Батлан хамгаалах салбарын 2015 оны онцлох үйл явдал

2016 оны 1 сарын 4

1. БОДЛОГЫН ШИНЭЧЛЭЛ

 

“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг шинэчлэн батлан хамгаалах тогтолцоо нь улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн цогц арга хэмжээ болохыг тодорхойлж, бодлогын чиглэл, үйл ажиллагааг нарийвчлан тусгаж, төрийн цэргийн байгуулал, Зэвсэгт хүчний бүтцийг шинэчлэн хуурай замын цэрэг, агаарын цэргийг байгуулан бэхжүүлэх, салбарын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн байгууллагуудын нэгдмэл ажиллагааг хангах чиглэлээр батлан хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг сайжруулав.

 

2. ӨРГӨЖИН БЭХЖИЖ БУЙ ЗЭВСЭГТ ХҮЧИН, ЧАДВАР ТЭЛСЭН БЭЛТГЭЛ СУРГАЛТ

 

Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Батлан Хамгаалахын Их Сургууль, Батлан Хамгаалах Аж Үйлдвэрийн Нэгдэлийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн бэхжүүлэв.

 

Монгол Улсын бүх 330 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нартай "Цэргийн бэлтгэл сургуулилт"-ыг амжилттай зохион байгуулав. 2015 онд нийт 12 олон улсын болон хамтарсан сургалт, дадлагыг амжилттай зохион байгуулсан байна.

 

 

“Хааны эрэлд-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагад 22 улс орны1200 гаруй цэргийн алба хаагчид оролцлоо. Тактикийн хээрийн сургуульд 8 улсын нийт 14 салаа оролцсоноос Азийн орнуудаас БНХАУ, Япон Улс, БНФУ, БНЧУулсууд анх удаагаа салаа оролцуулж, харилцан туршлага солилцон өөрсдийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн.

 

Монгол Улс, ОХУ-тай “Сэлэнгэ-2015”, БНХАУ-тай “Анчин бүргэд-2015”, Америкийн Нэгдсэн Улстай "Баланс мажик", Бүгд Найрамдах Турк Улстай "Нүүдэлчин дайчид", Япон улстай “Зам-2015” сургалт, дадлага сургуулиудыг амжилттай зохион байгууллаа.

 

Архангай, Говь-Алтай аймагт шинээр Барилга, инженерийн батальон байгуулах, Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 110 дугаар салбарыг Барилга, инженерийн батальон болгон өргөтгөх, Энхийг дэмжих ажиллагааны бригадын штаб байгуулах, Баян-Өлгий аймагт Зэвсэгт хүчний II шатны эмнэлэг байгуулах, “Тусгай томилолтын уулын батальон”тус тусбайгуулах шийдвэр гаргаад байна.

 

"Монгол цэрэг бүтээн байгуулалт" хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас цэргийн алба хаагчдыг эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.

 

Батлан хамгаалах яамнаас 2015 оныг "Ахлагчийн жил" болгон зарласан билээ. Энэ хүрээнд ч хэд, хэдэн бүтээлч ажил хэрэгжүүлэн ажиллалаа.

 

3. ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН ЭНХИЙН АЖИЛЛАГАА

 

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо жил ирэх тусам нэмэгдэж, 2002 оноос хойш давхардсан тоогоор 12 000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэснээс одоогийн байдлаар 1185 цэргийн алба хаагч нь ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна.

 

 

Өнөөдрийн байдлаар Афганистан Улсад явагдаж буй олон улсын цэргийн ажиллагаанд 346, АНУ-ын Төвийн командлалын төлөвлөлтийн бүлэгт 3, НҮБ-ын энхийг сахиулах 6 ажиллагаанд 895, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх 1, НҮБ-ын ЭСАГ-ын Цэргийн харилцааны хэлтэст 1, нийт 1185 цэргийн алба хаагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Манай улсын энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ удирдах төвшинд ч байр сууриа бэхжүүлсээр байгаа юм. НҮБ-ын Өмнөд Судан дахь “UNMISS” ажиллагааны Хойд секторын командлагчаар ажилласан бригадын генерал Д.Баярсайханы албанд хурандаа С.Амарсайхан үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа бол НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт Энхийг сахиулах асуудал эрхэлсэн офицероор дэд хурандаа Г.Болор ажиллаж байна.

 

Мөн онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Аюулгүй байдлын хамтын ажиллагааны Форумыг Монгол Улс даргалах хугацаанд ЕАБХАБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт БХЯ-наас томилогдсон цэргийн зөвлөх ажилласан. Украйн дахь ЕАБХАБ-ын ажиглагчдын тусгай багийн бүрэлдэхүүнд Монголын мэргэжилтэн үүрэг гүйцэтгэсэн байна.

 

4. ЦЭРГИЙН ХҮМҮҮЖИЛ-ЗАЛУУСЫН ДУУРАЙЛАЛ

 

Бүх нийтээр цэргийн алба хаах хүрээнд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж, 1000 орчим оюутныг хамрууллаа.

 

 

Батлан хамгаалах яам, Монголын Үндэсний их сургуультай хамтран ажиллах хүрээнд анхны "Цэргийн эрдмийн тэнхим"-ийг тус сургуульд байгууллаа.

 

Цэргийн албыг олон нийтэд сурталчлах, залууст эх оронч хүмүүжил олгох зорилгоор МҮОНРТ, ТВ9 телевизтэй хамтран "Эх орны төлөө", "Монгол Улсын төлөө зүтгэе" цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэсээр байна.

 

5. ИХ ЯЛАЛТЫН ТҮҮХИЙГ БИЧИЛЦСЭН МОНГОЛ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигын дагуу Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жил, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэв.

 

Аугаа их Эх орны дайнд Зөвлөлтийн ард түмний байгуулсан ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Москва хот, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Бээжин хотод болсон цэргийн ёслолын жагсаалд Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид анх удаа оролцлоо.

 

 

 

Эдгээр баярын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа нар хүндэт зочноор уригдан оролцов.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 235 ахмад дайчин Төрийн дээд одон медалиар, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Монгол Улсын 300 гаруй ахмад дайчид "Эх орны дайны ялалтын 70 жил" ойн медалиар, БНХАУ-ын дарга Си Зиньпин зарлигаар Монголын таван ахмад дайчин болон Бээжин хотод болсон цэргийн ёслолын жагсаалд оролцсон Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн "Чөлөөлөх дайны ялалтын 70 жил" ойн медалиар энгэрээ мялаалаа.

 

6. ДАЙЧИН НӨХӨРЛӨЛИЙН ҮЛ ТАСРАХ БУУХАЙ

 

Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн ээлжит 7 дугаар хуралдааныг зохион байгуулж, ОХУ-аас Монгол Улсад үзүүлэх цэрэг-техникийн тусламжаа үргэлжлүүлэх, хугацааг сунгахаар тохиролцов.

 

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ОХУ-д айлчлал хийж, Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К.Шойгутай хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг идэвхижүүлэх тухай ярилцлаа.

 

ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа ОХУ-д ажлын айлчлал хийж “Армия 2015” олон улсын цэргийн наадамд оролцон ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, армийн генерал В.В.Герасимовтой уулзаж, хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

 

ОХУ-аас 2015 онд 2 удаагийн цуваагаар 50 гаруй нэгж байлдааны техник нийлүүлэв.

 

7. МӨНХИЙН ХӨРШ, ИТГЭЛТЦСЭН ТҮНШ

 

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Чан Ваньцюань Монголд албан ёсны айлчлал хийв.

 

 

БНХАУ-аас манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, буцалтгүй тусламжийн хүрээнд 13,0 сая юанийн үнэ бүхий 22 нэгж барилга зам инженерийн техник, хэрэгслийг хүлээлгэн өглөө.Шинээр 40 сая юанийн тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

 

Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Дуу бүжгийн чуулга 106 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчдийн манай улсад хийх тоглолтыг амжилттай зохион байгууллаа. Уран бүтээлчид 10 өдрийн туршид Улаанбаатар хот, Дархан–Уул аймаг, Налайх дүүрэгтхийв.

 

8. УЛС ТӨР-ДИПЛОМАТЫН ТЭРГҮҮН ШУГАМАНД

 

Монгол Улс, БНТУ-ын Засгийн газар хоорондын цэргийн хамтын ажиллагааны хэлэлцээр, сургалт зохион байгуулах хэлэлцээрийг 2015 онд байгуулж, уг хэлэлцээрийн хүрээнд 3 сая турк лира тэмцэх хэмжээний буцалтгүй тусламжийг авахаар болоод байна.

 

Хоёр улсын Батлан хамгаалах яам хоорондын долдугаар зөвлөлдөх уулзалт амжилттай боллоо.

 

Монгол Улсад Турк, БНСУ-ын Элчин сайдын яаманд Цэргийн атташийг алба нээгдэв.

 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон БНТУ, БНФУ, БНСинУ-д айлчлал хийв. Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр ОХУ, БНХАУ, БНСУ, ИБУИНВУ, БНФУ, БВУ, БНСУ, Австрали, Япон Улс-д, яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар АНУ, Канад, БНТУ, БНПУ-д, ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа Япон улс болон АНУ-ын АНДЦК-д айлчлав.

 

ХБНГУ, АНУ, Турк зэрэг улс орнууд зэр зэвсэг, техник хэрэгслийн тусламж үзүүллээ.

 

9. НИЙГМИЙН ХАМГААЛАЛ-БҮТЭЭЛЧ ШИЙДЭЛ

 

Батлан хамгаалах салбарт алба хаагчдын орон сууц, анги салбарын байрыг шинэчлэхэд анхаарч ажиллалаа. Нийслэлд цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууц, албан тушаалын 63 айлын орон сууц, Баян-Өлгий аймагт 40 айлын, Завхан аймагт 24 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.

 

 

Тэмүүжин-Өрлөг сургуулийн хичээлийн шинэ байр, Ховд аймагт Сургалтын төв, Зэвсэгт хүчний Энхийг дэмжих Сургалтын нэгдсэн төвд 400 цэргийн алба хаагчийн байр, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хооллох заалны барилга, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн дивизионы барилга, “М” байгууламжийн зарим барилгыг ашиглалтад оруулав.

 

Цэргийн алба хаагчдыг орон сууцжуулахаар алба хаагчдаа ипотекийн зээлд хамруулахаар "ХААН" банк, Төрийн орон сууцны корпораци, Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллаж байна. Түүнчлэн орон сууц худалдан авахад туслах зорилгоор цөөнгүй цэргийн алба хаагчдад 10 хувийн урьдчилгаа олгох асуудлыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар шийдвэрлэв. Цэргийн алба хаагчдад зориулсан албан тушаалын 25 айлын орон сууцыг зах зээлийн үнээс хямдралтайгаар худалдан авахаар тохиров.

 

Зэвсэгт хүчинд АНУ-аас “UBM” барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборыг худалдан авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газраас гаргаад байна. Энэхүү цогцолборыг Зэвсэгт хүчинд ашиглахаас гадна бусад салбарын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд ашиглах юм.

 

Монгол-Австрийн хэлэлцээрийн дагуу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэнэмнэлэгт хөнгөлөлттэй зээлээр дөрвөн тасгийг иж бүрэн шинэ тоног төхөөрөмжөөр хангалаа.

 

10. ТӨРИЙН АЛБАНЫ ТӨЛӨВШИЛ, ШИНЭТГЭЛ

 

Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Батлан хамгаалахад туслах нйигэмлэлтэй хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.

 

Улсын хэмжээнд зохион байгуулагдсан "Төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагуудын ажлын зохионбайгуулалтын үзлэг"-т Батлан хамгаалах яам амжилттай оролцож, хоёрдугаар байр эзлэв.

 

Төрийн байгууллагын илт тод байдал, иргэдэд нээлттэй байх зарчмын хүрээнд батлан хамгаалах салбарын тухай 2000 гаруй нийтлэл, нэвтрүүлэг, сурвалжлагыг олон нийтэд хүргэж ажиллалаа.

 

Батлан хамгаалах яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь шинэ бүрэлдэхүүнээр ажиллаж, салбарын эрдэм шинжилгээ, судалгааны хүрээнд тулгамдсан 6 асуудлыг шийдвэрлэв. Мөн батлан хамгаалах салбарт Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл байгуулагдсаны 20 жил ой тохиосноороо онцлогтой.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Ц.ЦОЛМОН