон эсвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нөхцөлд нөхөн томилгоог 30 хоногийн хугацаанд хийх ёстой гэсэн хуулийн заалт бий.

Ч.Сайханбилэг Шадар сайд Ц.Оюунбаатарт ЭМС-ын сайдын ажлыг түр хариуцуулснаас өөрөөр УИХ-д уг асуудлыг оруулж ирсэнгүй.

Энэ талаар ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Д.Мөнх-ЭрдэнэХуулийн дагуу Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал томилж, чөлөөлдөг. Одоогоор Эрүүл мэнд, спортын сайдыг УИХ үүрэгт ажлаас чөлөөлөөгүй болно. Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас чөлөөлсний дараа нөхөн томилох асуудлыг 30 хоногийн дотор шийдвэрлэхээр хуульчилсан. Иймд 30 хоногийн хугацааг тоолж ч эхлээгүй болох нь тодорхой юм” гэж мэдэгдэж байна.

Ингээд л асуудал гацжээ. Үүнээс болоод монголчуудад нэн шаардлагатай байгаа элэгний Харвони эмийг ирсэн эсэхийг ч Эрүүл мэндийн салбарынхан мэдээгүй байснаас эхлээд бишгүй асуудал гарсан.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хувьд, Шадар сайдын асуудлаар одоо ажиллаж байгаа Ц.Оюунбаатар сайд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга бид гурав сууж байгаад их олон удаа ярьсан. Н.Энхбаярыг Шадар сайдад томилж, Ц.Оюунбаатарыг ЭМС-ын сайдад томилох хувилбар юм. Хоёр дахь хувилбар нь ЭМШУИС-ийн захирал Ц.Лхагвасүрэнг санал болгосон гэдгээ хэлснээс хойш энэ талаар тодорхой хариулт өгсөнгүй.

Гэхдээ үүнийг мэдэгдэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэдгээ ч хэлсэн. Ерөнхийлөгчийн байр суурь болоод АТГ-ын магадлал Н.Энхбаярыг Шадар сайдаар тодруулж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Учир нь АТГ-аас Н.Энхбаярыг “авлигачийн” дүрээр тодруулсан хэвээрээ буй.

Ийнхүү таамаг төдий сайдын дүрийг тодруулалгүй байсаар хоёр сарын нүүрийг үзжээ. Энэ нь Ерөнхий сайдад шулуухан тулгаад явчих боломж бололцоо байхгүйн дээр МАХН-ын даргын санаархал хэвээр байсаар байгаад оршино. Ямартай ч өнгөрсөн жилийн өдийд маргаантай байсан сайдын суудлын асуудал өнөөдөр яг хэвээрээ.

Ер нь олон ашиг сонирхлын зөрчлийн огтлолцол өнгөрсөн сонгуулийн хугацаанд Засгийн газрыг тогтворгүй байлгасаар ирэв.

Ерөнхий сайд мэдэлтэйсэн бол энэ асуудал аль эрт шийдэгдэх байлаа.

Богд, Далай лам, Ванчин богд нар харилцан бие биенийхээ хойд дүрийг тодруулдаг шиг өнөөгийн засаглалын эрх мэдэл хэдэн хэсэг хуваагдчихсан, ядаж байхад засагт хамтарсныхаа төлбөрт салбар салбараа “өмчлөөд” тохирчихсон энэ засагт асуудлаа шийдвэрлэдэг нэн бэрх байгаа бололтой.

Улстөрчдийн эрх мэдэл савнаасаа халиад Х Богдыг өөр өөрсдийнхөө хувилбараар тодруулах ажиллагаа өрнөсөн тухай ч мэдээлэл байна. Юун гуя гэдэг шиг сайдын суудлын тухай ярьж байгаад Богд гэсэн шалтгаан нь улстөрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцэл арай л болоод байна шүү. Уур, омгоо татаад, Ерөнхийлөгчийн хэлдгээр “Авлига авахаа л байчих л даа”-г арай хэрэгжүүлсэн бол энэ суудал өнөөдөр эзэнтэй байх байв аа...

Эрүүл мэндийн салбарын жорыг зохицуулах сайдгүй жар хоног ийнхүү өнгөрч байна. Цаашаа хэд хоног “жоргүй” явахыг Л.Балхжав бидэн хоёр таашгүй.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна